UIH.mn/PetitionӨргөдөл санаачлахМиний өргөдөл
Нэвтрэх
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан -д хаягласан өргөдөл
Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарыг огцруулъя!
Т.Амарзаяа   19473 дэмжсэн

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар”-ыг үерийн улмаас амиа алдсан иргэдийн өмнө хариуцлага хүлээлгэж үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг шаардсан өргөдөл

Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүл, аюулгүй амьдрах эрхтэй бөгөөд энэхүү эрхийг баталгаатай хангах үүргийг Монгол Улсын төр иргэдийнхээ өмнө хүлээх үүрэгтэй билээ. 

Харамсалтай нь 2023 оны 7,8-р сард болсон үерийн улмаас иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдлууд цөөнгүй гарав. Ялангуяа 2023 оны 8-р сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21, 27-р хорооны нутаг дэвсгэр (Дарь-Эх)-т болсон үерийн улмаас 4 иргэн алтан амиа алдав. Иймд дараах үндэслэлээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуцлага хүлээлгэнэ үү. 

  1. Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32-р зүйлд заасан “Засаг даргын бүрэн эрх”- болон 33-р зүйлд заасан “Гамшгаас хамгаалах албаны чиг үүргийг” хангалттай хэрэгжүүлээгүй. Улаанбаатар хотод үерийн гамшиг удаа дараа тохиолдож байгаа ч үүнээс туршлага авч дараагийн аюулаас урьтаж иргэдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан мэдэгдэх, сэргийлэх ажлын бэлтгэлийг хангаагүй. Үүнээс болж Монгол улсын 4 иргэн амь насаа алдаж, олон иргэд эд хөрөнгө, эрүүл мэндийн хохирол амссан.
  2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65.1.3.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлээгүй гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн гэх үндэслэлийн хүрээнд 2023 оны 7-р сарын 5-ны өдрийн Засгийн газрын ээлжит хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд үерийн нөхцөл байдалтай холбогдуулж “Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс төвийн зургаан дүүрэгт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон.
    Үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авах, хүч нэмэгдүүлж ажиллахыг” үүрэг болгосныг биелүүлээгүй.

Түүнчлэн Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян нар хуулиар хүлээсэн үүргээ хангалттай гүйцэтгэж чадаагүй тул эдгээр албан тушаалтнуудад тохирох хариуцлага хүлээлгэхийг Монгол Улсын нийт иргэдийн өмнөөс хүсэж байна. 

  1. Засгийн газрын тухай хуулийн 20-р зүйлийн 5-д Монгол Улсын Шадар сайд гамшгаас хамгаалах үндсэн үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадсангүй. 
  2. Онцгой байдлын ерөнхий газрын даргын хувьд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 16-р зүйлд заасан Гамшгийн харилцаа, зарлан мэдээллийг зохион байгуулах ажлаа хийсэнгүй. 

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүний хувиар дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцож, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг иргэний хувиар хичээнгүйлэн хүсэж байна. Ялангуяа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хот төлөвлөлтийн асуудлаар мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнийг Нийслэлийн засаг даргаар сонгож, томилохыг шаардаж байна. Ийм алдаа, зөрчлийг даруй зогсоож, хариуцлага тооцох арга хэмжээг авах нь Ерөнхий сайдын үүрэг билээ. 

 

 

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах