Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч М.Пүрэвсүрэн, Н.Батчимэг, Б.Ганболд нартай танилцах сонсгол зохион байгуулав
2022-11-30

-Нэр дэвшигчтэй холбоотой мэдээлэл, санал ирүүлээгүй-

            УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг арваннэгдүгээр сарын 28-нд зохион байгууллаа. Шүүхийн тухай хуулийн 36.2 дахь хэсэгт “УИХ Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу танилцана” гэж заасан. Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) -өөс 2022 оны аравдугаар сарын 21-нд 01/1458 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Нэргүйн Батчимэгийг, 01/1459 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Бадамдоогийн Ганболдыг, 01/1460 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Мөнхөөгийн Пүрэвсүрэнг тус тус нэр дэвшүүлэн УИХ-д ирүүлсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны арваннэгдүгээр сарын 8-ны 18 дугаар тогтоолоор Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны арваннэгдүгээр сарын 28-нд зохион байгуулахаар тогтоосон.   

            Хууль зүйн байнгын хорооноос 20 хоногийн турш нэр дэвшигчтэй холбоотой мэдээлэл, саналыг хүлээн авах талаар олон нийтэд мэдээлсэн бөгөөд нэр дэвшигчтэй холбоотой мэдээлэл, санал ирүүлээгүй аж. Харин сонсголд зургаан хүн оролцогчоор, гурван иргэн ажиглагчаар бүртгүүлжээ.

 

“Албан тушаалтныг иргэдийн оролцооны үндсэн дээр томилох нь төрд итгэх итгэлийг сэргээдэг

          Сонсголыг нээж байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хэлсэн үгэндээ “УИХ-ын үндсэн зорилт бол ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангах явдал юм. Үндсэн хуулийн 30.1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн болон парламентын засаглалын энэ суурь зарчмыг хэрэгжүүлэх нэг чухал арга зам бол УИХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, холбогдох албан тушаалд нэр дэвшигчийг иргэд, олон нийтийн оролцооны үндсэн дээр томилох юм. Энэ нь нэг талдаа тухайн албан тушаалтны хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангадаг бол нөгөө талдаа иргэдийн төрд итгэх итгэлийг бий болгодог” хэмээн дурдав.

            Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах талаар тодорхой өөрчлөлт оруулсан. Үүний хүрээнд Шүүхийн тухай хуулийг баталсан бөгөөд зөвхөн мэдлэг, ур чадвартай нь шатлан дэвшдэг, эрх зүйн шинэчлэл хийснийг гишүүн Л.Мөнхбаатар тэмдэглэлээ.

Шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх ажлыг ШЕЗ дараах байдлаар сонгон шалгаруулахаар шинэчилсэн хуульд тусгасан. Үүнд

  • Нээлттэй, ил тод, хараат бус байх, хууль дээдлэх зарчмыг баримтлан зохион байгуулах
  • Шүүгчид нэр дэвшигчийн шалгалт нь хууль зүйн мэдлэг, чадварын болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас бүрдэх, хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, сорилын асуултад хариулах, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зэрэг аргаас сонгон хэрэглэж 70 хүртэл оноогоор үнэлэх
  • 50-иас дээш оноо авсан нэр дэвшигчийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад тэнцсэнд тооцож, тогтоол гарган мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оруулдаг байх
  • Мэргэшил, ёс зүй, зан төлөвийг 30 хүртэл оноогоор үнэлэх бөгөөд 20 түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг уг шалгалтад тэнцсэнд тооцох
  • ШЕЗ шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадвар болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт тус бүрд өгсөн оноо, тэдгээрийн нийлбэр онооны дарааллаар эрэмбэлэн өөрийн цахим хуудаст байршуулж, нийтэд мэдээлэх

 

            Дээрх хуулийн хүрээнд ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн шүүгчид Н.Баярмаа, Д.Батбаатар нарын нэрийг дэвшүүлж, УИХ нэр дэвшигчийн сонсголыг долдугаар сарын 4-нд зохион байгуулсан бол одоо Н.Батчимэг, Б.Ганболд, М.Пүрэвсүрэн нартай нэр дэвшигчийн сонсгол хийх гэж байгааг сонсгол даргалагч онцлов.  

