Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй сонсгол хийлээ
2024-01-02

            Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2024.01.02/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нарын нэрийг дэвшүүлсэн юм.   

           Төрийн байгуулалтын байнгын хорооноос Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалт, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хийхээр товлож, зарыг 19 хоногийн хугацаанд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж нээлттэйгээр оролцохыг урьсан гэдгийг хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар сонсголын эхэнд танилцуулсан. Тэрбээр, СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2 хүний нэрийг дэвшүүлсэн гээд, энэ удаагийн сонсголоор нэр дэвшигчдийн уг албан тушаалд нэр дэвшсэн үндэслэл, мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд тэнцэх эсэх, уг албанд томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар мэдээлэл авах зорилготой гэдгийг тодотгосон. Мөн сонсголын дэгийг танилцуулсны дараа нэр дэвшигчийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд танилцууллаа.

          Нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Компьютерийн ухааны докторант, эрх зүйч, системийн шинжээч мэргэжилтэй, улсад 25 жил ажиллажээ. 1992-1997 онд МУТИС, Компьютерийн техник менежментийн сургуульд програм зохиогч, инженер мэргэжлээр компьютерийн ухааны бакалаврын зэрэг, 1997–1999 онд тус сургуульд програм хангамж мэргэжлээр компьютерийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. 2008-2011 онд мөн сургуульд програм хангамж мэргэжлээр компьютерийн ухааны докторантаар суралцаж, 2019-2022 онд Орхон их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. 1997-2004 онд МУТИС, Компьютерийн техник менежментийн сургуульд  багш, ахлах багш, 2004-2011 онд “Старсофт” ХХК-г үүсгэн байгуулагч, төслийн удирдагч, 2006-2012 онд “Старс” дээд сургуулийг үүсгэн байгуулагч, захирал, 2011-2014 онд “Нью Прогресс Групп” ХХК-ийн Мэдээлэл технологийн газрын захирал, дэд захирал,  2014-2016 онд “Эй Ти Инженеринг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2016-2020 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга,  2020 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа аж.

         Нэр дэвшигч Т.Сүхболд 1980 онд төрсөн, Төрийн удирдлагын менежер, Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. 2001 Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 2005 онд Цагдаагийн академийг эрхзүйч мэргэжлээр төгсч, 2010 онд Цагдаагийн академид Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. 2012 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр суралцан төгсчээ. 1998-2001 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст цагдаа, 2005-2007 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, 2007-2011 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт Эдийн засгийн төлөөлөгч, 2011-2013 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст, ахлах төлөөлөгч, 2013-2016 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст, ахлах төлөөлөгч, 2016-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газарт ахлах мэргэжилтэн, 2017-2018 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга, 2018-2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, 2020-2023 онд Эрүүгийн цагдаагийн албаны дарга,  2020-2023 онд Эрүүгийн цагдаагийн албаны дэд бөгөөд эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, 2023 оноос Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа аж.

         Нэр дэвшигчдийн талаарх танилцуулгын дараа нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан СЕХ-ны гишүүнээр томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлага хангаж байгаа талаараа танилцуулав. Тэрбээр, Миний бие 2016-2020 онд УБЕГ-ын дэд дарга, 2020 оноос өнөөг хүртэл даргаар ажиллах хугацаандаа ээлжит 5, дахин 4, нөхөн 8 буюу нийтдээ 15 удаагийн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын бүртгэлийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлсэн. Улсын бүртгэлийн байгууллага иргэдээ таньж баталгаажуулахаас эхлээд Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулга хүргүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Миний хувьд энэ хугацаанд ажлын хэсгүүд болоод дэд ажлын хэсгүүдийг удирдаж ажилласан. Сонгууль бол төрийн томоохон одоо үйл ажиллагаа, үүнд төрийн олон байгууллага хамтарч ажилладаг. Улсын бүртгэлийн байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг ил тод, нээлттэй, ямар нэгэн хардлагагүй гаргах ажлыг зохион байгуулах ёстой. Энэ хугацаанд СЕХ-ны олон хуралд оролцож байсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэрийн жагсаалтыг ил тод байлгах хэд, хэдэн гол заалтууд орсон. СЕХ-ны гишүүн болбол нэрийн жагсаалттай холбоотой хуралдаанд асуудал оруулах эрх нээгдэнэ.

