Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчид
Наранчулууны Отгончимэг нь 1976 онд Хөвсгөл аймагт төрсөн. 45 настай, эмэгтэй. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр, 1999 онд МУИС-ийн магистрантур, магистраар, 2001 онд ОХУ-ын Екатеринбург, Уралын Их Сургуулийн хүний эрхийн курст суралцаж, 2012 онд “Кингс Коллеж Лондон” хууль зүйн магистр цолтой төгссөн байна. Н.Отгончимэг нь 1998-2003 онд “Халх Журам” ХЗДС, “Сүлд” коллежид эрх зүйн багш, 2003-2005 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2005-2012 онд “ГКЭ” ХХК болон “Сүри Менежмент” ХХК-д хуулийн асуудал эрхэлсэн захирал, 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-д хуулийн хэлтсийн дарга, 2013-2016 онд УИХ-ын Тамгын газрын Нэгдүгээр орлогч (Хууль зүйн үйлчилгээ хариуцсан нарийн бичгийн дарга), 2016-2017 онд УИХ-ын Тамгын газарт “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн зохицуулагч, 2019-2020 онд “Эрдэнэс Монгол” ХХК-д зөвлөх, 2020 онд Сангийн яамны “Эрүүл мэндийн санхүүжилтийг сайжруулах төсөл”-ийн зөвлөх, 2020-2021 онд Улсын дээд шүүхийн Тамгын газар Захиргааны хэргийн шүүн таслах ажиллагаа хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад 2021 оноос Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа аж.
Дашпунцагийн Эрдэнэчимэг нь 1976 онд Говь-Алтай аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй. Тэрбээр 1998 онд Отгонтэнгэр Их Сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч (магистр), 2010 онд Япон Улсын Нагояагийн Их Сургуулийг төгсөж, 2017 онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллага болон Италийн Турины Их Сургуулийн хамтран хэрэгжүүлдэг сургалтад хамрагдаж магистр, 2019 онд Отгонтэнгэр Их Сургууль Хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус хамгаалжээ. Д.Эрдэнэчимэг нь 1999-2018 онд Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, 2006-2007 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2017-2021 онд “DXN” ХХК-д гэрээт хуулийн зөвлөх, 2020 оноос өнөөг хүртэл Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, 2018 оноос Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны тэргүүн, 2017 оноос “Эрх зүйн хөгжлийн төлөө” ТББ-ын гүйцэтгэх захирал, 2012-2013 онд АНУ-ын Калифорнийн их сургуулийн Беркли дэх хуулийн сургууль (UC Berkley Law)-д зочин судлаачаар ажиллаж байсан. 2019 оноос өнөөг хүртэл Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байгаа юм байна.
Навагчамбын Баасанжав нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай, эмэгтэй. 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2002 онд ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхэн хот дахь Людвиг Максимлианы их сургуулийн хууль зүйн магистраар төгссөн байна. Н.Баасанжав нь 2001-2007 онд “Дусалхан” ХХК-д хуульч, 2003-2007 онд ХБНГУ, Аугсбургийн их сургуулийн Олон улсын эрх зүйн тэнхимд туслах, 2007-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд туслах багш, 2008-2013 онд Хаан банканд хуульч, ахлах хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2011 оноос “Баасанжав консалтинг” ХХК-ийн захирал, 2013 оноос өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байгаа юм байна.
Ренчиндоржийн Онончимэг нь 1979 онд Хэнтий аймагт төрсөн. 42 настай, эмэгтэй. 2000 онд МУИС Хууль зүйн сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшин, 2003 онд МУИС Хууль зүйн магистрын зэрэг хамгаалжээ. 2007 он Удирдлагийн академийг бизнесийн удирдлагын менежерээр, 2011 он Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг англи хэлний орчуулагчаар төгсөж, 2018 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторантурт элссэн байна. Р.Онончимэг нь 2001-2003 онд Монголын Нотариатчдын танхимын архивч, мэдээллийн албаны ажилтан, 2003-2011 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч, 2003-2017 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчаар тус тус ажиллаж байгаад 2017 оноос Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа аж.
