Нээлттэй сонсгол: Хүний эрх хамгаалагчаар ажиллахад олон бэрхшээл тулгардаг
2022-02-18

     УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүний болон тус комиссын дэргэд ажиллах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХТГ-ын Хууль, эрх зүйн газрын Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбатыг томилсон билээ. Харин гишүүнээр нь Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Жамбал, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, АН-ын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан нар ажиллаж буй юм.  

      ХЭҮК-ын (хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан) болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу дээрх ажлын хэсгийн гишүүдийн олонх хүрэлцэн ирсэн бол нээлттэй сонсголыг эхлүүлэх ёстой. Үүнд заасны дагуу ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлсэн Т.Саруул, С.Дондов болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нарын дунд нээлттэй сонсголыг өчигдөр 11.00-17.30 цагт зохион байгууллаа.

Нэр дэвшигчдийн товч намтрыг танилцуулъя.

С.Дондов: 1964 онд Баянхонгор аймагт төрсөн. 1984-1989 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрхзүйч мэргэжлээр суралцсан. 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 2002-2010 онд “Хүний эрх хөгжил төв” ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн зохицуулагчаар ажилласан. 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж байна.  

 

Т.Саруул: 1974 онд Завхан аймагт төрсөн. 1992-1996 онд Улсын Багшийн Их Сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн Гадаад хэлний сургуульд Англи-Орос хэлний орчуулагч, 2001-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрхзүйч мэргэжил эзэмшсэн. Мөн 2010-2013 онд ХБНГУ-ын Оснабрюкийн их сургуульд хууль зүйн магистрын, 2010-2012 онд мөн сургуульд улс төрийн магистрын зэрэг хамгаалсан.  1996-1998 онд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуульд англи хэлний багш, 2007-2009 онд GCE ХХК-д хуулийн зөвлөх, 2009-2010 онд “Gt’s адвокатс”-д хуулийн зөвлөх, 2013.05-2013.06 сард Хууль зүйн үндэсний хүрээлэнд судлаач, 2013.06-2013.08 сард Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцааны хэлтэст даргын үүрэг гүйцэтгэгч, 2013-2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд бодлогын судлаачаар ажилласан. Мөн 2014 оноос “Түгээмэл эрх хөгжил” ТББ-ын тэргүүн, 2019 оноос “Эко соёл сан” ТББ-ын тэргүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байна.

 

          Ажлын хэсгийн гишүүд болон сонсголд оролцож буй иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөл нэр дэвшигчдэд дараах асуултыг тавьж, хариулт авлаа.

 

Ц.Идэрчулуун: Нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг журамласан. Та сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал, улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байсан уу. Мөн таны эрхэлж байсан ажил, мэргэжил дандаа л хүний эрхийг хамгаалах чиглэлтэй холбоотой байжээ. Тэгэхээр яг юу дутаад байгаа учир ХЭҮК-ын гишүүн болох гэж зорьсон юм бэ. Хэрвээ томилогдвол юу хийх вэ. Одоо хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа ч заавал ХЭҮК-ын гишүүн болох гэж зорьсны тань учир юу вэ. ХЭҮК-ын гишүүн болбол төрийн тусгай албан хаагчийн ангилалд багтана. Тэгэхээр төрийн тусгай албан хаагчид тавигдах шаардлагатай танилцсан уу?

С.Дондов: Би улс төрийн ямар нэгэн намд харьяалалтай байгаагүй. Гишүүнээр нь ажиллаж байсангүй. Хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, холбогдох судалгааг хийдэг, үнэлэлт дүгнэлт өгч, төрийн байгууллагуудад хүргүүлдэг хүний эрхийн зүтгэлтэн гэж би өөрийгөө үздэг. Миний ажлын туршлага Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэж би бодож байна. Би төрийн захиргааны алба, байгууллагад ажиллаж байгаагүй. Гэвч миний нэрээ дэвшүүлсэн тухайн орон тоонд би ялгаварлан гадуурхагдахгүйгээр ажиллах эрх бий гэж үзсэн учраас сонгон шалгаруулалтад оролцсон.  

Н.Мөнгөнцэцэг: Хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хэрхэн хүлээн авч, шийдвэрлэдгийг судалсан байх. Үүнтэй холбоотой мэдээллийн сан байдаг уу. Үндэсний статистикийн хороонд энэ төрлийн мэдээллийг нэгтгэдэг үү. Тоон мэдээлэлд тулгуурлан манай улсын өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж хэлнэ үү?

