УИХ-аас Хөгжлийн банкны асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг эцсийн дүгнэлтээ өнөөдөр гаргана. Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатараас өгсөн чиглэлийн дагуу холбогдох байнгын хорооноос Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөсөн. Оны өмнөхөн баталсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үүнийг зохион байгуулах юм. Тэгвэл уг хууль болон Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар нээлттэй сонсголыг ямар процессоор хэрхэн явуулахыг дор тайлбарлъя.
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд зааснаар парламентын хяналт шалгалтыг дараах найман зорилгоор хийнэ.
Эдийн засгийн тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкийг байгуулсан ч нийт зээлийнх нь 53 хувь нь чанаргүй ангилалд шилжсэн. Зарим зээлдэгчийнхээ асуудлаар шүүхэд хандсан ч шийдэгдэхгүй, хугацаа их алдаж буй, мөн зээлээ эргэн төлөхгүйд хүрвэл тус банкны бондын төлбөрийг Засгийн газар буюу татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулах эрсдэл үүсээд байгаа. Түүнчлэн улстөрчид, албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан тус банкнаас өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл өгсөн гэх ч хардлага бий болсон.
Тэгвэл уг асуудлын мөрөөр буюу дээрх зорилгуудын хүрээнд УИХ хяналт шалгалтын бүрэн эрхээ хэрэгжүүлэх юм. Ингэхдээ хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх арга хэрэгслүүдээс (асуулт, асуулга тавих, хууль, тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, мэдээлэл сонсох, тайлан, илтгэл хэлэлцэх, төсөвт хяналт тавих, хяналтын сонсгол хийх, хянан шалгах түр хороо байгуулах) хяналтын сонсгол хийхийг нь сонгов.
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд зааснаар хяналтын сонсгол нь дараах дөрвөн төрөлтэй.
(Сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулна. Төрийн, хувь хүний нууц, үндэсний аюулгүй байдлаас бусад асуудлаар хаалттай явуулахыг хориглоно)
Эдгээрээс ерөнхий хяналтын сонсголыг нээлттэй хэлбэрээр явуулахаар болсон. Тодруулбал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагавартай танилцах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг явуулах хуультай. Тэгэхээр Хөгжлийн банкны тухай хуульд тулгуурлан үүнийг хийх аж.
Сонсголыг тухайн асуудлыг эрхэлсэн байнгын, дэд, түр хороо зохион байгуулах эрхтэй. УИХ 11 байнгын хороотой бөгөөд эрхлэх асуудлынх нь хүрээнээс харвал Хөгжлийн банкны асуудлыг УИХ-ын эдийн засгийн байнгын хороо хариуцах бололтой. Тэгэхээр тус байнгын хороо сонсголыг зохион байгуулах товыг тогтоож, чуулганы нэгдсэн болон байнгын, дэд, түр хорооны хуралдаантай давхардуулахгүйгээр, мөн УИХ-ын чуулганы чөлөө цагт ч зохион байгуулж болох аж.
Байнгын хороо сонсголын зарыг нийтэд түгээх бөгөөд тодорхой асуудлаар санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч нь сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө үүнд бүртгүүлэх зохицуулалттай.
Сонсгол зохион байгуулах журамд заасан зарим заалтыг доор оруулав.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо нь сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр байнгын хорооны санал, дүгнэлтэд тусган нэгдсэн хуралдаанд танилцуулна. Ингэхдээ хэрэв шаардлагатай гэж үзвэл холбогдох тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулах боломжтой. Энэ үеэр гишүүд асуулт асууж, үг хэлэх эрхтэй байх юм.