Дорждамбын Зүмбэрэллхам нь 1960 онд Дундговь аймагт төрсөн. 61 настай, эрэгтэй. 1979 он Дундговь Дэлгэрцогт сумын дунд сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшин, 1984 он Оросын холбооны мөрдөн байцаахын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2001 он МУИС-ийн Хууль зүйн сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1984-1992 онд Өмнөговь аймагт болон Мөрдөн байцаах газрын Октябрь дүүрэгт мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах тасгийн дарга, 1992-2006 онд Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академид багш, арга зүйч, хичээлийн эрхлэгч, дэд захирал, тэргүүн дэд захирал, 1999-2002 онд Хуульчдыг давтан сургах төвийн багш, 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, 2008-2013 онд Төрийн албаны зөвлөлийн дарга, 2013-2017 онд БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2018-2019 онд УИХ-ын Тамгын газрын Төрийн байгуулалтын байнгын хорооны ахлах зөвлөх, 2019 оноос Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа юм байна.
Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 45 настай, эмэгтэй. 1997 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд франц-орос хэлний орчуулагч, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйч мэргэжлийг тус тус эзэмшжээ. 2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалсан бол 2019 онд Удирдлагийн академийн Төрийн албаны сургуулийг төгссөн байна. Н.Мөнгөнцэцэг нь 2003-2008 онд Нийслэлийн өмгөөллийн холбооны гишүүн-өмгөөлөгч, 2008-2013 Улсын дээд шүүх, Судалгааны төвийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны судалгаа хариуцсан шинжээчээр ажиллаж байгаад 2013 оноос одоог хүртэл Улсын дээд шүүх, Практик судлалын хэлтсийн иргэний хэргийн хууль тогтоомж, практик ажил хариуцсан шинжээч, референтээр дэвшин ажиллаж байгаад одоо хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчид
1.Думбурайгийн Мягмарцэрэн нь 2003-2006 онд ОХУ-ын ДЯЯ-ны Санкт-Петербург хотын их сургуулийн адьюнктур хууль зүйн доктор (Ph.D), 2000-2002 онд Цагдаагийн академид хууль зүйн магистрыг зэрэг хамгаалж, 1991-1995 онд Цагдаагийн дээд сургуульд хууль зүйн дээд боловсрол эзэмшжээ. Тэрбээр ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Гүйцэтгэх ажлын тэнхимийн ахлах багш, ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн гүйцэтгэх ажлын тэнхимийн эрхлэгч, ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн тагнуулын тэнхимийн эрхлэгч, ДХИС-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч, АТГ-ын ахлах ажилтан, албаны дарга, Цагдаагийн академийн гүйцэтгэх ажлын тэнхимийн ахлах багш, Эрүүгийн цагдаагийн газрын ОХЗБГХ тэмцэх хэлтэст ажиллаж иржээ.
2.Дашзэвэгийн Эрдэнэчулуун нь 2008 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийг хууль зүйн ухааны магистр, 1984-1990 онд ЗСБНХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийг эрхзүйч мэргэжлээр, бакалавр зэрэгтэйгээр тус тус төгссөн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Улсын Дээд шүүхийн Тамгын хэлтсийн дарга, Улсын Дээд шүүхийн Тамгын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, Шүүхийн ерөнхий зөвлөлд ахлах мэргэжилтнээр ажиллаж иржээ.
3.Цэвээнсүрэнгийн Давхарбаяр нь МУИС-ийн НУФ-ийн эрх зүйн ангийг төгсөж, эрхзүйч дээд боловсрол эзэмшсэн, МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхмийн дэд профессороор ажиллаж байгаа. Өмнө нь тэрбээр ХЗЯ-ны хууль судлалын төвд ажилтан, захирал, Хэнтий аймгийн шүүхэд дадлагажигчаар ажиллаж байжээ.
4.Хашгамбайн Хашбаатар нь 1999-2001 онд Цагдаагийн академи Хууль зүйн магистрын зэрэг хамгаалж, 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуульд хуульч, эрхзүйч, 1990-1991 онд Цагдаагийн дунд сургуульд эргүүлийн цагдаа мэргэжлээр суралцжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх газрын ХШДШХ-ийн дарга, ГАХ-ийн дарга, ахлах ажилтан, ГАХ-т албаны дарга, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар Эрүүгийн тасгийн дарга, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Сонгинохайрхан дүүрэгтэй Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хорооны цагдаагаар ажиллаж байжээ.
5.Доржгочоогийн Ариунтуяа нь Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэр дэвшүүлэн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Ерөнхийлөгчийн 206 дугаар зарлигаар Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнээр томилогдон ажиллаж байгаа аж. 2006-2009 онд БНСУ-ын Кенхи Их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан, 1996-1999 онд МУИС Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1992-1996 онд ММИС монгол судлаач мэргэжлээр, суралцсан.