Нэр дэвшигчийн сонголын үеэр УИХ-ын гишүүдээс өмнө иргэд асуулт тавьж, санал хэлэв  

Нэр дэвшигчийн сонсгол нь үндсэн хоёр зорилго агуулж байгааг Хууль зүйн байнгын хорооны дарга тэмдэглэсэн. Нэн тэргүүнд, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлагыг олон нийтэд таниулах, мэдээллээр хангах, олон нийтийг нэр дэвшигчтэй холбогдуулан санал шүүмжээ хэлэх боломжийг олгох бол удаад нь ШЕЗ хууль тогтоомжид заасан нээлттэй, ил тод, хараат бус, хууль дээдлэх зарчмыг баримтлан нэр дэвшигчийг тодруулсан, эсэхийг олон нийтэд танилцуулах боломжийг хангах зорилготой аж.

            Энэ нь нэг талдаа шүүхийг хүний нөөцөөр хангах чиг үүргээ ШЕЗ хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн биелүүлж байгааг харуулах бол нөгөө талдаа шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх чухал ач холбогдолтой гэнэ.

            Сонсголын эхэнд гишүүн Б.Пүрэвдорж дэгтэй холбоотой санал гаргав. Тодруулбал, сонсголд бүртгүүлсэн иргэд илүү мэдээлэлтэй байдаг тул УИХ-ын гишүүдээс өмнө асуулт тавьж, хариулт авах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн тул ийм дэгээр явуулсан юм.

“Нөлөөллийн мэдүүлэг хөтөлж байгаагүй”

              Хамгийн түрүүнд нэр дэвшигч Нэргүйн Батчимэгтэй хийх сонсгол эхэллээ. Н.Батчимэг нь 1975 онд Дорноговь аймагт төрсөн. 47 настай, эмэгтэй. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1983-1993 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн 10 жилийн сургууль, 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд эрх зүйч, бакалавр, 2011-2018 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. 1998-2001 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх, Шүүхийн тамгын газар туслах шүүгчээр, 2001-2010 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчээр, 2004-2010 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн ерөнхий шүүгчээр, 2010-2013 онд Дорноговь аймгийн шүүхийн шүүгчээр, 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн шүүгчээр, 2015-2016 онд Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, 2016 онд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажилласан бөгөөд 2016 оны 12 сараас одоог хүртэл Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа аж.

         Нэр дэвшигч Н.Батчимэг өөрийгөө танилцуулахдаа “Мэргэжлээрээ нийт 24 жил ажиллаж байна. Үүний гурван жилд нь туслах шүүгчээр, үлдсэн хугацаанд нь шүүгчээр ажилласан. Сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчээр гурав, ерөнхий шүүгчээр зургаа, Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 12 жил, үүнээс ерөнхий шүүгчээр зургаа дахь жилдээ ажиллаж байна. Шүүгч нь ажил мэргэжлийнхээ хувьд өсөж хөгжих боломж нь дээд шатны шүүхдээ тэнцэн ажиллах гэж үздэг бөгөөд Шүүхийн тухай хуульд заасан Улсын дээд шүүхийн шүүгчид тавигдах болзол, шаардлагыг хангасан хэмээн үзэж нэрээ дэвшүүлсэн” гэв.

Нэр дэвшигчид ямар асуулт тавьж, хариулт авсныг хүргэе.

Оролцогч Э.Баярхүү: Нотол, нотолж чадахгүй бол цагаатга гэх зарчмын талаар та ямар байр суурьтай вэ. Та шүүгчээр ажиллаж байх хугацаандаа хэнчээн хэргийг цагаатгаж, яллаж, буцаасан бэ. Шүүгчдийн ёс зүйгүй байдлын талаар их хөндөгдөх болсон. Тэгэхээр одоо ажиллаж байгаа бүх шүүгчийн үйл ажиллагааг зогсоогоод, дахин сонгон шалгаруулалт зарлах тухайд ямар саналтай байна вэ.

