Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Н.Монсор, Ж.Золзаяа нарыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо
2023-05-04

         УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Монсор, Ж.Золзаяа нарыг томиллоо. УИХ-ын гишүүд МҮОНРТ-ийн контентыг сайжруулах, орчин үеийн, шинэлэг бүтээл, нэвтрүүлэг цацах, эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгоход анхаарах шаардлагатайг тэмдэглэж байв. Түүнчлэн тус телевизийн улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийнхөө тайланг танилцуулах хэрэгтэйг гишүүн Ж.Батсуурь онцолсон. Мөн телевизийн менежментийг сайжруулж, цомхон бүтэцтэй болгох талаар хөндөж байв.

Нэр дэвшигч Н.Монсор “Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар Үндэсний зөвлөлийн хийх ёстой ажлыг тодорхой заасан. Олон улсын сайн засаглалын стандартаар бол би ТУЗ-ийн гишүүнд, нөгөө талаас олон нийтийг төлөөлж нэрээ дэвшүүлж байгаа. Хэрэв би томилогдвол тус телевизийн зорилт, стратегийг батлах (жил бүр баталдаг), улиралд нэгээс доошгүй удаа болох хуралдахад идэвхтэй оролцож, бусад гишүүнтэй асуудлаа ярилцаж, санхүү, эдийн засаг, эрүүл мэндийн боловсрол олгох контентыг төлөвлөгөөнд тусгах чиглэлээр ажиллана” гэв.

Нэр дэвшигч Ж.Золзаяа “Нэр дэвшигч Н.Монсортой санал нэг байна. Мөн телевизийн менежментийг сайжруулах, сайн засаглалыг бий болгох нь нэн тэргүүнд чухал. Түүнчлэн телевизийн уран бүтээлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалинг нэмэгдүүлэх, хувь хүний хөгжилд анхаарах чиглэлээр ажиллана. Мөн инновац, технологийн чиглэлийн контент бэлтгэхэд анхаарна” гэв.

 

Бэлтгэсэн: Uih.mn