          Хуулийн өөрчлөлтөөр иргэд өөрийнхөө оршин суугаа хаяг дээр бүртгүүлсэн мэдээлэлтэй танилцах, СЕХ-нд бүртгүүлсэн нам эвсэлд нэрийн жагсаалтыг цахимаар өгөх, нэрийн жагсаалттай СЕХ-нд бүртгүүлсэн нам, эвсэл, бие даагч ТББ-ын төлөөлөл танилцаж болох талаар заасан. Эдгээр заалтыг хэрэгжүүлэх тал дээр гол ажлуудыг хийнэ гэж төлөвлөж байгаа. Тодруулбал, нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах нь олон процесстой үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл хэсгийн хороо байгуулснаас эхлээд сонгууль дуустал энэ үйл ажиллагаа явагддаг. Тэгэхээр энэ олон процесс дээр СЕХ-ноос гадна бусад байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангахад анхаарч ажиллана. Улсын бүртгэлийн байгууллагыг яг удирдаж ажиллаж байгаагийн хувьд сонгуулийн үйл ажиллагаанаас гадна сонгогчдыг таньж баталгаажуулах цахим системийг сонгуулийн одоо үйл ажиллагаанд ашиглана гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд, сонсголд оролцогч “Оюуны Инновац” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Төрболд нар нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, СЕХ-ны гишүүнээр сонгогдвол СЕХ-нд ямар үүрэг одоо хүлээн ажиллах вэ хэмээн асуусан. Тэрбээр сонгуулийн үеэр бүртгэлтэй холбоотой гардаг хэл ам, хардалтыг хэрхэн шийдвэрлэх, “нүүдэл, царцаа” гэж яригдах болсон сонгогчдыг олноор нь шилжүүлдэг асуудлыг ирэх сонгуулийн үеэр гаргуулахгүй байх талаар ямар арга хэмжээ авахыг тодруулсан.

            Нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан, Сонгуулийн төв байгууллага сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй. Ингэхдээ олон байгууллага, доошоо шат шатны сонгуулийн хороодыг удирдан, зангидах үүрэг хүлээдэг. Зохион байгуулалтынх нь гол хэлбэр нь хуралдаан. СЕХ-ны гишүүн болбол хуулийг чандлан сахих зарчмыг баримталж ажиллана. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд орон нутаг, дүүрэг дэх сонгуулийн хороодод улсын бүртгэлийн тухайн хэлтсийнх нь дарга нар орж болох зохицуулалт орсон байгаа. Тэгэхээр тэдгээр дарга нарыг мэргэжлийн дагуу удирдан зохион байгуулж ажиллах үүрэг оногдоно. Улсын бүртгэлтэй холбоотой олон асуудал яригддаг. Сүүлийн гурван удаагийн сонгуулийн үеэр гарсан асуудлуудыг харьцуулж үзсэн. Хамгийн сүүлийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ганцхан гомдол ирсэн. 2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой 78 албан бичиг, 293 өргөдөл, гомдол ирсэн. Эдгээр нь голдуу хүсэлтийн шинж чанартай байсан. Түүнээс хойш бүртгэлтэй холбоотой дэвшил гарч бүхий л мэдээллийг шууд цахимаар татаад явах нөхцөл бололцоог бүрдүүлээд байна. Хаягтай холбоотой асуудал гардаг. Иргэн өөрийнхөө оршин суугаа хаяг болон бусад мэдээлэлтэй танилцах бололцоогоор бид хангаж яваа. Иргэд өөрийнх нь байнгын оршин суугаа хаяг дээр өөр иргэд байвал албан ёсоор хүсэлт гарган шалгуулж, түүнийг түдгэлзүүлэх боломжтой гэсэн хариулт өгсөн.

            Дараа нь нэр дэвшигч Б.Сүхболд танилцуулга хийсэн. Тэрбээр, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Сүхболд би цагдаагийн байгууллага буюу төрийн жинхэнэ албанд тасралтгүй 26 жил ажиллаж байна. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос төрийн жинхэнэ алба хаагчдаас СЕХ-ны гишүүнд санал болгосноор сонсгол хийж томилно гэж заасан. Миний бие төрийн жинхэнэ алба хаагчийн нийтлэг болон тусгай шалгуурыг хангаж байгааг илэрхийлье. СЕХ-ны гишүүнээр томилогдон ажиллавал Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасан хууль дээдлэх улс төрийн хувьд төвийг сахих асуудлыг хамтаар хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг баримтлан ажиллана. Аливаа сонгуулийг шударга үнэн зөв явуулахад мэргэшсэн, хариуцлагатай, ур чадвартай алба хаагчид шаардлагатай. Иймээс сонгуулийн үеэр ажиллах хороодын алба хаагчдыг мэргэшүүлэх, сонгууль зохион байгуулахад оролцох бусад төрийн байгууллагуудын алба хаагчдад чиглэсэн сургалт болон байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн болон үйл ажиллагааны нэг сувагтай болох тал дээр анхаарч ажиллана. Мөн Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх чөлөөг хэнээс ч хараат бусаар эдлэх нөхцөлийг СЕХ бий болгох учиртай тул түүн дээр илүү анхаарч ажиллана. Түүнчлэн цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгааг явуулах, түүнд хяналт тавих журам, санал авах байранд байршуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах журмуудыг журмуудад цаг үе, техник технологийн дэвшилтэй холбогдуулан өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллана. Сонгуулийн үеийн гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулах тал дээр онцгой анхаарч, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахаар ажиллах болно хэмээсэн.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Иргэд сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангах, тэдний саналыг хүчинтэйд тооцох, үр дүнтэй байлгах үүднээс иргэдийн хяналтын тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага байгаа. Хэдийгээр улс төрийн намууд болон олон улсын байгууллагаас хяналт, ажиглагчийн үүрэгтэйгээр сонгуулийн үйл ажиллагаанд оролцдог ч иргэд өөрсдөө хяналт тавих боломжийг эрэлхийлдэг бас шаарддаг. Энэ тал дээр Цагдаагийн ерөнхий газрын даргын хувьд ямар ажил зохион байгуулах боломжтой гэж харж байна хэмээн асуусан. Мөн сонгогчид саналынхаа хуудасны зургийг аваад нэр дэвшигчдээ үзүүлдэг гэх мэт асуудлууд гардаг. Үүн дээр ямар хяналтыг бий болгох боломжтой вэ хэмээн лавласан.

              Нэр дэвшигч Б.Сүхболд, Цагдаагийн байгууллагаас Сонгуулийн тухай хууль зөрчсөн 24 зөрчлийг шийдвэрлэхээр Зөрчлийн тухай хуульд заасан байгаа. Үүн дээр иргэд саналын хуудасныхаа зургийг авах, иргэдийн саналын хуудаст тэмдэглэл хийх, сонголт хийхэд нь нөлөөлөх, нууцлалыг хангахтай холбоотой зөрчлүүдийг Зөрчлийн хуульд тусгасан. Цагдаагийн байгууллагын зүгээс Зөрчлийн хуулиар заасан 24 зөрчлийг шуурхай шийдэж ажиллана. СЕХ-ны гишүүнээр томилогдон ажиллавал Сонгуулийн тухай хууль зөрчихгүйгээр иргэдийн хараа хяналт бий болгох, хяналтын камеруудыг ямар түвшинд ажиллуулбал иргэдэд нээлттэй, маргаангүй байж болох вэ гэдэг дээр санаачилга гарган ажиллана гэсэн хариултыг өгсөн юм.

            УИХ-ын гишүүд цахим орчин дахь хуурамч хаягууд, түүгээр дамжуулан бусдын нэр төрд халддаг явдлын талаар, сонгуулийн үеэр иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тодруулж байр сууриа илэрхийлснээр сонсгол өндөрлөлөө.