УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос дөрөвдүгээр сарын 18-ны 16 цагт Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа.
Тус зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн хоёр гишүүнийн орон тоонд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус тус дэвшүүлсэн байна. Сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалж, ЭМДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн нэр дэвшигчдийг танилцуулав.
Замбал овогтой Цогтгэрэл нь 2001 онд Нийгмийн ухааны дээд сургуулийг багш, судлаач мэргэжлээр төгсөж, 2012 онд Удирдлагын акедеми “Төрийн удирдлагийн мэргэшүүлэх”, 2019 онд Отгонтэнгэр их сургууль эрх зүйч мэргэжлээр баклавр, 2020 онд Хөдөлмөр НХД сургуулийг магистр зэрэгтэй тус тус төгссөн. 2001-2012 онд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуульд багш, 2012 оноос одоог хүртэл Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд ажиллаж байгаа аж.
Чагнаа овогтой Нарантуяа нь 2001 онд Хөдөлмөрийн дээд сургууль, 2013 онд Хөдөлмөрийн дээд сургууль/магистр/, 2018 онд Отгонтэнгэр их сургуулийг тус тус дүүргэсэн.1983 онд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, 1987 онд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны бичээч, бичиг хэргийн эрхлэгч, 1994 онд Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны бичээч нарийн бичгийн дарга, 2000 онд Орхон аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, 2009 онд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга, 2022 онд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албыг тус тус хашиж байна.
“ЭМДҮЗ-ийн гишүүн нь хариуцлагатай шийдвэр гаргадаг учир шаардлагатай мэдлэг, ур чадвартай байх ёстой”
Дараа нь нэр дэвшигчид ЭМДҮЗ-ийн гишүүнээр сонгогдвол ямар ажил хийж чадах, хэрхэн ажиллах талаараа 10 минутад багтаан танилцуулав. Мөн нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий хараат бус шинжээчээр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаас гишүүдийн олонхын саналаар томилогдсон А.Батбаяр дүгнэлтээ танилцууллаа.
Нэр дэвшигчдийн талаарх дүгнэлт: УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 08 тоот тогтоолоор ЭМДҮЗ-д даатгуулагчийн дийлэнх олонхын эрх ашгийг хамгаалсан гишүүнд нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагад дүгнэлт өгөхөөр томилогдсон. Үүний дагуу нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичигт дүн шинжилгээ хийж, нэр дэвшигчтэй ярилцлага зохион байгуулан, мэдлэг шалгах сорил авсны үндсэн дээр хараат бус шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд тус зөвлөлийн гишүүнээр ажиллахад мэдлэг, мэргэшил, ур чадварын хувьд шаардлага хангахгүй, ажлын туршлагын хувьд шаардлага хангасан, ёс зүйн хувь ямар нэгэн зөрчилгүй гэсэн дүгнэлт өгсөн байв. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу ЭМДҮЗ нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлого, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, чанар, төлбөрийн хяналт, эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалт, сангийн санхүүгийн удирдлага зэрэг маш хариуцлагатай мэргэжлийн шийдвэр гаргадаг бөгөөд харин нэр дэвшигчид нь дээрх чиглэлүүдээр анхан шатны мэдлэггүй байгааг дурдсан байв.
Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуулиар Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 1.4 их наяд төгрөгөөр батлагдсан бөгөөд энэ нь улсын нэгдсэн төсвийн 8 хувьтай тэнцэж байна. Энэхүү хөрөнгийг ЭМДҮЗ-ийн шийдвэрээр захиран зарцуулж, хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагуудаас худалдан авч санхүүжүүлдэг. Иймд ЭМДҮЗ-ийн гишүүн нь эдгээр хариуцлагатай шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, мэргэшил, ур чадвартай байх ёстой боловч нэр дэвшигчид дээрх шаардлагыг хангахгүй байгааг дурдсан байлаа. Цаашид ЭМДҮЗ-д нэр дэвшигчдэд тавих шалгуурыг нарийн тогтоох, нэр дэвшигчдийг нээлттэй сонгон шалгаруулах эрх зүйн орчныг бий болгох нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, засаглалын ил тод байдлыг хангах, даатгуулагчдад ээлтэй, оновчтой шийдвэр гаргахад маш чухал ач холбогдолтой гэж үзэж байгааг хараат бус шинжээч А.Батбаяр дүгнэлтдээ онцолсон байв.
Нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: ЭМДҮЗ-д зөв хүмүүсээ сонгон, зөв хяналт тавьж ажиллах нь уг санг эрүүлжүүлэх суурь болно. Нэр дэвшигчдээс асууя. Эрүүл мэндийн эдийн засаг, нийгмийн эрүүл мэндийн удирдлага, үйлчилгээний багц, үүнийг тойрсон санхүүжилт, тооцоо арга зүйд суралцсан уу. Энэ ажлыг хийнэ гэх итгэл байгаа юу.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу ЭМДҮЗ нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлого, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, чанар, төлбөрийн хяналт, эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалт, сангийн санхүүгийн удирдлага зэрэг маш хариуцлагатай мэргэжлийн шийдвэр гаргадаг. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэргэжлийн хүмүүсийг нэр дэвшүүлэн оруулж ирэхийг хүссэн.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: МҮЭХ нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд хариуцлагатай хандах ёстой. Хөндлөнгийн хараат бус шинжээч эдгээр нэр дэвшигчийг тэнцэхгүй гэдгийг дүгнэсэн. Бидний зүгээс шинжээчид огт нөлөөлөөгүй.
Нэр дэвшигчид “Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо нь төлөөллийн байгууллагын зэрэгцээ хамтын шийдвэр гаргадаг. Бидний ард мэдээ, мэдээллээ цаг алдалгүй өгвөл ажиллаад явах баг байгаа. Мөн цаашид ЭМДҮЗ-д орж ажиллахаар бол үйл ажиллагааг нь шинэчлэхийн төлөө явна” гэж байлаа.
Сонсголын дэгийн дагуу сонсголд оролцогчдын зүгээс нэр дэвшигчдэд асуулт тавьж, хариулт авсны дараа санал хэлж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Үндэсний зөвлөлийнхөн өнгөрсөн хугацаанд хүмүүсийн сэтгэлд хүрэхээр ажиллаж чадаагүй. Хувийн эмнэлэг, улсын эмнэлгийг ижил тарифаар санхүүжүүлэх, өрхийн эмнэлэгт даатгалын үйлчилгээг нэвтрүүлсэн тул эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийг дэмжихэд анхаарч ажиллахыг захъя.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Хараат бус шинжээч одоогийн үйлчилж байгаа хуульд тогтоолд тааруулан нэр дэвшигчдийн хариултыг хангалтгүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл. Шинжээчийн дүгнэлтэд эдгээр нэр дэвшигчид ажлын туршлагын хувьд шаардлага хангасан, ёс зүйн хувьд ямар нэгэн зөрчилгүй гэж дурдсан байгаа нь сайшаалтай. Өнгөрсөн хугацаанд гишүүдийн ёс зүй, хандлага, хараат бус байдлын хувьд алдаа дутагдал гарсан талтай. Зарим гишүүд мэргэжлийн хүмүүс оруулж ирэх боломжтой, эсэхийг лавлаж байсан ч эдгээр нэр дэвшигчийн хувьд МҮЭХ-ны 70, 80 мянган хүнийг төлөөлөн сонгогдон гарч ирсэн хариуцлагаа ухамсарласан төлөөлөл.
Оролцогч Ц.Товуусүрэн: Нэр дэвшигчид хэрэв томилогдвол нийтийн эрх ашиг, даатгуулагчийн эрх, ажил олгогчийн эрх гэсэн гурван огтлолцлыг бодож ажиллах шаардлагатай.
Сонсголыг хааж УИХ-ын гишүүн С.Чинзориг үг хэлэв. Тэрбээр “УИХ-ын хяналт шалтгалтын тухай хуулийн дагуу уг нээлттэй сонсголыг зохион байгуулж байгааг тодотгоод, нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланг байнгын хороонд танилцуулна” гэж байлаа
Нэр дэвшигчдийг томилсонгүй
УИХ-ын чуулганы зургадугаар сарын 10-ны хуралдаанаар ЭМДҮЗ-ийн чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүн П.Анужин танилцуулсан. Түүний танилцуулгад дурдсанаар Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдийн олонх З.Цогтгэрэл, Ч.Нарантуяа нарыг ЭМДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилохыг дэмжээгүй аж.
УИХ-ын чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед нэр дэвшигч З.Цогтгэрэл, Ч.Нарантуяа нар хүрэлцэн ирээгүй. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ирж оролцоогүй буюу УИХ-д хүндэтгэлгүй хандсан үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн дагуу зохих хариуцлага ногдуулахыг УИХ-ын Тамгын газарт үүрэг болгов.
З.Цогтгэрэл, Ч.Нарантуяа нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Томилох нэр дэвшигч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналыг авч чадаагүй бол эрх бүхий албан тушаалтан өөр хүнийг нэр дэвшүүлэх хуультай.