Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг сонсголыг даргалав. Сонсголын эхэнд хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Төрийн байгуулалтын байнгын хорооноос Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хийхээр товлож, зарыг 32 хоногийн хугацаанд олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж нээлттэй оролцохыг урьсныг дурдаад Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас хоёр хүний нэрийг дэвшүүлж Улсын Их Хуралд ирүүлсэн бөгөөд энэхүү сонсголоор нэр дэвшигчид уг албан тушаалд нэр дэвшсэн үндэслэл, мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд тэнцэх эсэх, уг албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар мэдээлэл авах зорилготойгоор сонсголыг зохион байгуулж байгаа талаар танилцуулав.
Дэгийн дагуу сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг нэр дэвшигчдийг танилцууллаа.
Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд Засгийн газраас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Жаргалсайханы Золзаяа нь 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. 2001 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, 2005 онд Отгонтэнгэр их сургууль, 2019 онд Монгол Улсын Их сургуулийг тус тус төгссөн. Герман хэлний орчуулагч багш, маркетингийн мэргэжилтэй, Бизнесийн менежментийн магистр. 2007 -2008 онд “Монгол -Германы гүүр” төрийн бус байгууллагын төслийн зохицуулагч, 2008-2010 онд “Залуу маркетер” төрийн бус байгууллагын тэргүүн, 2011-2014 онд “Монголын маркетеруудын холбоо” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2001 оноос “Дримерс нэгдэл” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж тэргүүнээр нь тус тус ажиллаж байгаа аж. Мөн 2016 оноос “Жи Си Ай Импакт” салбар байгууллагын гишүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, сенатороор ажиллаж байсан бөгөөд 2018 оноос “Стартап Маркетинг Спэйс” ХХК-ийг үүсгэн байгуулж Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг.
Нэр дэвшигч Нямдаваагийн Монсор нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 1998 онд Ерөнхий боловсролын 48 дугаар сургууль, 2004 онд Шинжлэх ухаан, технологийн их сургууль төгссөн. Программ хангамжийн инженер мэргэжилтэй. 2005-2006 онд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын мэдээлэл хангамжийн менежер, 2006-2007 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт даргын туслах, 2007-2010 онд Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яаманд мэдээлэл хангамжийн менежер, 2010 оноос “Юу Эм Си Альфа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Улаанбаатар Ассет Менежмент” ХХК-ийн захирал, “Мандал дижитал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, “Мандал лайф” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Мандал ирээдүйн өсөлт” сан болон “Мандал хуримтлал хамтын сан”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилладаг байна.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн нар оролцов.
Дэгийн дагуу нэр дэвшигч нар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гишүүнээр томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа тухай өөрсдийн танилцуулга хийв. Нэр дэвшигч Н.Монсор, хувийн хэвшлийн салбарыг төлөөлж Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж байгаагаа илэрхийлээд сүүлийн 10 гаруй жил эдийн засаг, санхүүгийн чиглэлээр олон нийтийн байгууллагад ажилласан туршлагатай тул Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн менежмент, санхүүгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах болно гэв. Хэрэв Үндэсний зөвлөлийн гишүүнээр дэмжигдвэл олон нийтийн санхүүгийн боловсрол олгох контент дээр түлхүү зөвлөж ажиллах болон контент бүтээхэд олон улсын судалгааны зарчмууд дээр тулгуурлан ажиллахаа илэрхийлэв.
