Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
АТГ-ын дэд даргад нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулав
2021-07-06

             УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дэд даргын албан тушаалд нэр дэвшигч Г.Азжаргалын томилгооны сонсголыг өнөөдөр зохион байгууллаа. Авлигын эсрэг хуулийн 21.2-т "Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно" гэж заасан. Үүний дагуу тус газрын дарга З.Дашдаваа нэр дэвшигч Г.Азжаргалыг УИХ-д санал болгосон аж. 

 

         Тус байнгын хорооны 2021 оны зургадугаар сарын 22-ны 15 дугаар тогтоолоор томилгооны сонсголын товыг тогтоосон бол зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Томилгооны сонсголын даргалагч, ажиглагчийн тоо тогтоох тухай” байнгын хорооны тогтоолыг баталсан байна. 

УИХ-ын тухай хуулийн 23.2.14 дэх заалт, 25.6 дахь хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 118.1 дэх хэсгийг үндэслэн 2021 оны долдугаар сарын 6-нд зохион байгуулах Авлигатай тэмцэх газрын дэд даргын томилгооны сонсгол даргалагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтыг томилж, 10 хүртэл тооны оролцох ажиглагчтай байхаар тогтоолыг баталжээ. Нэмж хэлэхэд, АТГ-ын дэд даргыг томилохдоо анх удаа томилгооны сонсгол хийж байгаагаараа онцлог. 

Сонсголд иргэд, судлаачид, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллөөс ажиглагч нэг, оролцогчоор таван хүн бүртгүүлж, оролцлоо. 

Томилгооны сонсголыг нээж, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Үндсэн хуулийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд  оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн болон парламентын засаглалын энэ суурь зарчмыг хэрэгжүүлэх нэг чухал арга зам бол УИХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, түүнчлэн хүний эрхийг хангах, хамгаалах, чиг үүрэгтэй байгууллагын удирдах албан тушаалд нэр дэвшигчийг иргэд, олон нийтийн оролцооны үндсэн дээр томилох юм. Энэ нь нэг талдаа тухайн албан тушаалтны хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангадаг бол нөгөө талдаа иргэдийн төрд итгэх итгэлийг бий болгодог. УИХ-аас өөрийн бүрэн эрхийн хүрээнд санал болгож, томилдог байсан Хүний эрхийн үндэсний комисс болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг олон нийтэд нээлттэй зарлаж, шаардлага хангасан хэн бүхэнд ил, тод, тэгш өрсөлдөх боломжийг олгож байгаа нь дээр дурдсан засаглах эрхийг хангаж байгаа нэг хэлбэр юм. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тус байгууллагын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор, дэд даргыг АТГ-ын даргын санал болгосноор томилгооны сонсголд оролцуулж, томилдог шинэ жишгийг тогтоосон” хэмээн онцлоод, Монгол Улсын авлигын индекс буурахгүй байгаа шалтгаан нөхцөлийг арилгах асуудлаар идэвх санаачилга гарган ажиллах шаардлагатайг сануулав.   

 

Дараа нь Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нэр дэвшигчийн талаар танилцуулав. 

Гаваасүрэнгийн Азжаргал нь 1984 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1992-2001 онд Монгени бүрэн дунд сургууль, 2001-2002 онд Оюуны оньс бүрэн дунд сургууль, 2002-2007 онд ОХУ-ын Дотоод хэргийн их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Мөн 2011 онд АНУ-ын Ази номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтой тэмцэх чиглэлээр, 2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр, 2017 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институтэд тус тус мэргэшил дээшлүүлжээ.

Эрхэлсэн комиссар Г.Азжаргал нь 2002-2007 онд Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгааллын газрын 801-р ангийн эргүүлийн цагдаа, 2007-2008 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, 2008-2013 онд Эрүүгийн цагдаагийн газрын 3-р хэлтэст төлөөлөгч, 2013-2014 онд Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгч, 2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 3-р тасгийн дарга, 2015-2016 онд Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга, 2016-2018 онд Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн тасгийн дарга, 2018 оноос одоог хүртэл Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байна.

 

Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар товч танилцуулга хийлээ.

Г.Азжаргал “АТГ-ын дэд даргаар томилогдвол Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон олон улсын байгууллагаас өгч буй зөвлөмжийн дагуу дөрвөн чиглэлээр ажиллана. Үүнд,

  1. Авлигагүй орчинг бүрдүүлэхэд анхаарна. Ингэхдээ төрийн үйлчилгээг цахимжуулах, төрөөс олгож буй аливаа зөвшөөрлийг олгоход хүний оролцоог аль болох багасгах, шаардлагатай бол мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад зөвшөөрөл олгох эрх шилжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллана.
  2. Хүний нөөцийг чадавхжуулахад анхаарна. Ялангуяа санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг олон улсын стандарт нийцүүлэх чиглэлд тодорхой ажил хийнэ. 
  3. Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийн түгээлтээ сайжруулна.
  4. Хууль, эрх зүйн орчинг сайжруулахад анхаарна. Авлигын талаар мэдээлж буй иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх, улс төрийн намын санхүүжилтийг ил тод байлгах чиглэлээр холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллана” гэлээ.

