Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
“Нүүрсний асуудлаарх” нотлох баримтын сонсголыг хойшлуулав
2023-04-04

              УИХ-ын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох  хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг дөрөвдүгээр сарын 10, 11, 12-нд зохион байгуулахаар товлосон. Уг сонсголыг хойшлуулахаар болсон талаар түр хорооны дарга Г.Ганболд мэдээлэл хийлээ.

               Тус хянан шалгах түр хороо өнгөрсөн есөн сарын хугацаанд шинжээч, хянан шалгагчдыг томилон ажиллуулж, төрийн болон хууль хүчний байгууллагуудаас 20 гаруй мянган хуудас нотлох баримтыг авч, сонсгол хийхээр товлосон ч Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн хүсэлтэд үндэслэн хойшлуулахаар болсон байна.

            Авлигатай тэмцэх газар “Тус нээлттэй сонсгол нь УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 33.9-д заасан  “Хянан шалгах түр хорооноос шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох, заавар өгөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна.  Нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулан Хянан шалгах түр хорооны сонсголд дуудагдаж байгаа дийлэнх гэрч нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөн Хянан шалгах түр хорооны сонсголд үнэлэх гэж байгаа нотлох баримтууд мөрдөн байцаах ажиллагааны нууц задлах, мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулах магадлалтайгаас гадна хэрэг шийдвэрлэх явцад урьдчилж сонсгол хийснээр зарим хүнийг нийгэмд гэм буруутайд тооцох зэрэг эрсдэл байна” гэж үзсэн аж.

          Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Хянан шалгах түр хороо хуралдаж, гишүүд хүсэлтийг хүлээж авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн, санал нэгтэйгээр нээлттэй сонсголыг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна. Хянан шалгах түр хороо хуульд заасан хугацаанд багтаан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг дахин зарлахаар боллоо.

Бэлтгэсэн: UIH.mn