Нэр дэвшигч Ж.Золзаяа, 2008 оноос хойш бизнес болон олон нийтийн байгууллага, залуучуудын байгууллагад ажилласан туршлагатай гээд Монголын маркетингийн салбарт хувь нэмрээ оруулан, салбарын залуучуудыг нэгтгэх, мэргэжлээ сурталчлах чиглэлээр олон улсын хурал, чуулганыг зохион байгуулж ирсэн бөгөөд Монгол Улсаа сурталчлах Hollywood in Mongolia арга хэмжээний ерөнхий зөвлөх, Цагдаагийн Ерөнхий Газраас зохион байгуулсан, олон нийтэд урьдчилан сэргийлэх кампанит ажилд зөвлөгөө өгч ажилласны зэрэгцээ, контент, кино урлагийн салбартай холбоотойгоор таван киноны гүйцэтгэх продюсер, маркетинг, хөрөнгө босгон ажилласан талаараа танилцууллаа. Мөн тэрбээр менежментийн чиглэлээр сүүлийн долоон жил гарааны болон жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр зөвлөгөө өгөх, хөрөнгө оруулалт босгох, бойжуулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, санал санаачилгыг дэмжих чиглэлээр ажиллаж, нийт 150 мянга гаруй залуучуудад сургалт зөвлөгөө өгч, энэ хугацаанд 200 гаруй бизнесийг дэмжиж 1000 гаруй ажлын байр шинээр бий болгож ажилласан талаараа дурдав. Мөн цахим шилжилтийн хүрээнд хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулж, мэдээлэл технологийн гарааны бизнесүүдийг дэмжин ажиллаж байна гэв. Менежмент, мэдээллийн технологи, маркетингийн чиглэлээр ажилласан туршлага дээрээ үндэслэн Олон нийтийн радио, телевизэд дараах хэд хэдэн зүйлийг хийхээр төлөвлөснөө танилцуулав. Үүнд, олон нийтийн радио, телевизийн дижитал шилжилтэд хувь нэмрээ оруулна, тус байгууллагын хамт олон, уран бүтээлчдийг бүтээмжийг сайжруулахад чиглэсэн орчин үеийн арга, аргачлалыг ашигласан сургалтуудыг хийхэд дэмжлэг үзүүлж анхаарч ажиллана мөн хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн технологи, шинжлэх ухаан, инновацийн чиглэлээр хүүхэд, залуучуудад зориулсан танин мэдэхүйн шинэлэг контент хийхэд хувь нэмрээ оруулна гэв. Хэрэв Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдвол ёс зүй, эв нэгдлийг эрхэмлэж ажиллахаа илэрхийлэв.
Ажлын хэсгийн тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат танилцуулсан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Ажлын хэсэг нийт 9 хүний материал хүлээж авснаас 4 хүний материал хуулийн шаардлага хангаагүй, шаардлага хангасан 5 хүнээс сонгон шалгаруулалтаа хийж, нэр дэвшигч Н.Монсорыг техник технологи, Ж.Золзаяаг эдийн засаг, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас сонгож нэр дэвшүүлж байгаа талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгөв.
Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар, Н.Энхболд, Д.Сарангэрэл нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, олон нийтийн радио, телевизийн одоогийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа олон нийтийн чиг хандлагад хэр нийцэж байна вэ, олон нийтийн радио телевизийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай юу, тухайн байгууллагын дижитал шилжилт хийгдээгүй хэсэг байгаа эсэх, хэрвээ тоон технологи нэвтрээгүй хэсэг салбар байгаа бол хэрхэн шилжүүлэх вэ, нээлттэй зарласан 32 хоногийн хугацаанд нэр дэвшигчидтэй холбоотой асуулт, санал шүүмжлэл ирсэн эсэх, бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн эсэх, олон нийтийн радио телевизийн хараат бус байдалд нөлөөлөх эрх ашгийн зөрчил бий эсэх талаар тодрууллаа.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад нэр дэвшигч Н.Монсор, хэрэв Олон нийтийн радио телевизийн гишүүнээр дэмжигдэн ажиллах тохиолдолд тухайн байгууллагын төлөвлөгөө, тайлан тооцооны асуудалд Үндэсний зөвлөлийн гишүүдтэйгээ хамтран шийдвэр гарган оролцоно, бүтэц, зохион байгуулалтын хувьд одоогоор өөрчлөх гэсэн тодорхой санал байхгүй, үйл ажиллагаатай нарийн танилцаж улам илүү сайжруулах, бүтээмжийг өндөр болгох тал дээр анхаарч ажиллах болно гээд орчин үед контент бүхэлдээ гар утасруу шилжсэн, иймд технологийн хувьд энэхүү шилжилтийг хэрхэн зөв хийх вэ, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн архив, сан хөмрөгийг хэрхэн аюулгүй хадгалж, хамгаалах вэ гэдэгт анхаарах болно гэв. Харин нэр дэвшигч Ж.Золзаяа, дижитал шилжилт гэдэг бол зөвхөн сошиал медиа биш бөгөөд үзэж, сонсож байгаа хүн бүрт хүртээмжтэй ажил, амьдралыг нь илүү хялбар болгох технологийг хэлж байгаа тул Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийг хаанаас ч, хэзээ ч үзэж, сонсох тийм орчныг бүрдүүлэх нь дижитал шилжилт гэж харж байгаа, иймд энэ чиглэлд өөрийн хувь нэмрээ оруулж ажиллахаа илэрхийлэв. Мөн тухайн байгууллагын стратеги, зорилго, бүтэц, зохион байгуулалтыг дахин эргэж харах шаардлагатай гэж үзэж байна хэмээн хариуллаа.
