НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ
АРД ТҮМНИЙ ЭЛЧ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ХЗДХЯ-ны САЙД Х.НЯМБААТАР ТАНАА
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд Монгол Улсын Үндсэн хуульд тодорхойлсон “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх тухай” эрхэм зорилго болон иргэдийн “эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, төрийн үйл хэрэгт оролцох” ҮНДСЭН ЭРХ-ийг баталгаажуулж чадахгүй байна. Иймд Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүд та бүхнийг нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж эдгээр хуулийн төслийг буцаахыг хүсч байна.
Учир нь эдгээр хуулийн төслийг боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуульд заасан үе шатуудыг хангаагүй бөгөөд ялангуяа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж, санал аваагүй болохыг цохон тэмдэглэж байна.
Хуулийн төсөлд нийгэмд үйлчилдэг, хүний эрх, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, бодлогын нөлөөллөөр дагнан ажилладаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа зогсоход хүрч, иргэний нийгмийн орон зай хумигдах, үндсэн эрхийнхээ дагуу хөгжиж буй ТББ-уудын хөгжлийг нь боомилох олон эрсдэлт, сөрөг үр дагавар авчрах заалтууд тусгагджээ. Үүний тод жишээ бол “Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл”-ийг байгуулж, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд төрийн хяналт, оролцоо, үнэлгээний тогтолцоо бий болгохоор тусгасан байгаа нь “төрөөс хараат бус” байх Үндсэн хуулийн үзэл баримтлал алдагдахад хүргэж байна.
Иймд тус хуулийн төслийг буцаах бидний хүсэлтийг хүлээн авч, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн бус байгууллагын тухай хуульд шинэчилсэн найруулга хийх замаар, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах саналыг ТББ-уудын зүгээс хүргүүлж байна. Үүний тулд дараах арга хэмжээг нэн даруй авах нь зүйтэй байна.
НЭГ. Төрөөс иргэний нийгмийг хөгжүүлэхэд баримтлах бодлогын баримт бичгийг олон талт төлөөлөл бүхий ажлын хэсэг гарган, нийгэмд өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэн, батлах нь зүйтэй байна.
ХОЁР. Одоогийн эрх зүйн тогтолцоонд ашгийн бус салбарыг явцуу хүрээнд тодорхойлж, хуулийн этгээдийн олон янзын зохион байгуулалтыг тусгаагүйн улмаас гарч буй гажуудлыг засах буюу Иргэний хуулийн тодорхойлолтыг өргөжүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд ТББ болон бусад ашгийн бус зорилготой бусад хуулийн этгээдүүдийн төрлийг нэмж тусгана уу.
ГУРАВ. Өнөөгийн үйлчилж буй Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулж, ТББ байгууллага гэсэн ойлголтыг хадгалан үлдээснээр Монгол Улс иргэний нийгмийг хөгжүүлэх зорилгодоо алхам урагшилж чадах юм. Ингэхдээ тус хуулийн үзэл баримтлал болон төслийг боловсруулах бүхий л үе шатын мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэж, өргөн хүрээний оролцоо, хэлэлцүүлгийг зохион байгуулах өнөөгийн тогтолцоонд тулгамдаж буй бүртгэл, ил тод байдал, хяналт хариуцлага, төрөөс хараат бус байх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх боломжтой болох билээ.
Нээлттэй захидлыг санаачлагч Бодлогод залуусын хяналт ТББ нь бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд залуусын утга учиртай оролцоог нэмэгдүүлж, тогтвортой хөгжил бүхий хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн алсын хараагаа тодорхойлон 2014 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. |