“ЕБС-ийн сурагчдын хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө (2021-2023)” -ний хэрэгжилтийн явцад хийсэн хөндлөнгийн үнэлгээ
Судалгааны хураангуй
2020-2021 онд Монгол улс ковид-19 цар тахлаас үүдэн хичээл, сургалтын үйл
ажиллагаагаа танхимаар хааж, зайнаас боловсрол сургалтын үйл ажиллагааг зохион
байгуулсан. Үүний үр дүнд дэд бүтцэд холбогдоогүй 178.000 хүүхэд ямар нэгэн байдлаар
боловсролд хамрагдаагүй гэсэн албан тоо мэдээ гарсан. Алслагдсан газар амьдардаг,
малчин өрхийн, хөгжлийн бэрхшээлтэй, сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой
гээд хэдэн мянган хүүхэд боловсролын хоцрогдолд орсон албан бус мэдээтэй. Сургууль,
цэцэрлэгийг хааснаар сурагчид боловсролын хоцрогдолд ороод зогсохгүй нийгэм-
сэтгэлзүйн асуудлууд, хоол тэжээлийн дутагдалд орж, гэр орондоо, олон нийтийн газар
аюул эрсдэлд өртөж байсныг бид мартах ёсгүй юм.
2021 оны 5 дугаар сард БШУЯ-ны сайдын А/190 дугаар тушаалаар батлагдсан ковид-19
цар тахлаас үүдэлтэй сурагчдын хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах зорилготой
“Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх,
арилгах цогц төлөвлөгөө (2021-2023)” батлагдсан байдаг. Боловсрол эвсэл уг
төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хөндлөнгийн үнэлгээ хийхдээ гишүүн байгууллагууд,
салбар зөвлөлүүд, Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбооны гишүүдийн
тусламжтайгаар монгол орон даяарх 1200 гаруй багшаас цахимаар мэдээлэл цуглуулж,
сонгогдсон аймаг, сум, дүүргийн ЕБС-ийн захирал, сургалтын менежэр, нийгмийн
ажилтан, мэргэжлийн багш нар болон БШУЯ, БСҮХ, олон улсын байгууллагуудын
мэргэжилтнүүдтэй ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийсэн. Улмаар үнэлгээний
тайлангаа боловсролын оролцогч талуудтай зөвлөлдөн үр дүнгээ баталгаажуулсны үр
дүнд олон нийтэд хуваалцаж байна.