Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр хяналтын сонсгол явагдаж байна
2024-11-20

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд хороо хэлэлцэн хүлээн авсан, Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлэг хүсэлт гаргасан, эсхүл Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулна” гэж заасан байдаг.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс гаргасан хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр (2024.11.20) хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголд зохион байгуулж байна. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалж байгаа бөгөөд Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 48 минутад эхэллээ.

Өнөөдрийн хяналтын сонсголд ажиглагчаар оролцохоор хүсэлтээ ирүүлсэн 2 иргэн, төрийн байгууллагын төлөөлөл 37 оролцож байгаа бол төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлллөөр оролцохоор бүртгүүлсэн 75 оролцогчийн 46 нь хүрэлцэн ирсэн хэмээн ирцийг П.Сайнзориг гишүүн танилцуулав. Хяналтын сонсголд оролцох хүсэлтээ ирүүлсэн нийт 122 оролцогчийн 85 нь ирсэн байна. Цахимаар оролцох хүсэлт ирүүлсэн 2 иргэн холбогдсон гэдэг мэдээллийг сонсгол даргалагч танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно” гэж заасны дагуу хэвлэл мэдээллийн байгууллагууд нээлттэй оролцож байгаагийн зэрэгцээ Монголын Үндэсний олон нийтийн телевиз болон парламентын шууд дамжуулах сувгуудаар дамжуулж байгааг сонсголыг нээж хэлсэн үгэндээ П.Сайнзориг гишүүн тэмдэглэлээ. Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгах, тэдний сонсголд оролцох, ажиглах боломжийг хангах зорилгоор Монголын Үндэсний олон нийтийн телевизийн шууд дамжуулалтад дохионы хэлмэрч ажиллаж байгааг дурдав.

Үргэлжлүүлэн тэрбээр хяналтын сонсголын зорилго, дараалал, дэгийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа хяналтын сонсгол нь олон нийтийн оролцоотой явагддаг хэлэлцүүлэгтэй адилгүй бөгөөд зөвхөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмаар зохион байгуулагддаг. 

Ийнхүү хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол нээснийг Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч П.Сайнзориг мэдэгдээд, эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг сонсож байна.

Эхлээд Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг танилцууллаа. Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээлэл, Улсын ерөнхий прокурорын газраас эрүү шүүлт тулгах гэмт хэрийн талаарх мэдээлэл, Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлт ба гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар танилцуулна.

 

Үргэлжлүүлэн эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаарх Зэвсэгт хүчний Жанжин штаб, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны  мэдээллийг сонсож, оролцогчид саналаа илэрхийлэхээс гадна иргэдээс бичгээр ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийг танилцуулна.

Эх сурвалж: Parliament.mn