Нэр дэвшигч Н.Батчимэг: Эрүүгийн хуульд сүүлд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нотол, нотолж чадахгүй бол цагаатга гэсэн үзэл баримтлал туссан гэж ойлгосон. Гэхдээ үүнд зөрчилтэй тал бий. Би давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа. Ялангуяа давж заалдах шатны шүүхээс хэргийг хүчингүй болгож, буцаадаг заалтыг хүчингүй болгосон. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр заалтын 5 дугаар зүйлд (тоог андуурсан байж магадгүй) заасан давж заалдах шатны шүүхээс хэргийг хүчингүй болгох үндэслэлүүдийг өөрчлөөгүй. Тиймээс хүний үндсэн эрхийг зөрчсөн, тухайн хүний зайлшгүй эдлэх ёстой эрхийг анхан шатны шүүх эдлүүлээгүй тохиолдолд хуулийг хэрэглэхэд бэрхшээлтэй тал бий. Гэхдээ давж заалдах шатны шүүхээс хэргийг буцааж байгаа гэж би ойлгосон. Нотол, нотолж чадахгүй бол цагаатга гэдэг нь нотлох баримт бүрдүүлэх ажиллагаатай холбоотой. Хэргийг нотолсон, нотлоогүй нь тухайн хэргийн асуудал. Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн, прокурорын яллах дүгнэлтэд үндэслэсэн нотлох баримтаар тухайн хэрэг нотлогдохгүй бол шүүхээс цагаатгаж байгаа. Миний хувьд цагаатгасан хэрэг бий. Ер нь шүүхэд нотол, нотолж чадахгүй бол цагаатгах зарчим үйлчилж байгаа. Шүүхийн салбарт болохгүй байгаа зүйлийг өөрчилж, засаж, шинэлчилж байгаа. Шүүхийн тухай хуульд шүүгчийг сонгон шалгаруулах үндэслэл, журмыг нэлээд тодорхой зааж, тэр дундаа ёс зүйг нь хэрхэн үнэлэх, дүгнэх, шалгаруулах тал дээр дэвшилттэй болсон гэж харж байна. Би энэ шалгалтад тэнцсэн хүний хувьд ингэж хэлнэ. Бүх шүүгчийг дахин сонгон шалгаруулах тухайд надад тодорхой хэлэх санал алга.

Нээлттэй нийгэм форумын эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа: Нэр дэвшигчид амжилт хүсье. Та Дорноговь аймагт төрж, сурч, ажилласан юм байна. Орон нутаг жижигхэн тул ашиг сонирхлын зөрчил гарах магадлал өндөр. Хэргээс шүүгч татгалзан гарах боломжтой. Танд ийм тохиолдол гарч байсан уу. Улсын дээд шүүхийн шүүгчийн бусад шүүгчээс ялгаатай нь хууль хэрэглээний хувьд онолын болон мэдлэг чадвар өндөр байх ёстой. Өмнө нь нэр дэвшигч нар судалгаа шинжилгээний туршлагатай, хуульчдын дунд танигдсан хүмүүс байсан. Таны хувьд судалгаа шинжилгээ хийсэн туршлага бий юу. Жишээ нь, Монголын хуульчдын холбоо олон хороотой. Нөлдөөллийн мэдүүлэг бөглөж байсан уу. Хараат бус байдлыг хангахад энэ нь хэр үр дүнтэй вэ. Улсын дээд шүүхэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Шүүхийн тухай хуулийн 25.7.5-т заасан үндэслэлүүдийн дагуу хэргийг шийдэх, эсэхийг шийдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн байгаа. Үүнд та ямар байр суурьтай вэ. Үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, буцаах нь зөв үү. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг боловсронгуй болгоход тодорхой санал бий юу, олон жил ажилласан хүний хувьд.

