Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсголыг ямар процессын дагуу явуулах вэ
2022-02-21

          УИХ-аас Хөгжлийн банкны асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг эцсийн дүгнэлтээ өнөөдөр гаргана. Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатараас өгсөн чиглэлийн дагуу холбогдох байнгын хорооноос Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөсөн. Оны өмнөхөн баталсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үүнийг зохион байгуулах юм. Тэгвэл уг хууль болон Нийтийн сонсголын тухай хуульд  зааснаар нээлттэй сонсголыг ямар процессоор хэрхэн явуулахыг дор тайлбарлъя.

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд зааснаар парламентын хяналт шалгалтыг дараах найман зорилгоор хийнэ.  

  1. Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийг хангуулах;
  2. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгааг хангах;
  3. Нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар иргэний мэдэх эрхийг хангах;
  4. Иргэд шууд болон өөрсдийн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллагаараа уламжлан төрийн үйл хэрэгт оролцох эрхийг хангах;
  5. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн улсын төсөв, төсвийн гүйцэтгэлийг батлахдаа Үндсэн хуулийн 25.1.7-д нийцэж байгаа, эсэхийг хянах;
  6. Төсөв, төрийн санхүүгийн удирдлагын хяналтын байнгын тогтолцоо бүрдүүлэх, тэдгээрийн үр нөлөөг сайжруулах;
  7. Хууль хэрэгжүүлэх явцад төрийн байгууллагын үйл ажиллагаанд гарч буй тулгамдсан асуудлыг тогтоох, Улсын Их Хурлын хяналт шалгалтын явцад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах замаар төрийн удирдлагын тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэх;
  8. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, судлан шинжлэх байнгын тогтолцоо бүрдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөөг сайжруулах, боловсронгуй болгох.

 

      Эдийн засгийн тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкийг байгуулсан ч нийт зээлийнх нь 53 хувь нь чанаргүй ангилалд шилжсэн. Зарим зээлдэгчийнхээ асуудлаар шүүхэд хандсан ч шийдэгдэхгүй, хугацаа их алдаж буй, мөн зээлээ эргэн төлөхгүйд хүрвэл тус банкны бондын төлбөрийг Засгийн газар буюу татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулах эрсдэл үүсээд байгаа. Түүнчлэн улстөрчид, албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан тус банкнаас өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл өгсөн гэх ч хардлага бий болсон.  

 

      Тэгвэл уг асуудлын мөрөөр буюу дээрх зорилгуудын хүрээнд УИХ хяналт шалгалтын бүрэн эрхээ хэрэгжүүлэх юм. Ингэхдээ хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх арга хэрэгслүүдээс (асуулт, асуулга тавих, хууль, тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, мэдээлэл сонсох, тайлан, илтгэл хэлэлцэх, төсөвт хяналт тавих, хяналтын сонсгол хийх, хянан шалгах түр хороо байгуулах) хяналтын сонсгол хийхийг нь сонгов.

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд зааснаар хяналтын сонсгол нь дараах дөрвөн төрөлтэй.

  • Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол;
  • Төсвийн хяналтын сонсгол;
  • Ерөнхий хяналтын сонсгол;
  • Нэр дэвшигчийн сонсгол

(Сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулна. Төрийн, хувь хүний нууц, үндэсний аюулгүй байдлаас бусад асуудлаар хаалттай явуулахыг хориглоно)

 

      Эдгээрээс ерөнхий хяналтын сонсголыг нээлттэй хэлбэрээр явуулахаар болсон. Тодруулбал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагавартай танилцах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг явуулах хуультай. Тэгэхээр Хөгжлийн банкны тухай хуульд тулгуурлан үүнийг хийх аж.

           

      Сонсголыг тухайн асуудлыг эрхэлсэн байнгын, дэд, түр хороо зохион байгуулах эрхтэй. УИХ 11 байнгын хороотой бөгөөд эрхлэх асуудлынх нь хүрээнээс харвал Хөгжлийн банкны асуудлыг УИХ-ын эдийн засгийн байнгын хороо хариуцах бололтой. Тэгэхээр тус байнгын хороо сонсголыг зохион байгуулах товыг тогтоож, чуулганы нэгдсэн болон байнгын, дэд, түр хорооны хуралдаантай давхардуулахгүйгээр, мөн УИХ-ын чуулганы чөлөө цагт ч зохион байгуулж болох аж.

 

      Байнгын хороо сонсголын зарыг нийтэд түгээх бөгөөд тодорхой асуудлаар санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч нь сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө үүнд бүртгүүлэх зохицуулалттай.

 

Сонсгол зохион байгуулах журамд заасан зарим заалтыг доор оруулав.

 

  • Сонсгол даргалагч оролцогчийн санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах, асуулт асуух дарааллыг тогтооно;
  • Оролцогчийн санал, мэдээлэл, дүгнэлтээ танилцуулах хугацаа 10 минутаас илүүгүй байна;
  • УИХ-ын гишүүн оролцогчоос асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно; 
  • УИХ-ын гишүүн оролцогчоос асуулт асууж, хариулт авч дууссаны дараа 5 минутад багтаан үг хэлж болно;
  • Сонсголыг танхимаар, эсхүл цахимаар, түүнчлэн хосолмол хэлбэрээр явуулж болно.
  • Сонсголын тайланг сонсгол явуулснаас ажлын таван өдрийн дотор гаргана.
  • Хуульд өөрөөр заагаагүй бол сонсголын тайлан, тэмдэглэл ил тод байх бөгөөд тайланг гаргаснаас хойш ажлын гурван өдрийн дотор УИХ-ын албан ёсны цахим хуудсанд тэмдэглэлийн хамт байршуулна.

 

 

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо нь сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр байнгын хорооны санал, дүгнэлтэд тусган нэгдсэн хуралдаанд танилцуулна. Ингэхдээ хэрэв шаардлагатай гэж үзвэл холбогдох тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулах боломжтой. Энэ үеэр гишүүд асуулт асууж, үг хэлэх эрхтэй байх юм.