С.Дондов: Олон улсын гэрээ, конвенциуд, НҮБ-ын гэрээний хороодоос өгсөн зөвлөмж, үндэсний хууль, тогтоомжуудад заасны дагуу хүний эрхийн тодорхой зөрчлүүдийг арилгах ёстой. Гэхдээ манай улсад хүний эрхийн зөрчил хэдий хэмжээнд байгаа талаарх статистик өнөөдрийг хүртэл тодорхойгүй. Ялгаварлан гадуурхах хүний эрхийн зөрчил манай улсад хамгийн их байгаа. Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлд уг зөрчлийг тусгасан ч шийдвэрлэж, үр дүн гарч байгаа, эсэх нь тодорхойгүй байна. Жендерт суурилсан, хүүхдийн хүчирхийллийн хохирогчид гомдлоо зохих байгууллагад гаргадаг боловч бодитойгоор шийдэгдсэн, эрхийг нь эргэн сэргээсэн, нийгэмшүүлсэн, хэвийн амьдралд нь оруулсан явдал тун хангалтгүй байгаа.

Нөхөн төлбөр, хохирлыг нь төлүүлж чадахгүй үлддэг тохиолдол олон

О.Мөнхсайхан: ХЭҮК-ын гишүүнээр томилогдвол өмнө нь хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж байснаас юугаараа өөр байх вэ. Хүний эрхийг хамгаалахад хийх боломжгүй байсан нөхцөл дээрдэх үү. Өнгөрсөн хугацаанд харамсаж явсан жишээ байна уу?  

С.Дондов: Хүний эрх хамгаалагчийн ажил хийж явахад минь олон бэрхшээл тулгардаг байсан. Шийдвэр гаргах түвшний хүн биш тул өмгөөлөгчөөр, хүний эрх хамгаалагчаар ажиллахад ялгаварлан гадуурхалтад өртдөг. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон, эсвэл хэн ч “тоодоггүй” гэмт хэргийн хувьд өмгөөлөгчөөр ажиллахад дарамт учирдаг байсан. Мөн хохирогчийн эрхийн төлөө ажиллаж буй өмгөөлөгч, тухайн хэргийн золиос болсон хүнд ч тэр төрийн зүгээс ямар ч хамгаалалт байдаггүй. Үүнийг шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин, механизм бүрдээсэй гэдэг үүднээс санал, шүүмжлэлээ хэлдэг байсан. ХЭҮК-ын гишүүнээр томилогдвол энэ нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж үзэж байгаа. Хоёрдугаар асуултад хариулахад, харамсмаар зүйл маш их. Хохирогчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин хангалтгүйгээс нөхөн төлбөр, хохирлыг нь төлүүлж чадахгүй үлддэг тохиолдол олон.

Б.Жамбал: ХЭҮК-оос сүүлийн жилүүдэд гаргасан илтгэлүүдтэй танилцсан уу. Хүний эрхийн төлөв байдал ямар түвшинд байгаа гэж хувь хүнийхээ зүгээс үздэг вэ. Нэг өрөөнд сууж, иргэдийн өгсөн өргөдөл, гомдлын хүрээнд л зөвхөн асуудлыг ярьдаг ХЭҮК-ын гишүүн болох уу. Эсвэл өөрийн санаачилгаар, хуулийн хүрээнд аливаа асуудалд мэдрэмжтэй хандаж, зориг тэвчээртэй ажиллах уу?

С.Дондов: ХЭҮК-ын илтгэлийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхгүй байгаа нь учир дутагдалтай. Тиймээс тус илтгэлийг УИХ-аар хэлэлцэж, тогтоол, шийдвэрийг нь гарган, хэрэгжүүлдэг болоход хүний эрхийн байгууллагууд идэвхийлэн ажиллаж ирсэн. Илтгэлд тухайн жилд тухайн сонгосон сэдвээр хүний эрхийн нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг дүрсэлдэг гэж ойлгож болно. Монгол Улс олон улсын чухал гэрээ, конвенциудад нэгдэн ордог, НҮБ-ын гэрээний хороодоос илгээсэн зөвлөмжүүдийг хүлээн авдаг ч төдийлөн сайн хэрэгжүүлдэггүй. Үүнээс улбаатайгаар хүний эрхийн зөрчил улам даамжирч байна гэж боддог. Тиймээс хүний эрхийн нөхцөл байдлыг тун тааруу гэж дүгнэдэг. Би олон жилийн турш хүний эрхийн чиглэлээр ажилласан, ямар зөрчил гардаг, үүний улмаас асуудал хэрхэн үүсдэгийг мэддэг учраас тэдгээрийг шийдвэрлэхийн тулд хэрхэн санал санаачилга гаргаж, ажиллах баримжаатай болсон.