Нэр дэвшигч Н.Батчимэг: Би нэг удаа татгалзал гаргасан. Манай хөршийн хүүхэд нэхэмжлэл гаргасан учир татгалзсан. Шүүгчдийг худалдааны эрх зүйгээр давтан сургах төслийн (2013-2017) хүрээнд зээлдүүлэгчийн эрх сэдэв дээр ажиллаж, сургагч багшаар бэлтгэгдэж, шүүгч нарт гарын авлага боловсруулахад оролцсон. Нөлөөллийн мэдүүлэг хөтөлж байгаагүй. Уг мэдүүлгийг хөтлөх талаарх хуулийн зохицуулалт нь хараат бус, хөндлөнгийн, төвийг сахьсан байр суурьтай ажиллахад чухал үүрэгтэй. Улсын дээд шүүхэд зөвшөөрөгдсөн үндэслэлүүдээр л гомдол гаргах талаар асуусан гэж ойлголоо. Энэ нь хуульчдын дунд маргаантай байна. Нэгдүгээрт, иргэдийн шүүхэд хандах эрхийг зөрчиж байна уу, хоёрдугаарт, Улсын дээд шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах гэсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд энэ нь ямар байх вэ гэсэн асуудал хөндөж байгаа. Миний хувьд Улсын дээд шүүх нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүрэгтэй учир гаргасан гомдлыг хэлэлцэх, эсэхийг урьдчилан шийдэж байгаа нь хүний эрхийг зөрчихгүй байх, шүүхэд хандах эрхийг нь хангах зохицуулалт гэж харж байгаа. Гэхдээ хуулийг боловсронгуй болгоно гэдэгт найдаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Шүүх байгуулах тухай хуулийг удахгүй Засгийн газраас өргөн барих байх. Шүүх байгуулахдаа засаг захиргааны нэгжид үндэслэх нь зөв үү, тойригийн зарчмыг баримтлах нь зөв үү. Шүүхийн тухай шинэчилсэн хуулийн хүрээнд та сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн байна. Өмнөх хуулийн зохицуулалтын хүрээнд та нэрээ дэвшүүлж байсан уу, та ямар зорилгоор одоо нэрээ дэвшүүлсэн бэ. Анхан болон давж заалдах шатны шүүхэд ажиллах нь Улсын дээд шүүхийнхээс хэр ялгаатай вэ.  

Нэр дэвшигч Н.Батчимэг: Шүүх байгуулах тухай хуулийг олон удаа өөрчилж, ялангуяа давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар хоёр удаа байгуулсан. Анхан шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулахтай би санал нийлдэггүй. Анхан шатны шүүх иргэдтэй ойр, хүртээмжтэй байх ёстой. Шүүх иргэдэд хүртээмжтэй байхыг яаж ойлгохоос шалтгаалгна. ТЬухайлбал, газар нутгийн хол ойроос уу, эсвэл шүүхийн үйлчилгээг хаанаас ч авах боломжтой, таатай нөхцөлтэй байх уу гээд. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүх байгуулах тухай хуульд шүүгчдээс санал авсан. Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нийслэлд нэг байх (захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийнхтэй адил) нь зүйтэй гэдэгт Дорноговь аймгийн шүүгчид санал нэгтэй байсан. Давж заалдах шатны ихэнх шүүх хуралд цахимаар болж байгаа. Энэ нь зардал, цаг хугацаа хэмнэдэг. Давж заалдах шатны шүүхийг нийслэлд нэг байлгах, эсвэл хэдэн хэдэн аймгийн дунд байгуулах нь зүйтэй болов уу. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг шалгалтын онооны дарааллаар жагсааж, санал болгох талаарх хуулийн заалт нь миний нэрээ дэвшүүлэх нэг шалтгаан болсон. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхэд ажилласан учраас Улсын дээд шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлж үзье гэж зорьсон.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Сонгон шалгаруулалтыг хэр шударга явуулсан бэ. “Арын хаалга” байна уу.

Нэр дэвшигч Н.Батчимэг: Би шүүгч болохын өмнө, давж заалдах шатны шүүгч болохын өмнө, давж заалдах шатны ерөнхий шүүгчид нэр дэвшиж шалгалт өгч байсан. Улсын дээд шүүхийн шүүгчид одоо нэрээ дэвшүүлж, сонгон шалгаруулалтад оролцсон хүний хувьд харьцуулж харахад нэлээд боловсронгуй болсон байна. Илүү шударга болж, оролцогчдод нээлттэй байгаа нь мэдрэгдсэн. Тухайлбал, шалгалтын материалыг битүүмжилсэн байсан, зан төлөв, ёс зүй, мэргэжил, ур чадварын шалгалтыг ярилцлага хэлбэрээр авч, ШЕЗ-ийн 10 гишүүн оролцож, нэр дэвшигч билет сугалах байдлаар 14 сорил бүхий асуултад хариулсан. Нээлттэй сонсгол нь маш их ач холбогдолтой гэж үзэж байна.

