Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулахыг иргэний нийгмийн байгууллагууд санаачилсан. Улмаар үүнийг УИХ-ын нэр бүхий 37 гишүүн дэмжиж, гарын үсгээ зурсан бөгөөд нийтийн сонсгол зохион байгуулах саналыг УИХ-ын даргад арваннэгдүгээр сарын 19-нд хүргүүлсэн юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос холбогдох хуулийн дагуу нийтийн сонсголыг арванхоёрдугаар сарын 30-нд товлосны дагуу зохион байгууллаа.
Нийтийн сонсголд оролцогчид: УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ц.Мөнхцэцэг, Ш.Адъшаа, Х.Нямбаатар, Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Д.Сарангэрэл, Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн Г.Нарантуяа, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд, дэд дарга Р.Отгонжаргал, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Б.Батсуурь, тус газрын Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдаваа, Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ц.Лхагвасайхан, Улсын ерөнхий прокурорын газрын орлогч М.Чинбат, Улсын ерөнхий прокурорын зөрчлийн хэрэг мөрдөн бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Батболд, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хууль зүйн тасгийн дарга П.Булгамаа, Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Ууганбаяр, ажиглагч Г.Ууганбаяр, О.Тодбулаг, Ц.Адьяахишиг, оролцогч иргэн А.Пүрэвдулам, Б.Цацрал, Б.Барс, М.Хулан, Б.Батдэлгэр, С.Мөнхчулуун, Б.Баяраа, Т.Бүдээхүү, Б.Болорсайхан, А.Сандагсүрэн, Б.Мягмардорж, Б.Чулуунбаатар, Л.Ган-Од, М.Ариунболд, Д.Ичинхорлоо, Ш.Анхмаа, Б.Тэмүгэн, Р.Очирбал (18 иргэн оролцогчоор, гурван иргэн ажиглагчаар)
“2021 онд жагсаал зохион байгуулахтай холбоотой 21 зөрчил бүртгэгдсэн”
Нийтийн сонсголын эхэнд НЗДТГ-ын Хууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Б.Ууганбаяр, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа, ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Ууганбаяр нар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаар танилцуулга хийв.
ЦЕГ: Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж зөрчил, давхардлыг арилгах саналыг дэвшүүлж байна. Мөн иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар хуран цуглах эрхээ эдлэх хэлбэрийг баталгаажуулах, төр, иргэн хоорондын харилцан, хамтран ажиллах дэг горим болон жагсаал, цуглаан зохион байгуулахтай холбоотойгоор нутгийн захиргааны болон бусад төрийн байгууллагын чиг үүргийг тодорхой тусгах замаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай.
ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваагийн танилцуулгад дурдсан онцлох зүйлс
"Тайван жагсах, хуран чуулах эрх чөлөөг эдлэх баталгаа хэврэг байна”
ХЭҮК: Тайван, хүчирхийллийн бусаар явуулж буй жагсаал цуглааныг хамгаалах, дэмжих, боломж олгох үүднээс тус хуулийг сайжруулах, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг гарцаагүй тохиолдолд хязгаарлах үндэслэл, журмыг маш тодорхой хуульчлах, жагсаал, цуглааныг сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэж бүртгүүлэх зохицуулалтыг боловсронгуй болгох санал дэвшүүлж байна.
ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяагийн танилцуулгад дурдсан онцлох зүйлс
"Цар тахалтай холбоотойгоор 2020, 2021 онд ирүүлсэн мэдэгдлүүдийн ихэнхэд нь татгалзсан”
НЗДТГ: Жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж, бүртгүүлнэ, хэрэв жагсаал хийх гудамж, талбай нь 2-оос дээш сум, дүүргийн нутгийг хамарч байгаа бол Нийслэлийн Засаг даргад бүртгүүлнэ гэж хуульчилсан. Үүний дагуу иргэн, улс төрийн нам, төрийн бус байгууллагаас 2020 онд 6, 2021 онд 16 мэдэгдэл ирүүлсэнд хуулийн хугацаа буюу гурван хоногт багтаан хариу өгсөн. Цар тахлын хорио цээрийн хязгаарлалттай холбоотойгоор 2020, 2021 онд ирүүлсэн мэдэгдлүүдийн ихэнхэд нь татгалзсан. Жагсаал, цуглаан хийхийг хориглох газартай холбоотой хуулийн зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Ганцаараа эсэргүүцэл илэрхийлж байгаа, аль эсвэл флашмоб, бүр ямар нэг байгууллагын өмнө суулт зарлаж байгаа үйлдэлд ямар эрх зүйн зохицуулалт байхгүй байна.
