Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
“Тайван” өнгөрсөн танилцах сонсгол
2022-07-20

   Улсын дээд шүүхийн хоёр шүүгчийг саяхан томиллоо. Томилохын өмнө УИХ-аас танилцах сонсгол зохион байгуулав. Энэ нь манай улсын түүхэнд шүүгчийг томилохдоо анх удаа нээлттэй сонсгол зохион байгуулснаараа онцлог явдал. Монгол Улсад ажиллаж буй 500 гаруй шүүгчээс анх удаа нээлттэй сонсгол гэх шүүлтүүрээр орж, томилогдож буй нь тэд.      

Танилцах сонсгол нь нээлттэй сонсголын нэг төрөл. Сонсголыг нэг ёсондоо “шүүр шанага” гэж ойлгож болно. Тодруулбал, тус албан тушаалд нэр дэвшсэн хүний танилцуулгыг нийтэд зарлаж, тухайн хүний мэдлэг, ёс зүй болоод хууль бус зүйл хийсэн, эсэхтэй холбоотой мэдээлэл, асуултыг иргэдээс хүлээн авдаг. Дараа нь иргэд, иргэний нийгмийн байгууллага, УИХ-ын гишүүд, нэр дэвшигчдийн бүрэлдэхүүнтэй сонсгол зохион байгуулж, нэрээ дэвшүүлсэн хүмүүст асуулт тавьж, хариулт аван, санал, байр сууриа чөлөөтэй, ил тод хэлэлцдэг арга хэлбэр юм. Хэрэв хууль бус зүйл хийсэн, ёс зүйгүй үйлдэл гаргасан хүн нэрээ дэвшүүлсэн бол тэр нь олон нийтийн шүүлтүүрээр илчлэгддэг давуу талтай.

Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн Н.Баярмаа, Д.Батбаатар нарын дунд танилцах сонсголыг энэ сарын 4-нд зохион байгуулсан. УИХ тус хоёр албан тушаалд нэр дэвшигчдийг томилохгүй, харин танилцах бүрэн эрхтэй. Тиймээс үүнийхээ хүрээнд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос уг сонсголыг явуулсан юм. Сонсгол хэрхэн өрнөсөн, ямар ач холбогдолтой байсан талаар тоймлон хүргэе.   

“Асуудалгүй” хүн нэрээ дэвшүүлсэн тул асуудал үүссэнгүй

            Танилцах сонсголын товын мэдээллийг parliament.mn сайтаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зургадугаар сарын 20-нд түгээв. Мөн нэр дэвшигчдийн танилцуулга, ажлын туршлага, эзэмшсэн боловсролын талаарх мэдээллийг хамт байршуулсан. Тодруулбал, иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-267155 утсаар болон munkhchimeg@parliament.mn хаягаар хүргүүлж, мөн сонсголд оролцогчоор бүртгүүлэх боломжийг 14 хоногийн хугацаатай олгов.  

Тус хугацаанд иргэдээс нэр дэвшигчтэй холбогдуулан ямар нэг асуулт, санал, хүсэлт ирүүлээгүйг Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч Н.Баярмаа, Д.Батбаатар нартай холбоотой аливаа сөрөг мэдээлэл нээлттэй сонсголын үеэр хөндөгдсөнгүй. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар энэ тухайд байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Нэр дэвшигчдийн хувьд иргэдээс ямар нэг ноцтой санал шүүмж ирүүлээгүй учир процесс хэвийн үргэлжилж байна. Нэрээ дэвшүүлнэ гэж бодож байгаа бусад шүүгч энэ механизм ингээд хэвийн үргэлжлээд байдаггүйг анхаарах хэрэгтэй. Хэрвээ та буруу, зөрүү ямар нэгэн зүйл хийсэн бол түүнийгээ “онгичуулна” шүү. Танилцах сонсголын үеэр энэ талаар нь асууж, иргэдэд нээлттэй мэдээлнэ, байнгын хорооны хуралдаанаар ч ярилцана” гэж байв.    

Томилогдвол юу хийх, хэрхэн ачааллаа зохицуулдаг талаарх асуулт зонхилсон нь

             Сонсголд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд, ажлын хэсгийнхэн, гурван иргэн оролцлоо. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Н.Баярмаа, Д.Батбаатар нар оролцож, хууль зүйн мэдлэг чадварын болоод мэргэжил, ёс зүй, зөн төлөвийн шалгалтад хамгийн өндөр авсан бөгөөд албан тушаалд тавигдах шалгуурыг хангаж буйг сонсгол даргалагч танилцуулсан.    

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Сэргэлэн, Д.Ганбат болон сонсголд оролцогч хоёр иргэн нэр дэвшигчдэд асуулт тавьж, хариулт авав. УИХ-ын Ж.Сүхбаатар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхэд ямар нэг хүндрэл үүсэж байгаа, эсэхийг лавлаж, Улсын дээд шүүх хууль хэрэглээний тайлбар гаргахад түлхүү анхаарч ажиллах шаардлагатайг хэлсэн. Мөн гишүүн Ц.Сэргэлэн шүүхийн шинэчлэл ямар шатанд байгааг, оролцогчид шүүгчийн ажлын ачааллаа хэрхэн зохицуулдаг талаар асуулт тавьж, хариулт авсан юм.    

УИХ-ын гишүүн Д.Ганбат нэр дэвшигч Н.Баярмааг 2015-2016 онд Хөгжлийн банканд ахлах хуульчаар ажиллаж байхдаа ямар ажлууд хийсэн талаар тодруулж, тус банктай холбоотой хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж дуусах хүртэл томилохгүйгээр түр азнах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Сонсгол гурван цагийн турш үргэлжилсэн бөгөөд товлосон хугацаанаас нэг цаг гаруйн дараа эхлүүлсэн. Энэ нь Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүйтэй холбоотой.  

Шүүгчээр томилогдож, ажлаа хүлээн авав

             Нээлттэй сонсгол зохион байгуулсны дараах өдөр нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд, хоёр хоногийн дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд нэр дэвшигчдийг танилцуулсан. Гишүүд нэр дэвшигчдэд асуулт тавьж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх долдугаар сарын 8-нд зарлиг гаргаж, тэднийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилсон юм.