 

“Шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн хэрэгтэй холбоотой сонинд ярилцлага өгч байсан”

            Дараа нь нэр дэвшигч Бадамдоогийн Ганболдын сонсголыг явуулсан. Тэрбээр 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай, эрэгтэй. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 1986-1996 онд Улаанбаатар хотын 34 дүгээр дунд сургууль, 1996-2000 онд Их засаг хууль зүйн дээд сургуульд эрхзүйч, бакалавр, 2000-2001 онд Их засаг их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалжээ. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Б.Ганболд нь 2000-2004 онд Их засаг хууль зүйн дээд сургуульд багшаар, 2006-2008 онд Халх журам хууль зүйн дээд сургуульд багшаар, 2009-2014 онд Түшээ дээд сургуульд багшаар ажилласан бөгөөд 2006 оноос Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа талаар гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.   

                Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвших болсон үндэслэлээ Б.Ганболд танилцуулахдаа “Төрийн эрх мэдлийн хуваарилалтын онол, практикийн асуудал” сэдэвт дипломын ажил бичиж бакалаврын зэрэг хамгаалсан бол “Гэмт хэрэг зүйлчлэлийн онолын зарим асуудал” судалгааны сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ. Мэргэжлээрээ тасралтгүй 22 жил ажиллахдаа хууль зүйн их, дээд сургуулиудад багшаар ажиллан, тэнхмийн эрхлэгчийн албыг хашиж байсан.  Хууль зүйн болон боловсролын салбарт зохих хувь нэмрээ оруулсан. “Мэргэжлийн дагуу жил бүр онолын сурах бичиг зохиож, нийтийн хүртээл болгож ирсэн. Одоогоор 22 номын зохиогч. Мэргэжил эзэмшсэн цагаасаа шүүгч болох зорилго тавьж, өөрийгөө бэлтгэж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлсэн. Улсын дээд шүүхийн шүүгчийн шалгалтад тэнцэж, холбогдох шаардлагыг хангана хэмээн үзэж нэрээ дэвшүүлсэн” гэлээ.

Нэр дэвшигчид ямар асуулт тавьж, хариулт авсныг хүргэе.

Нээлттэй нийгэм форумын эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа: Та ямар хичээлийг түлхүү заадаг вэ. Судлаачийн хувьд мэргэшсэн сэдэв тань юу вэ. Өмгөөлөгчөөр 20 гаруй жил ажилласан гэсэн. Олны анхаарлын татсан ямар хэрэгт та өмгөөлөгч хийж байсан бэ. Хэвлэл мэдээлэлд хандаж хэргийн талаар мэдээлэл өгсөн тохиолдол бий юу. Ийм асуудалд ямар байр суурьтай байдаг вэ. Шүүхийн сахилгын хороонд ямар нэг гомдол гаргаж байсан уу. Ямар зөрчилтэй холбоотойгоор гомдол гаргасан бэ. Улсын дээд шүүхэд хэрэг маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотойгоор хэрэг маргааныг хүлээж авах тал дээр маргаан үүссэн. Та үүнд ямар байр суурьтай вэ. Эрүүгийн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 2017 онд батлахад мэргэжилтний хувьд хэр оролцсон бэ. Эрүүгийн хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар шийдэх зохицуулалт хэр нөлөөтэй вэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн талаар үнэлгээ өгөхгүй юү.

Нэр дэвшигч Б.Ганболд: Эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын хичээлийг би түлхүү зааж байсан. Эрх зүй судлал, хүний эрх өмгөөлөл гэх зэрэг онолын ном бичсэн. Одоо багшаар ажиллахгүй байгаа. Өмгөөлөгчийн хувьд улс төрийн болон сенсацитай хэргүүдэд ажилласан тохиолдол цөөн. Энэ асуулт миний танилцуулга дээр дурдсан хэрэгтэй холбоотой юм шиг байна. Нэг хэрэг дээр шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн хэрэгтэй холбоотой сонинд ярилцлага өгч байсан. Хэргийн хохирогчийн гэр бүлийн хүн Монголын хуульчдын холбоонд гомдол гаргасан бөгөөд мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм зөрчөөгүй байна гэж үзэн, хэрэгсэхгүй болгосон. Би ямар нэгэн шүүгчийн талаар гомдол, санал гаргаж байгаагүй. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн асуудлаар урьдчилан дүгнэлт хийх боломжгүй байна. Гэхдээ Улсын дээд шүүх зарим гомдлыг хүлээж авч, заримыг нь буцааж байгаа тохиолдолд завсрын шинжтэй шийдвэрүүд гаргадаг олон улсын практик бий. Хэрэв Улсын дээд шүүхийг гомдлын шүүх гэж үзэж байгаа бол завсмрын шинжтэй шийдвэрүүд гаргаж болно гэж үзэж байна. Эрүүгийн эрх зүйн сонирхон судалдаг хүний хувьд хуулийн төслүүдэд тогтмол бичгээр саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлдэг. Саналыг минь хүлээн авч байгаад талархдаг. Дүрэм, журам хэм хэмжээний хувьд хуулиар нарийвчилсан зохицуулалт хийх ёстой. Манайд хуулиас давсан олон журам гаргадаг нь хүндрэл учруулдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зайлшгүй хийх шаардлага байдаг уу гэвэл тийм. Ихэнх улсад давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг буцаадаггүй учраас анхан шатны шүүхийн шатанд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр уг асуудлыг шийддэг. Тиймээс энэ нь байх ёстой гэж үзэж байна. Эрүүгийн болон эрүүгийн процессын тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр санал, шүүмж бичиж, ном гаргаж, хэлэлцүүлэгт очиж, үг, саналаа хэлдэг хуульчдын нэг нь би. Тиймээс олон саналыг богино хугацаанд хариулах боломжгүй байна. Миний ах дүү, хамаатан саднаас төрийн байгууллагад ажилладаг нэг нь хүн байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, УИХ-д ажилладаг ойр дотнын хүн байхгүй.   

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх танилцах сонсгол нь их онцлогтой. Сонсголын зорилгыг хүмүүс ойлгодог болсон. Шүүлтүүрдэх, хянахын тулд танилцах ажиллагаа явуулж байна гэсэн үг. Иргэд, олон нийтээс тухайн нэр дэвшигчтэй холбоотой санал ирүүлсэн, олон нийтийн анхаарлын төвд орсон тохиолдолд сонсголын үеэр УИХ-ын гишүүд идэвхжиж, асуултууд тавьдаг. Бидний хувьд муу хүн оруулж ирэхээс сэргийлдэг. Сүүлийн үед “бараан”, хар намтартай хүмүүс нэрээ дэвшүүлэхгүй байна. Өмнө нь УИХ-ын гишүүд нэр дэвшигчид асуулт тавьсан, тавиагүй хамаагүй цаагуураа шийдчихсэн юм гэнэ лээ хэмээдэг байсан. Одоо бол “эргэлзээтэй” нэр дэвшигчийг олон нийтийн өмнөөс хар тамга дарж, томилуулахгүй байх ч боломжтой.  

“Олны анхаарлыг татсан хэргийг хянан шийдвэрлэхэд дайралт ирсэн тохиолдол бий”

