Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
НДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга
2022-04-11

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний дараах нэр дэвшигчийг Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын ажил олгогч эздийн холбооноос санал болгожээ. Тэдний танилцуулгыг хүргэе. 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос НДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлсэн Хуяг овогтой Буянжаргал нь хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг. НДҮЗ-ийн гишүүнээр томилогдвол албан журмын даатгуулагчид болон сайн дурын даатгуулагчдыг төлөөлж нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хөндлөнгийн хяналт тавих, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх зэргээр ажиллахаа танилцуулгадаа дурджээ. Тэрбээр мөн Нийгмийн даатгалын сангийн “Капитал” банканд хадгалуулж байгаад алдсан мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх талаар идэвхи зүтгэл, санал санаачлага гарган ажиллахаа бичсэн байна. 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос НДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлсэн Бархас овогтой Баяраа нь Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар 2016 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа аж. Хэрвээ томилогдвол нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг нарийвчлан тогтоож, тэтгэвэр, тэтгэмж, хувийн нэмэлт тэтгэврийн болон олон тулгуурт тэтгэврийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг судалж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар танилцуулгадаа бичжээ. 

 

Монголын ажил олгогч эздийн холбооноос НДҮЗ-ийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлсэн Рэнцэндорж овогтой Сансармаа нь бизнесийн удирдлага мэргэжлээр Санхүү эдийн засгийг дээд сургуулийг төгссөн. 2000 оноос хойш өнөөг хүртэл “Траст Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Хэрвээ томилогдвол хувийн хэвшлийн салбарт, тэр тусмаа эдийн засгийн тэргүүлэх салбар болох хөдөө аж ахуйн салбарт 2000 оноос хойш ажилласан туршлага, мэдлэгтээ үндэслэн холбогдох хууль, эрх зүйн актуудад санал өгөх, нийгмийн даатгалын бодлогод ажил олгогчдын саналыг тусгуулах, мөн өөрийн гишүүнчлэл бүхий МҮХАҮТ, Монголын хүнсчдийн холбоо, Монголын махны холбоо зэрэг төрийн бус байгууллагын гишүүдийн мэдээлэл солилцох гүүр болж ажиллах боломжтойг танилцуулгадаа бичжээ. Мөн тэрбээр сүүлийн долоон жилээр тэтгэвэр тогтоож буй аргачлалыг таван жилийн дунджаар бодох талаар санал өгөх, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг олон улсын сайн туршлагад тулгуурлан бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин 18-23 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, оюутны болон сурагчийн ширээнээс ажлын байранд шилжиж буй залуучуудын даатгалын хураамжийг эхний таван жилд тэглэх, цаашид нас насны хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын ялгаатай тогтолцоонд санал өгөх чиглэлээр ажиллахаа дурджээ.