Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр МАН-ын хэлтсийн дарга, ББСБ-ын ТУЗ-ийн гишүүн, хувийн компанийн хуульч хүмүүс ажилладаг
2022-02-12

Хөгжлийн банкны зээлийн 55.3 хувь нь чанаргүй ангилалд шилжсэнийг холбогдох албаныхан нийтэд зарласан. Тус банкнаас хэдэн арав, зуун тэрбумаар зээл авсан ч эргэн төлөөгүй, шүүхэд шилжүүлсэн ч шийдэгдэхгүй байсаар хугацаа алдсан тухай мэдээлэл олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсаар буй. Улмаар улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын холбоо хамаарал бүхий этгээдийн компаниудад ч зээл олгосон гэх зарим баримт, мэдээллийг түгээж, нийгэмд хардлага төрүүлээд байна.   

     2011 онд байгуулсан, төрийн өмчит Хөгжлийн банк нь эдийн засгийн тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх хөрөнгийг бүрдүүлэх зорилготой. Ингэхдээ гадаадын байгууллагуудаас зээл авах, үнэт цаас гаргах, санхүүгийн хэрэгсэл, гадаад валют худалдан авах, хадгалуулах хэлбэрээр санхүүжилт босгодог. Ирэх онд тус банк 800 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг хийх ёстой. Хэрэв тус банкны зээлдэгчид зээлээ төлөхгүй бол Засгийн газар буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс бондын өр төлөхөд хүрч болзошгүйг ч судлаач, мэргэжилтнүүд тайлбарлаж байна.    

       Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 онд баталж, 2017 онд шинэчилсэн. Тодруулбал, 2017 оноос өмнөх хугацаанд (2011-2017 онд) тус банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ-ын жил бүрийн хаврын чуулганаар баталдаг байжээ. Гэхдээ зээл олгох шийдвэрийг нь Хөгжлийн банкны актив-пассивийн болон эрсдэлийн удирдлагын нэгжийн дүгнэлтэд үндэслэн Зээлийн хороо нь гаргадаг байсан аж. Тэгвэл тухайн хугацаанд (2011-2017) ажиллаж байсан Зээлийн хорооны шийдвэрээр олгосон найм орчим зээл өнөөдөр чанаргүй ангилалд шилжсэнийг эндээс харж болно.      

      Харин 2017 оноос хойш буюу шинэчилсэн хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь зээл олгох шийдвэр гаргаж, гүйцэтгэх захирал нь Хөгжлийн банкийг төлөөлөн, гэрээ, хэлцэл байгуулж иржээ. Энэ хугацаанд ажилласан ТУЗ-ийн шийдвэрээр олгосон 10 гаруй зээл мөн чанаргүй болж, шүүхийн шатанд шилжээд байна.   

       Хуульд зааснаар Хөгжлийн банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт ТУЗ нь байдаг. Тус зөвлөл есөн гишүүнтэй, дөрөв нь хараат бус төлөөллөөс бүрдэх ёстой. Хараат бус гишүүдийг нь нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох хуультай. Харин бусдыг нь төрийн холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудаас нээлттэй шалгаруулж, Засгийн газраас нэр дэвшүүлэн Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилдог. Тэгвэл зээл олгох шийдвэрүүд гаргасан ТУЗ-ийн гишүүнээр хэн хэн ажиллаж байсан тухай мэдээлэл тодорхой бус байна.    

      Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй, Хөгжлийн банкны ТУЗ-ийн есөн гишүүний талаар танилцуулъя. Хуульд зааснаар тус зөвлөлийн гишүүн нь дараах шалгуурыг хангасан байх ёстой. Үүнд  

  • зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
  • банк, санхүү, хууль, инженер, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;
  • ял шийтгэлгүй байх;
  • төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй байх;
  • эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр
  • банкны салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх;
  • зөрчлийн улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;
  • санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх.

 

Ердийн гишүүд  (Эрхлэх асуудлын хүрээнд буюу Сангийн, Эрчим хүчний яам, БХБЯ, ХХААХҮЯ-ны албан хаагчдаас дараах хүмүүсийг Засгийн газар нээлттэй шалгаруулж, Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилуулжээ)

Б.Сүх-Очир (ТУЗ-ийн дарга, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга)

Б.Ганбат (ТУЗ-ийн гишүүн, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга)

С.Магнайсүрэн (ТУЗ-ийн гишүүн, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга)

Б.Насантогтох (ТУЗ-ийн гишүүн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга)

Т.Жамбалцэрэн (ТУЗ-ийн гишүүн, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга)  

 

Хараат бус гишүүд (Холбогдох ажлын хэсэг хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зарыг нийтэд мэдээлж, нэр дэвшигчдээс материалыг нь хүлээн авна. Дараа нь шалгаруулалтад оролцогчдын материалыг хянаж үзээд, оноогоор эрэмбэлэн дүнг гаргаж, хувьцаа эзэмшигчдэд танилцуулан, томилуулах журамтай)

Р.Мөнхтөр (ТУЗ-ийн хараат бус гишүүн, Аудитын хорооны дарга) Инвескор ББСБ-ын ТУЗ-ийн гишүүн

М.Золжаргал (ТУЗ-ийн хараат бус гишүүн, Нэр дэвшүүлэх хорооны дарга) “Бодь интернэшнл” ХХК-ийн ахлах хуульч

Н.Батнасан (ТУЗ-ийн хараат бус гишүүн, Цалин урамшууллын хорооны дарга) МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор

Ү.Амарбат (ТУЗ-ийн хараат бус гишүүн, Эрсдэлийн хорооны дарга) МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

      Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, их сургуулийн профессор, "Бодь интернэшнл" ХХК-ийн хуульч, "Инвескор" ББСБ-ын ТУЗ-ийн гишүүн нар ажиллаж байна. Хараат бус гишүүнд тавигдах шаардлагыг тэдний зарим нь хангасан, эсэхэд сүүлийн үед цахим сүлжээнд маргаан үүсээд байна. Тухайлбал эрх баригч нам МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, ББСБ-ын ТУЗ-ын гишүүн, хувийн компанийн хуульч хүмүүс Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллах нь "хараат бус" байж чадах эсэх нь эргэлзээтэй.