Үндэсний номын сангийн барилгын ажлын талаар нээлттэй сонсгол явуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний номын сангийн барилгын ажлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах, эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг уг асуудлаар УИХ-ын даргад ирүүлсэн бичиг болон УИХ-ын даргаас өгсөн чиглэлийг танилцуулснаар Соёлын дэд сайд М.Батбаяр болон Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нар Үндэсний номын сангийн барилгын ажлын талаар гишүүдэд тайлбар, мэдээлэл өглөө.
Дэд сайд М.Батбаяр мэдээлэлдээ дурдсан онцлох зүйлсийг танилцуулъя.
- Үндэсний номын сангийн шинэ барилга, өргөтгөлийн зураг төсөв нь анх 2013 оны арваннэгдүгээр сарын 11-ний 1290/2013 дугаартай Магадлалын нэгдсэн дүгнэлтээр 12.1 тэрбум төгрөгөөр батлагдаж, 2019 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 2075/2019 дугаартай Магадлалын нэгдсэн дүгнэлтээр 16, 19 тэрбум төгрөгөөр тус тус хянагдсан. Барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас /хуучнаар/ “Акми Холдинг” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 21-нд 3/206 тоот 11.999,8 сая төгрөгийн гэрээ байгуулж ажилласан. Түүнээс хойш нийт таван удаа гэрээний үргэлжлэх хугацааг сунгасан.
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /хуучнаар/ болон “Акми Холдинг” ХХК-ийн хооронд 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны 3/206+5 тоот 6,900.2 сая төгрөгийн нэмэлт гэрээ байгуулснаар гэрээний нийт дүн 18,900.0 сая төгрөг болж өссөн. Мөн 2022 оны төсвийн тухай хуулиар төсөвт өртөг 1 тэрбум төгрөгөөр нэмэгдэн, нийт төсөвт өртөг 19,900.0 сая төгрөг болж, тухайн онд санхүүжих дүн 2,081.8 сая төгрөгөөр батлагджээ.
- Одоогийн байдлаар барилгын А, Б, В блокын өрлөг, дээвэр, дотор шавар, хар шал, гадна бохир усны шугамын угсралтын ажил, шилэн фасад, чулуун фасад, метал фасад, дотор цахилгааны ажил, дотор холбоо дохиолол, халаалт салхивчны ажил, хөргөлтийн шугамын сүлжээ, лифтний зам тогтоох, гадна холбооны сувагчлал, гадна цахилгааны кабелийн зэрэг ажлыг хийжээ.
- Барилгын хөгжлийн төвийн 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны 1953/2021 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлтээр тус барилгын гадна фасадны металл өнгөлгөөний 1873.7 м2 бүхий тоо хэмжээгээр нэмэгдэж, 794,815,385 төгрөгөөр хянагдсан.
- Нэмэлт гэрээ болон гэрээний хугацаа сунгах шийдвэрийг 2022.02.17-нд гаргасан ч “Акми холдинг” ХХК-аас нэмэлт гэрээний гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх боломжгүй тул эхний ээлжид гэрээний хугацааг 2022 оны наймдугаар сарын 1 хүртэл сунгасан.
- Үндэсний номын сангийн барилгын гүйцэтгэгч компанийн захирал нь таалал төгсөж, компанийн өвлөгч /удирдлага/-ийн асуудал шийдвэрлэгдээгүйгээс хэвийн үйл ажиллагаа алдагдаж, компани эрх зүйн чадамжгүй, санхүүгийн эх үүсвэргүй болсон, асуудал өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна.
- Соёлын яамнаас 2022 оны зургадугаар сард ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч байгууллагатай үе шатны хуваарь гарган ажилласны дээр гүйцэтгэх захирал Г.Ганбилэг /түр орлон гүйцэтгэж буй/ болон төлөөлөлд албан бичиг хүргүүлж, барилгын ажлыг шуурхайлж, ашиглалтад өгөх талаар үүрэг чиглэл өгсөн боловч тус компанийн албан ёсны удирдлага тодорхой болоогүйн улмаас ажлыг эхлүүлээгүй. Соёлын яамнаас асуудлаа шуурхай шийдвэрлэж ажлаа явуулах талаар тус компанийн төлөөлөлтэй 10-аас дээш удаа уулзсан ч эцсийн шийдэлд хүрээгүй байна.
- Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 5-ний хуралдаанд тус барилгын талаарх мэдээллийг танилцуулж, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цуцлах, мөн барилгын интерьер заслын ажлын зардалд 2 тэрбум төгрөгийг төсөвт тусгах санал танилцуулсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдааны 44 дүгээр тэмдэглэлээр барилга угсралтын ажил нь 80 хувиас дээш гүйцэтгэлтэй зарим барилгыг дуусгах талаар хууль тогтоомжийн хүрээнд зохих арга хэмжээ авахыг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан байна.
- Соёлын яамнаас 2022 оны наймдугаар сарын 26-ны 3/2479 тоот албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг тус ХХК-ийн холбогдох хүмүүст хүргүүлж, хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ болон үлдэгдэл ажлыг тооцож авах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Үндэсний номын сангийн захирал Ч.Ичинхорлоо Үндэсний номын сангийн шинэ барилгыг ашиглалтад оруулснаар дэлхийн шинжлэх ухаан, технологийн сүүлийн ололтод тулгуурласан сан хөмрөг бүхий олон улсын номын сангийн стандарт шаардлага хангасан бүх насныханд үйлчлэх номын сантай болох талаар мэдээлэл өгөв.
Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, үг хэллээ. Дараа нь Үндэсний номын сангийн барилгын ажлаар ерөнхий хяналтын нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй.