УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсгол зохион байгууллаа.
Байнгын хорооны гишүүдийн ирц бүрдсэнээр сонсголыг 12.50 цагт эхлүүллээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сонсголыг даргалж, сонсголын зорилго болон дэгийг танилцуулснаар нэр дэвшигч Х.Буянжаргал, Б.Баяраа, Р.Сансармаа нарын талаар товч мэдээлэл өгөв. УИХ-ын гишүүд, ХНХЯ, НДЕГ-ын албан хаагчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл, иргэд уг сонсголд оролцлоо.
Нэр дэвшигчид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдвол ямар ажил хийж чадах, хэрхэн ажиллах талаараа 10 минутад багтаан танилцуулсан.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос НДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлсэн Хуяг овогтой Буянжаргал нь хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдвол албан журмын даатгуулагчид болон сайн дурын даатгуулагчдыг төлөөлж нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хөндлөнгийн хяналт тавих, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх зэргээр ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр мөн Нийгмийн даатгалын сангийн “Капитал” банканд хадгалуулж байгаад алдсан мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх талаар идэвхи зүтгэл, санал санаачлага гарган ажиллахаа илэрхийллээ.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос НДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлсэн Бархас овогтой Баяраа нь Төмөр замчдын үйлдвэрчний Эвлэлийн холбооны даргаар 2016 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа аж. Хэрвээ томилогдвол нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг нарийвчлан тогтоож, тэтгэвэр, тэтгэмж, хувийн нэмэлт тэтгэврийн болон олон тулгуурт тэтгэврийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг судалж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зэргээр ажиллахаа илэрхийлэв.
Монголын ажил олгогч эздийн холбооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлсэн Рэнцэндорж овогтой Сансармаа нь бизнесийн удирдлага мэргэжлээр Санхүү эдийн засгийг дээд сургуулийг төгссөн. 2000 оноос хойш өнөөг хүртэл “Траст Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Хэрвээ томилогдвол хувийн хэвшлийн салбарт, тэр тусмаа эдийн засгийн тэргүүлэх салбар болох хөдөө аж ахуйн салбарт 2000 оноос хойш ажилласан туршлага, мэдлэгтээ үндэслэн холбогдох хууль эрхзүйн актуудад санал өгөх, нийгмийн даатгалын бодлогод ажил олгогчдын саналыг тусгуулах, мөн өөрийн гишүүнчлэл бүхий МҮХАҮТ, Монголын хүнсчдийн холбоо, Монголын махны холбоо зэрэг төрийн бус байгууллагуудын гишүүдийн мэдээлэл солилцох гүүр болж ажиллах боломжтой гэлээ. Тухайлбал, сүүлийн долоон жилээр тэтгэвэр тогтоож буй аргачлалыг таван жилийн дунджаар бодох талаар санал өгөх, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг олон улсын сайн туршлагад тулгуурлан бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин 18-23 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, оюутны болон сурагчийн ширээнээс ажлын байранд шилжиж буй залуучуудын даатгалын хураамжийг эхний таван жилд тэглэх, цаашид нас насны хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын ялгаатай тогтолцоонд санал өгөх зэргээр ажиллахаа илэрхийлэв.
НДҮЗ-ийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий хараат бус шинжээчээр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаас гишүүдийн олонхын саналаар Д.Далхжавыг томилжээ. Тэрбээр дүгнэлтээ танилцуулав.
Дүгнэлт гаргахдаа нэр дэвшигчид хэдэн жил хэр зэрэг тогтвортой ажилласан, байгууллага нь ямар үндэслэлээр дэвшүүлсэн болон тухайн нэр дэвшигчийн мэргэшил, туршлага, ур чадвар зэргийг харгалзсаныг Д.Далхжав тодотгов. Тэрбээр нэр дэвшигч тус бүрийн талаар гаргасан дүгнэлтээ танилцуулсан.
Түүний дүгнэлтэд дурдсан онцлох мэдээллийг хүргэе.
Нэр дэвшигчдийн танилцуулга, хараат бус шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авсан.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Нийгмийн даатгалын санг дампуурлын ирмэгт хүргэхэд гол нөлөө үзүүлсэн хүмүүсийг НДҮЗ-ийн гишүүд гэж үзэж байгаа. Хэрэв тус зөвлөл өмнө нь хариуцлагатай ажилласан бол арилжааны банкуудад сангийн хөрөнгийг байршуулж, алдахгүй байсан. Хараат бус шинжээчийн хөндсөн нэг асуудалтай санал нэг байна. Энэ нь яаж Нийгмийн даатгалын сангийн менежментийг сайжруулах вэ, хөрөнгийг нь нэмэгдүүлэх вэ, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хамгаалах тухай асуудал. Тэгэхээр нэр дэвшигч Буянжаргал та томилогдвол юу хийх вэ. Баяраа нэр дэвшигчийн хувийн асуудал ч гэлээ тэтгэвэрт гарах хугацаа нь дөхөж байгаа юм байна. Шинжээчийн тавьсан асуултуудад унасан байна. Яагаад ийм хүмүүсийг нэр дэвшүүлж байгаа юм бэ, Монголын үйлдвэрчний эвлэлийнхэн.
Х.Буянжаргал: Ойлголцдын зөрүү гарсан юм шиг байна. Би олон ажил солиогүй. Би 1991-2016 он хүртэл Дархан-Уулын дулааны цахилгаан станцад ажилласан. 2015 онд баталсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогод олох давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих тухай асуудлыг хөндсөн. Эв санааны нэгдэл буюу хуваарилалтын тогтолцоог яаж аятайхан хувилбараар хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх вэ гэдэг асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд ярьж байгаа. Тэгэхээр НДҮЗ-ийн гишүүний эрх үүргийн хүрээнд төрөөс гаргаж байгаа бодлого, шийдвэр, Засгийн газраас өгсөн хуулийн хүрээнд ажиллах болно.
Б.Баяраа: Би хуулийн хүрээнд хандахыг хичээдэг. Хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын багц хуульд зааснаар иргэн нь 65 нас хүртэл ажиллах боломжтой. Тэгэхээр надад ажиллах боломж бий. НДҮЗ-ийн гишүүнээр ажиллахдаа хуулийн хүрээнд, хараат бус, ил тод, шударгаар ажиллах ёстой. Үүнд тоо боддог хүн байх гэдэг талаас нь харвал зохимжгүй. Болж байгаа процессыг нийтийн өмнө ил тод байлгаж, асуудалд зөв, шударгаар оролцож, нийгэм дэх нөлөөллийг нь өндөржүүлэх тал дээр нь л анхаарч харах ёстой.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Институцыг төлөөлөх хувь хүнийг сонгох гэж байна. Ёс зүйг нь хамгийн сайн харгалзан харах ёстой. Түүнээс биш НДҮЗ-д тусгайлсан Ажлын алба, бүтэц бий. 2012-2016 онд бүх зүйл самуурсан. Тодруулбал, НДҮЗ, ЭМДҮЗ-ийг албан тушаал гэдэг утгаар харж, бялуу хуваалцсан. Сонгуулийн сурталчилгаа хийсэн хүмүүстээ тал засаж, томилсон.
Р.Сансармаа: Миний хувьд анкет бөглөхдөө алдаа гаргасан. Төрийн байгууллагаас надад 25 минутад багтаан анкетээ ирүүлэхийг шаардсан. Тиймээс миний мэдлэгийг учир дутагдалтай гэж дүгнэх нь аргагүй. 22 жилийн турш нэг байгууллагыг удирдсан хүний хувьд санхүүгийн чиглэлийн тайланг уншаад, ямар нэгэн алдааг илрүүлэх чадвар суусан.