Нэр дэвшигч Н.Монсор, Ж.Золзаяа нар бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийгээгүй, хувьцаа эзэмшдэггүй, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д. Сарангэрэл, Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлд залуучуудын төлөөлөл орж ирж байгаа нь сайн хэрэг гээд тухайн байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар онцлогтой байгууллага вэ гэдгийг сайн судлах хэрэгтэй гэдгийг сануулав. Тухайлбал, Улсын Их Хурал, Засгийн газар тухайн үед асуудлыг шийдэж Монголын Үндэсний Олон нийтийн телевизийг бүрэн тоон системд шилжүүлсэн бөгөөд Монголын Үндэсний Радио тоон системд шилжих процесстоо явж байгааг дурдав. Түүнчлэн Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз нь олон чадварлаг уран бүтээлчидтэй байгууллага. Иймд уран бүтээлчдийг бүх талаас нь дэмжих, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талаас нь ажиллах ёстой. Тус байгууллагын Үндэсний зөвлөлийн талаар шүүмжлэл их гардаг. Ажил хаях тохиолдол ч гарч байсан. Үндэсний зөвлөл нь дотроосоо Хяналтын зөвлөл ажиллуулдаг. Аливаа зүйлийг дотроос нь хянадаггүй, хөндлөнгөөс хянадаг. Үүнийг харин нэр дэвшигчид анхааралдаа авч ажиллах нь чухал. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл нь тус байгууллагын бодлогыг зохицуулах, тодорхойлох үүрэгтэй гэдгээ ойлгох хэрэгтэй хэмээн зөвлөв.
Хуралдааны төгсгөлд, сонсгол даргалагч Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, 2022 оны гуравдугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулагдан Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз, түүний Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Энэхүү ажлын хэсэг Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, олон нийтийн радио, телевизийн бодлого, үйл ажиллагаа нь олон нийтийн эрх ашигт нийцэж буй эсэхэд дүгнэлт гаргах, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа шалтгаан, нөхцөлийг тогтоох, Төрийн аудитийн байгууллагын тайланд үндэслэн Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн санхүүжилт, түүний зарцуулалттай танилцах, олон нийтийн радио, телевизийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгах гэсэн үндсэн таван чиглэлээр шалгалт хийж, дүгнэлт, санал зөвлөмж гаргасан талаар дурдаад энэхүү дүгнэлт, санал зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг сануулав.
Сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу, нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана, тухайн тайланг ажлын таван өдрийн дотор нэр дэвшигч, түүний санал болгосон этгээдэд хүргүүлж парламентын цахим хуудаст байршуулахыг дурдаад мөн байнгын хорооны хуралдаанд оруулж, санал дүгнэлт гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж эцсийн шийдвэр гаргах болно гэдгийг танилцуулснаар сонсгол өндөрлөв.