 

Сонсголын дэгийн дагуу УИХ-ын гишүүн. Б.Пүрэвдорж, Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр, Д.Ганбат, Ж.Сүхбаатар, Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир, Б.Дэлгэрсайхан, Ё.Баатарбилэг, “Жин И Жао “ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ганболд, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын ерөнхий менежер Т.Амарзаяа, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан нар асуулт асууж, хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв, “Оюутолгойн хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл нар нэр дэвшигчид хандан үг хэлэв.   

УИХ-ын гишүүд болон оролцогчдын зүгээс Монгол Улсад авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахгүй байгаа шалтгааныг арилгах чиглэлээр хэрхэн ажиллах талаар асууж тодрууллаа.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал хариултдаа, “Авлига зөвхөн нэг зүйлээс шалтгаалаагүй. Соён гэгээрүүлэх ажлаа төгс хэмжээнд явуулж чадахгүй байна. Авлигыг үл тэвчих үзлийг барууны оронд хүүхэд наснаас нь ойлгуулдаг. АТГ-ын үйл ажиллагааг мэдээж сайн гэхгүй. Нөгөөтээгүүр, муу гэж дүгнэх хэцүү. Бид эцсийн өмчлөгч буюу Шилэн дансны хуультай болсонтой холбоотойгоор иргэд төсвийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг хардаг болсон давуу тал бий. Цаашид үйл ажиллагааг сайжруулах чиглэлд ажиллах болно. Олон улсын "Эмнести Интернэйшнл" болон "Трансперенси Интернэйшнл" байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индексээр манайх 2020 онд 111-р байрт байна. Энэ нь Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай,  Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль байхгүй, сонгон шалгаруулалт ил тод биш байдагтай холбоотой. Манай улсын авлигын индексийн үзүүлэлт 2012 онд 36 хувь, 2013 онд 38 хувь, 2014 онд 39 хувь, 2015 онд 39 хувь, 2016 онд 38 хувь, 2017 онд 36 хувь, 2018 онд 37 хувь, 2019 онд 35 хувь, 2020 онд 35 хувь байсан. Манай улсад авлига буурахгүй байгаа шалтгаан нь тогтолцоо, орчин нөхцөл байна. Ил тод байдал хангалтгүй байгаа. Төрийн үйлчилгээг цахим технологид суурилж шинэчлэх, зөвшөөрлийг мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагад шилжүүлэх, хууль эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай”-г онцолсон юм. 

 

Мөн тэрбээр оффшор бүсэд байгаа хөрөнгө болон үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг бууруулах талаарх асуултад, “Бид үндэслэлгүй хөрөнгөжсөн хүмүүсийн хэргийг шалгаж байна. Тухайн хөрөнгө нь өөр хүний нэр дээр байдаг нь асуудал үүсгэдэг. Үүнийг олон улсад "Ашиг хүртэгч", “Төлөөний этгээд” гэж тодорхойлж, хэрэгт татдаг. Энэ жишгийг нэвтрүүлэх, хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай. Татварын ерөнхий газартай хамтран үндэслэлгүй хөрөнгөжих хэргийг эрчимтэй хөөцөлдөж ажиллаж байна. Авлигатай тэмцэх газар 43 мянга орчим нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг хянадаг. Гадаадад оффшорт байсан хөрөнгийг шилжүүлсэн хэд хэдэн ажлыг хийсэн. Цаашид гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана. Оффшор бүсэд байгаа бүх мөнгийг хууль бус аргаар олсон гэж үзэх нь өрөөсгөл. Харин тухайн мөнгийг хууль бус эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргүүд шийдэгдэхэд хүндрэлтэй байдаг. Шүүхээс тухайн хүний энэ орлогыг яг хаанаас олсныг тогтоо гэдэг байдлаар шийдэгддэг. Үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлаар 2013 онд нэг, 2014 онд хоёр, 2015 онд 7, 2016 онд 4, 2017 онд 30, 2018 онд 25, 2019 онд 40, 2020 онд 41 хэргийг шалгаж шийдвэрлэсэн. Дураар аашлах зүйл заалтаар 2017 онд 1, 2019 онд 2, 2020 онд 3 хэрэг шийдэгдсэн” гэж хариулав. 

 

Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс АТГ-ын дэд даргад нэр дэвшигчээс нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг шинэчилж, орлогын эх үүсвэрийг илүү тодорхой болгоход анхаарах, сургууль цэцэрлэгүүд “хандивын анги” нэрээр авлига авч буй байдлыг зогсоох, уул уурхайн салбарт хяналт шалгалтаа сайжруулах, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгоход манлайлж ажиллах шаардлагатайг хэллээ.

 

             Томилгооны сонсголын төгсгөлд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт АТГ-ын соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг шинэлэг хэлбэрээр хэрэгжүүлж, авлига албан тушаалын гэмт хэргийг бууруулахад шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд УИХ, Засгийн газартай хамтран ажиллах хэрэгтэйг хэлээд УИХ-ын гишүүд, томилгооны сонсголд оролцогчдын саналуудыг анхаарч ажиллахыг сануулав.