Б.Баяраа: 10 хүрэхгүй минутын, ганц удаагийн уулзалтаар мэдлэг, ур чадварыг дүгнэсэн. Би хүний мэдлэг, мэргэшил мэдээлэл цуглуулахаас эхэлдэг гэж боддог. Ямар мэргэжлээр, аль сургуульд суралцаж, ямар мэдээлэл цуглуулав, түүнийгээ хэрхэн боловсруулав, амьдралд яаж хэрэгжүүлж, туршлага хуримтлуулав гэдгээс төгс мэдлэг суудаг гэж ойлгодог. Нийгмийн даатгалын салбарын мэдлэг, мэдээллээр би дутмаг. Гэхдээ би С.Ганбаатар гишүүний хэлдгээр төлөөлөл болж, ажиллана гэж ойлгож байгаа. Эрх зүйн түвшинд нь бий болгох ёстой бүтцэд багтаж байгаа гэж харж буй. Нээлттэй сонсголыг дэмжиж байгаа.
Х.Буянжаргал: Шинжээчтэй 10 минутын хугацаанд цахимаар ярилцсан. Техникийн саатлын улмаас миний хэлсэн үг тасалдаж сонсогдсон учир дутуу ойлгогдсон байж магадгүй. Шинжээчийн гаргалгааг харахад нийгмийн даатгалын салбарт ажиллаж байгаагүй болохоор мэдлэг, туршлагын хувьд дутуу байна гэж дүгнэх шиг боллоо. Энэ нь учир дутагдалтай байж болох юм.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: НДҮЗ нь нийгмийн даатгалын хууль, тогтоомж, тогтолцоог боловсронгуй болгох, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар санал боловсруулж, холлбогдох байгууллагуудаар шийдвэрлүүлэх, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагад хяналт тавих гэх мэтчилэн эрхтэй. Хууль, эрх зүй, санхүүгийн мэдлэгтэй хүнийг тус зөвлөлд томибол илүү ажил хэрэгчээр ажиллах юм болов уу гэж харсан. Тэгэхээр гурван нэр дэвшигчийн хувьд мэдлэг, ур чадварын хувьд зарим талаар дутагдалтай байна гэж дүгнэжээ. Х.Буянжаргал нэр дэвшигчийн танилцуулгад “Нийгмийн даатгалын сангийн Капитал банканд төвлөрүүлж алдсан мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх талаар идэвхтэй ажиллана” гэж бичжээ. Та ямар санаачилга гаргах вэ. Р.Сансармаа нэр дэвшигч “Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг олон улсын сайн туршлагад тулгуурлан бууруулна” гэжээ. Олон улсын туршлага судалсан уу. Б.Баяраа нэр дэвшигч хэрвээ томилогдвол зургаан жилийн турш ажиллана. Энэ хугацаанд таны тэтгэвэрт гарах нас таарах нь. Таны танилцуулгад “Хувийн нэмэлт тэтгэврийн болон олон хуримтлалт тогтолцооны эрх зүйн үндэсийг судалж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллана” гэжээ. Хувийн нэмэлт тэтгэврийн ямар загварын тогтолцоо Монголд байх ёстой гэж та үздэг вэ. 5 жилээр тооцож, тэтгэврийн хэмжээг тогтоодог байдлыг сэргээнэ гэж бичжээ. Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ч тэтгэвэр нь бага хэмжээгээр тогтох, огт төлөхгүй байж байгаад тавхан жилд өндөр хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж, тэтгэврээ өндрөөр тогтоолгох нь шударга байдал гэж үзэж байна уу?