“Хэрэв жагсаал, цуглаан хийх бол ямар нэгэн албан тушаалтнаас зөвшөөрөл авахгүй болно”
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гурван асуудал явж байгаа. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан хуулийн төсөлд Засгийн газар санал дүгнэлтээ нэгтгэн танилцуулаад, УИХ-д хүргүүлэх шатанд байна. Хоёрдугаарт, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн төслийг ирэх 7 хоногт өргөн барина. Хуулиар хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсвэл жагсаалын явцад зорилгыг нь өөрчилж, хориглосон цуглаан явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, сануулах, эсвэл 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Мөн төрийн албан хаагчийн шийдвэрийг үл биелүүлэх, үйлч ажиллагаанд нь саад учруулбал зөрчлийн хариуцлага хүлээлгэнэ. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулъя гээд ажлын хэсэг гаргасан. Хэрэв жагсаал, цуглаан хийх бол ямар нэгэн албан тушаалтнаас зөвшөөрөл авахгүй. Жагсаал зохион байгуулах мэдэгдлээ хүргүүлнэ, түүнийг нь бүртгэж авах үүргийг холбогдох албан тушаалтан хүлээнэ.
“Цагдаагийн байгууллагын практикт тайван жагсаал цуглааныг албадан тараасан тохиолдол байхгүй”
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ц.Лхагвасайхан: Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд жагсаал, өлсгөлөн, цуглаан гэж юу вэ гэдгийг тусгайлан заасан. Жагсаал цуглааныг албадан тараах нь тусгай хууль, журмаар зохицуулагддаг. Бүртгэлгүй, эсвэл бүртгүүлсэн боловч жагсаал хийх газрыг дур мэдэн өөрчилсөн, албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал хийсэн, жагсаалын зорилгоо өөрчилсөн, нийтийн хэв журам алдагдсан эмх замбараагүй байдал бий болсон буюу хүний амь, эрүүл мэндэд аюул учирсан бол албадан тараахаар хуульчилсан. Тайван жагсаал, цуглааныг албадан тараана гэсэн ойлголт байхгүй. Цагдаагийн байгууллагын практикт тайван жагсаал цуглааныг албадан тараасан тохиолдол байхгүй.
“Улс төрийн зорилготой жагсаалыг аль ч намаас хийдэг”
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Хуульд өөрчлөлт оруулахдаа жагсаал, цуглааныг ямар нэгэн эрх зүйн хязгаарлалтгүйгээр хийх нөхцөл бүрдүүлнэ гэлээ. Үүнд болгоомжтой хандах ёстой. 24 цагийн дотор мэдэгдлийг нь бүртгэж авна гэнэ. Би үүнтэй санал нийлэхгүй. Гурван хоногийн хугацаатай байхыг дэмжиж байна. 7 сарын 1-ний гунигт түүх бий. Хоёрдугаарт, аяндаа үүссэн жагсаал өнгөрсөн хугацаанд их бага байсан. Улс төрийн зорилготой жагсаалыг аль ч нам нь хийдэг. Цар тахлын үед жагсаал хийх зөвшөөрөл өгөхдөө болгоомжтой хандах ёстой.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Өнөөдөр чуулгантай, байнгын хороодтой өдөр давхцуулж хүний эрхийн асуудлаар нийтийн сонсгол хийж байна. Хүний эрхийн асуудал ярихдаа иргэний оролцоог хангаж чадахгүй байгаа хүмүүс яаж цаашаа явах вэ дээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Үгээ хэлэх эрх маш их хумигдсан шүү. Цагдаа нар үүргээ л биелүүлж байгаа. Хуулийн хүрээнд нь жагсаал цуглаан хийх эрхийг нь нээлттэй боломжоор хангах хэрэгтэй.
“Миний бие муудаагүй байхад намайг албадан эмчлүүлсэн”
Оролцогч Б.Батдэлгэр: Цагдаагийн байгууллагаас нэг ч жагсаал, цуглааныг албадан тараагаагүй гэж хэлсэн. Би өнгөрсөн 5 жилийн хугацаанд жагсаал хийх 21 хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлснээс 10-ыг нь бүртгэхээс татгалзсан. Энэ дунд 2 удаа өлсгөлөн зохион байгуулсан. 2017 оны аравдугаар сарын 16-наас арваннэгдүгээр сарын 1 хүртэл өлсгөлөн зарласан. Арваннэгдүгээр сарын 1-ний орой цагдаа нар намайг албадан эмчилгээнд оруулсан. Үүнээс хойш би 13 хоног Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хоригдсон. Би эмчилгээнд хамрагдаагүй, яагаад гэвэл миний бие өвдөөгүй. Цагдаагийн байгууллагын мэдээлэлд хэрэв өлсгөлөн зарласан хүний бие муудвал албадан эмчилгээнд авдаг гэж дурдсан. Гэтэл миний тохиолдлоор бие маань муудаагүй. Би эмнэлэгт 13 хоног өлсгөлөн зарлаад нийт 29 хоног өлсгөлөн зарлаад эмнэлгээс зүв зүгээр гарсан. Чингэлтэй дүүргийн Засаг даргын хууль бус захирамжтай холбоотойгоор тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Гэтэл цагдаагийн байгууллага энэ хууль бус үйлдэлтэй холбоотой баримт, мэдээлэл байхгүй гэж шүүхэд албан бичгээр хүргүүлсэн.