            Сүүлд нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэнгийн сонсголыг  хийв. Сонсгол даргалагч Л.Мөнхбаатар нэр дэвшигчийн талаар танилцууллаа. М.Пүрэвсүрэн нь 1982 онд Өвөрхангай аймагт төрсөн. 40 настай, эрэгтэй. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1989-1998 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр арван жилийн сургууль, 1998-2003 онд Их засаг их сургуульд эрх зүйч, бакалавр, 2011-2014 онд Их засаг их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалжээ. 2003-2004 онд “UB даатгал” ХХК-д хуулийн зөвлөх, 2004 онд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэст шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2007 онд Улсын дээд шүүхийн Тамгын газар шүүгчийн туслах, 2007-2012 онд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд шүүгчээр, 2012 онд Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгчээр, 2012-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос одоог хүртэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа аж.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвших болсон үндэслэлийнхээ талаар М.Пүрэвсүрэн танилцуулахдаа “2015 онд Солонгос Улсад шүүхийн тогтолцоо, захиргааны удирдлагын чиглэлээр, 2016 онд Тайланд Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах арга техникийн чиглэлээр, 2020 онд Итали Улсад санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагааны арга техникийн талаарх мэргэжлийн сургалтад тус тус хамрагдсан. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвших болзол, шаардлагыг бүрэн хангасан хэмээн үзэж нэрээ дэвшүүлсэн” гэлээ.

Нэр дэвшигчид ямар асуулт тавьж, хариулт авсныг хүргэе.

Нээлттэй нийгэм форумын эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа: Олны анхаарлыг татсан хэрэг маргааныг хянан шийдвэрлэх тохиолдолд олон нийтээс дайралт ирэх тохиолдол гардаг. Дайралтад өртсөн тохиолдол гарч байсан уу. Дайралт нь ихээхэн хортой. Нөлөөллийн мэдүүлэг бөглөж байсан уу. Судалгаа шинжилгээний чиглэлээр ямар туршлагатай вэ. Нээлттэй нийгэм форумаас шүүхийн шийдвэрт дөрвөн жилийн турш дүн шинжилгээ хийж байна. Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, шүүхийн шийдвэрийн чанарыг дээшлүүлэх зорилгоор шүүхийн тодорхой хэрэг маргааныг сонгон судалдаг. Эдгээр тайлантай танилцаж байсан уу. Эрүүгийн практикт хууль хэрэглээний талаасаа судалгаа шаардлагатай ямар зүйл байна вэ. Эрүүгийн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг сайжруулахад тодорхой санал байна уу. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хэр үр нөлөөтэй вэ.

Нэр дэвшигч М.Пүрэвсүрэн: Олны анхаарлыг татсан хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүгч нарт дайралт ирдэг. Надад ч тохиолдож байсан. Гэхдээ ноцтойгоор хүлээж авдаггүй. Шүүгч хүн иймэрхүү дайралтыг даван туулах чадвартай болдог юм байна. Гэхдээ ийм дайралт байх ёсгүй. Шүүгчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байгууллагууд арга хэмжээ авч байх нь зүйтэй. 15 жил шүүгчээр ажиллахад нөлөөллийн мэдүүлэг хөтөлж байгаагүй. Нээлттэй нийгэм форум, Оюуны инновац байгууллагын хамтран гаргасан Шүүхийн индекс-2021 судалгааны индекстэй танилцсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь ялангуяа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маш их ач холбогдолтой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг хууль зөрчиж цуглуулсан оролцогчийн эрхийн зөрчил байгаа, эсэхийг тогтооход ач холбогдолтой. Хэрэв ийм зөрчил гарсан бол шүүхийн ажиллагааг цааш үргэлжлүүлэхгүйгээр тухайн хэргийг цаг алдалгүй буцааж гарсан зөрчлийг арилгуулахад хэрэгтэй. Нөгөө талаас шүүх хуралдааны тов тогтоох буюу хуралдааныг олон дахин хойшлуулах, иргэдэд хүндрэл учруулах, шүүхэд итгэх итгэлийг бууруулахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг сайжруулах санал хэлье. Хэрэг хянан шидвэрлэх ажиллагааг түргэн шуурхай, чирэгдэлгүй явуулах үүднээс мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, үүнийг ашиглаж цуглуулсан баримтыг нотлох баримтаар тооцох зохицуулалт хэрэгтэй. Мөн мэдүүлэг өгөх, оролцогчдыг дуудахад заавал прокуророор дамжуулах, ирээгүй тохиолдолд шүүхийн зөвшөөрлөөр албадан ирүүлэх нь хүмүүст чирэгдэл учруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулах нөхцөл үүсгэдэг.