Б.Баяраа: Хэрвээ би зургаан жилээр томилогдвол тэр хугацаанд 65 нас хүрвэл өргөдлөө өгч ажлаасаа гарна. Дараагийн асуултад хариулъя. 7 жил нь түрүүн хэлсэнчлэн таван жилийн тогтолцоотой л холбогдож гарч ирсэн тоо. Сүүлийн таван жилд хүмүүс өндрөөр төлөөд тэтгэвэр тогтоолгож буй талаас нь асуудлыг харж байна. Гэтэл 7 жилийн сөрөг тал нь юу вэ гэхээр жил бүр цалин нь нэмэгдэж ирсэн ажилтны хувьд шимтгэл төлсөн дундаж хэмжээ нь зөрүүтэй байдаг. 5-хан жилд хэт их өндөр төлж байгаад цензур тавих боломжтой. ОХУ-д ажил олгогч, ажилтан хоёр сайн дурын үндсэн дээр байгууллагын дэргэдэх тэтгэврийн санд шимтгэл төлж, тэтгэвэр авах нөхцөлөө бүрдүүлдэг. Олон давхаргат тогтолцоог зайлшгүй бүрдүүлэх шаардлага гарах байх. Улаанбаатар төмөр замын ажилчид нэмэлт шимтгэлийг тусгай санд төлье гэхэд Монголд үүнийг зохицуулсан хууль байхгүй гээд няцаасан. Хэрэв байгууллагын дэргэд тэтгэврийн сан ажиллавал тухайн байгууллагад хүн урт хугацаатай ажиллах, зөрчил гаргахгүй байхад хичээх давуу талтай.
Х.Буянжаргал: Капитал банканд Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 200 гаруй тэрбум төгрөгийг байршуулж байгаад алдсан. Энэ бол даатгуулагч, ажил олгогчийн хөрөнгө. НДҮЗ-ийн дүрэмд заасны дагуу хамтын удирдлагын зарчмын дагуу олонхын саналаар асуудлыг шийдвэрлэдэг. Тиймээс энэ зарчмын дагуу санаачилгатай ажиллана. Бүрэн эрхийн хүрээнд хяналт тавьж ажиллах болно.
Р.Сансармаа: Манай улсад даатгуулагч 12.5, ажил олгогч 13.5-15 хувиар тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Trading economics 2021 судалгааны эмхэтгэлийг харахад АНУ-д даатгуулагч дунджаар 8.7, Азид 8.16, Ирландад 4, Швейцарьт 6.7 хувиар тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. 18-25 насны залуучуудад тэтгэврийн даатгалыг тэглэх саналыг би бодож явдаг. Залуус такси барих, худалдаа эрхлэх буюу албан бус секторт ажиллах хүсэлтэй нь нийгмийн даатгалын хувь хэмжээ өндөр байдагтай холбоотой. Тэгэхээр тэтгэврийн даатгалыг настай нь уялдуулж тогтоох зохицуулалтыг хуульд тусгах хэрэгтэй. Энэ нь тэтгэврийн даатгалын сангийн орлогыг бууруулах биш, тэлнэ. Албан бус секторт ажиллагсад албан секторт шилжинэ.
Сонсголд оролцогчид манай улсад нийгмийн даатгалын харилцаанд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж болох, эсэх тухайд асуулт тавьж, хариулт авсны дараа нэр дэвшигчдийг санал болгосон байгууллагын төлөөлөл байр сууриа илэрхийлсэн. Сонсгол 2 цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн бөгөөд нэр дэвшигчдийн талаарх дүгнэлтийг байнгын хороо гаргаж, УИХ-д танилцуулахыг сонсгол даргалагч төгсгөлд мэдээлэв.
Нэр дэвшигчдийг томилов
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар дээрх нэр дэвшигчдийг томилох, эсэх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшсэн Рэнцэндоржийн Сансармаа, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшсэн Хуягийн Буянжаргал нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжиж, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшсэн Бархасын Баярааг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй.
Харин УИХ-ын чуулганы долдугаар сарын 7-ны нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, тэднийг томилсон. Оронд нь Хаянхярваагийн Амгаланбаатар, Төмөр-Очирын Батзул, Хуягийн Ганбаатар нарыг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын тогтоолыг баталсан м.