ЦЕГ-ын газрын дарга Л.Нямдаваа: Өлсгөлөн зарлагчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх загвар гэж бий. Тухайн хүнд тусламж, үйлчилгээ үзүүлэх харилцааг эмнэлгийн байгууллага хэрэгжүүлдэг. Тэгэхээр тус байгууллагын өмнөөс хариулах боломжгүй. Цагдаагийн байгууллагын алива үйл ажиллагаа архивлагддаг. Та яг ямар гомдол гаргасан түүнд шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах боломжтой.
ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа: Өлсгөлөн зарласан үеийн хууль, эрх зүйн зохицуулалт үнэхээр учир дутагдалтай байгаа.
НЗДТГ-ын мэргэжилтэн А.Ууганбаяр: Жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг дүүргийн Засаг дарга бүртгээгүй тохиолдолд тэр шийдвэр нь хуульд нийцээгүй байна гэж үзвэл шүүхэд хандах боломжтой. Шүүхэд ингэж гомдол гаргавал 6 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. 2021 онд хүргүүлсэн мэдэгдлүүдэд татгалзсан Засаг даргын шийдвэр нь хууль зөрчөөгүй гэж шүүх шийдвэрлэсэн. Ер нь Засаг даргын гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзсэн тохиолдол байхгүй байх.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Нийтийн сонсгол зөв цаг хугацаагаа олоогүй байна. Жагсаал, цуглаан бол ардчилсан нийгэмд байдаг л энгийн үзэгдэл. Улс төрийн зорилготой жагсаал цуглаанаас болоод нэг талаас эрх баригчид, дарга нарыг хамгаалж байгаа юм шиг болж харагддаг, нөгөө талаас иргэний эрхийг хязгаарлаж буй мэт ойлгогддог. Иргэд жагсаал хийх, үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй шүү дээ. Үүнд төрийн байгууллага нь мэдээллээ өгөхгүй, судалгаа хийгээд байх хэрэг байхгүй. Энэ чинь л иргэдийн бухимдлыг төрүүлж байна.
Сонсголд иргэний оролцоог хангасангүй гэж шүүмжилсэн нь
Сонсголын үеэр иргэд, УИХ-ын гишүүд дараах шүүмжлэлийг хөндөв. Үүнд:
Н.Учрал: Хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай
Сонсголын хааж УИХ-ын гишүүн Н.Учралын хэлсэн үг: Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан хүний эрхийн үндэсний чуулганд тавигдсан илтгэлүүд, иргэний нийгмийн байгууллагууд, жагсаал цуглаан зохион байгуулагчид, хөдөлгөөнүүдийн зүгээс өгсөн саналуудыг үндэслэн өөрийн санаачилсан хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл боловсруулагдаад Засгийн газрын хуралдаанаар орохоор бэлтгэгдэж байгаа. Цаашдаа эдгээр хуулийг нэгтгэн батлуулахад онцгой анхаарч ажиллана.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг 1994 онд анх батлан гаргаснаас хойш нийтдээ таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулсан хэдий ч төрийн байгууллага, иргэдийн хооронд үл ойлголцол үүсэх, жагсаал цуглаан хийх эрхээ эдлэхэд өөр ашиг сонирхлоор жагсаал, цуглаан зохион байгуулснаас болж нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх, нийгмийн хэв журам алдагдах зэрэг тохиолдлууд гарч байсныг бид эргэн санах учиртай. Иймд төрийн нэрийн өмнөөс нийгмийн хэв журмыг хамгаалах үүднээс чиг үүргээ биелүүлж байгаа цагдаагийн эрх, үүргийг тодорхой болгох, бүртгэж байгаа Засаг даргын эрх үүрэг болон хүсэлт илгээсэн байгууллага, хөдөлгөөнүүдийн хариуцлагыг тодорхой болгож өгөх шаардлага байна гэдэг нь өнөөдрийн сонсголоос тодорхой болж байна.
Мөн хил хязгаарыг тодорхой болгох, төрийн үйлчилгээг цахимжуулахтай холбогдуулан заавал биеэр бус цахимаар хүсэлтээ өгөх, хуулийн хийдэл, давхцлыг арилгах, жагсаал, цуглаан, суулт, өлсгөлөн зэрэг нэр томьёоны хувьд тодорхой болгож ангилах зэрэг иж бүрэн зохицуулалтыг хийх шаардлагатай байна.
Бэлтгэсэн: Б.Уянга