Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
ЭМДҮЗ-ийн зургаан гишүүнийг сонсголоор хэлэлцсэний үр дүнд УИХ томилов
2023-04-21

             УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв. Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардлын төсвийн төсөл, төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийг актуар тооцоололд үндэслэн боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэгтэй. Мөн эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үйл ажиллагааны болон удирдлагын зардлыг хянах, үнэлэлт, дүгнэлт өгөх; эрүүл мэндийн даатгалтай холбогдсон асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргийг хэрэгжүүлдэг.

             Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний жагсаалтыг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл баталдаг байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоодог аж. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах үүргийг хэрэгжүүлдэг байна. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, чанарын болон санхүүгийн хяналтын асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус техникийн хороог тухайн асуудлаар мэргэшсэн шинжээч, судлаач, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, даатгуулагчийн оролцоотой байгуулж, ажиллах журмыг батлах, холбогдох шийдвэрийг техникийн хорооны дүгнэлт, зөвлөмжид үндэслэн гаргах, хууль тогтоомжид заасан бусад үүргийг гүйцэтгэдэг аж. 

 

            Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Тус Байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцжээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн секторын эрхлэгч, Шинжлэх ухааны байгууллагын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Т.Баясгалан, Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын Нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Ш.Зоригоо, Монголын сумын эмч мэргэжилтнүүд холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэлмаа, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Н.Одонгуаг тус тус нэр дэвшүүлсэн байна.

Байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123, 126 дугаар зүйлийг баримтлан нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулжээ.

               Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.8 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшсэн гишүүний мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй туршлагын талаар мэргэжлийн хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Л.Мөнх-Эрдэнийг томилох саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжиж томилсон байна. Хараат бус шинжээч нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичигтэй танилцаж, нэр дэвшигчтэй ганцаарчилсан ярилцлага хийж, гаргасан дүгнэлтээ нэр дэвшигчийн сонсголын үеэр танилцуулсан байна.

               Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, сонсголын тайлан гаргасан. Тус тайланг Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Ц.Идэрбат Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан бөгөөд сонсголын тайланд даатгуулагчийг төлөөлсөн гишүүн нэр дэвшигч С.Эрдэнэбаяр, Т.Баясгалан, ажил олгогчийг төлөөлсөн гишүүн нэр дэвшигч Ж.Гэрэлмаа Н.Одонгуа нарыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзсэн байна. Харин ажил олгогчийг төлөөлсөн гишүүн, нэр дэвшигч Ш.Зоригоог эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн байгууллагад тодорхой албан тушаал хашдаг нь тусламж үйлчилгээ авдаг байгууллагад тодорхой даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, төлөөлөн тусламж үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлөл байж болохгүй гэсэн зарчмыг үндэслэн уг албан тушаалд тавигдах шаардлага хангаагүй гэж дүгнэсэн байна.

              Цаашид Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн нэр дэвшигчийг Улсын Их Хуралд санал болгохдоо Үндэсний зөвлөл нь санхүү эрүүл мэндийн эдийн засгийн нарийн судалгаа тооцоонд үндэслэн мэргэжлийн шийдвэр гаргадгийг харгалзан үйлдвэрчний эвлэлд олон жил ажилласан, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл гэхээс илүү нийт даатгуулагчийн эрх, хууль, ёсны, ашиг сонирхлыг хамгаалах, эрүүл мэндийн салбарын эдийн засгийн асуудлаар мэргэшсэн, мэдлэг ур чадвартай хүнийг дэвшүүлэхийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай талаар зөвлөмж хүргүүлсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч С.Эрдэнэбат, Б.Алтанхуяг, ажил олгогчийг төлөөлсөн гишүүн нэр нэр дэвшигч Ж.Гэрэлмаа Н.Одонгуа нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, даатгуулагчийг төлөөлсөн гишүүн, нэр дэвшсэн Т.Баясгалан ажил олгогчийг төлөөлсөн гишүүн нэр дэвшсэн Ш.Зоригоо нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ц.Туваан, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, Д.Сарангэрэл, Ч.Ундрам нар Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэв. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоолуудыг гаргахдаа судалгаатай, амьдралд хэрэгжихүйц шийдвэрүүдийг гаргахыг захиж байлаа. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг гүйцэтгэлийн тогтолцоонд шилжүүлсэн нь сумын эмнэлэгүүд дээр хүндрэл үүсгээд байгаа талаарх саналуудыг хэлж байв. Эл асуудалд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл анхаарал хандуулж, алслагдсан сум, орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч буй иргэдийн эрх ашгийг хангасан шийдвэр гаргахад анхаарахыг Ц.Туваан гишүүн захиж байлаа. Сумдын ихэнх хувьд үнэгүй эм очоогүй байгааг анхаарах, сумын эмнэлгийн ажилтнуудын цалин хангамж, ажиллах нөхцөлийг тооцож, Үндэсний зөвлөлөөс гаргах шийдвэрүүддээ анхаарахыг захиж байсан. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нийгмийн эрүүл мэндийн асуудлыг хөндөж, иргэдийг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарах шаардлагын талаар хэлж, төрөөс энэ чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг хэлсэн.

           Ийнхүү гишүүд Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Нэр дэвшигч С.Эрдэнэбатыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг Улсын Их Хурлын 50 гишүүний 60 хувь нь дэмжсэн бол нэр дэвшигч Б.Алтанхуягийг томилохыг 62 хувь нь дэмжив. Нэр дэвшигч Т.Баясгаланг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг Нийгмийн бодлогын байнгын хороо дэмжээгүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд Байнгын хорооны дээрх саналыг дэмжээгүй юм. Нэр дэвшигч Ш.Зоригоог Нийгмийн бодлогын байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжээгүй, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд Байнгын хорооны дээрх саналыг дэмжээгүй тул Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо. Нэр дэвшигч Ж.Гэрэлмаа, Н.Одонгуа нарыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ийнхүү Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох саналуудыг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул “Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тогтоолын эцсийн найруулгыг уншиж, нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.