Ц.Идэрчулуун: ХЭҮК-ын гишүүн бол төрийн тусгай албан тушаал. Уг албан тушаалыг хашихад төрийн албанд багадаа 16 жил ажилласан байх ёстой. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр одоо ажиллаж буй нөхцөл нь ХЭҮК-ын гишүүнээр томилогдвол хэрхэн өөрчлөгдөх вэ. Ялгаатай нь юу вэ?

Т.Саруул: ХЭҮК нь үндсэн гурван тулгууртай гэж би хардаг. Нэгдүгээрт, ХЭҮК нь төрийн бус байгууллагын хүний эрхийг хамгаалах тогтолцоонд хамтран оролцдог. Хоёрдугаарт, төрийн байгууллагын албан тушаалтан болон институцууд хүний эрхийг хангах чиглэлээр ямар зөрчлүүд гаргаж байна вэ, түүнд санал, дүгнэлт, зөвлөмж, шаардлага хүргүүлж ажилладаг. Гуравдугаарт, Олон улсын хүний эрхийн үндэсний сүлжээний байгууллагуудын нэгд багтдаг, олон улсын хүний эрх зүйг хамгаалах чиглэлээр ямар үйл ажиллагаанд хамтран ажиллах вэ гэдгийг үндсэн тулгуураа болгож, ажилладаг байгууллага. ХЭҮК-ын гишүүнийг төрийн үндсэн алба гэж харахгүй байна. Харин төрийн алба бүхий байгууллагад хяналт тавих эрх бүхий албан тушаалтан юм. Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны эдийн засгийн болон улс төр, нийгмийн хараат бус байдлыг хангах үүднээс нь үзвэл ХЭҮК-ын гишүүнийг төрийн өндөр албан тушаалтны зэрэг, дэвд дүйцүүлэн үзэж, тусгайлсан бүрэн эрх, ажиллах нөхцөлөөр нь хангадаг. Энэ утгаараа бол төрийн өндөр албан тушаалтны баримтлах ёс зүйн болон хуулийн шаардлагыг хангаж ажиллах ёстой. Төрийн бус байгууллага нь ямар зовлон жаргал, нөөц бололцоо, хүсэл эрмэлзлэлээр ажилладгийг мэддэг, судалгаа хийдэг хүний хувьд гаргалгаа, гарц, шийдлүүд байнга бий болдог. Миний үзэл бодол, судалгааны үр дүн, мөн хүний эрхийг хамгаалах тогтолцоонд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах сэтгэл зүтгэл бий учраас ХЭҮК-ын гишүүнээр томилогдох хүсэлтэй байна.  

Ц.Идэрчулуун: Хуульчилсан зохицуулалтыг үгүйсгэж, ХЭҮК-ыг төрийн алба гэж үзэхгүй байгаагаа та хэллээ.

Т.Саруул: Энэ бодол дээрээ би баттай зогсож байна.

Хурдан морь унах нь хүүхдийн эрхийн зөрчил гэв  

Б.Хишигсайхан: Хүний эрх хамгаалагчид аюул учирсан бол эрсдэлийн үнэлгээг хийхэд хамгийн чухал анхаарах ёстой зүйл нь юу вэ. Таны өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлагуудаас аль нь ХЭҮК-ын гишүүнээр ажиллахад хамгийн их хэрэг болох вэ?

Т.Саруул: Тухайн хүний эрхийг хамгаалагчид ямар эрсдэл үүссэн бэ, тусгайлан хамгаалах шаардлагатай юу, эсвэл зөвлөгөө, зөвлөмж өгөн шийдэх үү гэдэг нь эрсдэлийн үнэлгээг хэр зэрэг боловсруулснаас шалтгаалдаг. Хүүхэд, гэрч, хохирогч нь аюултай нөхцөлд байсаар атал эрсдэлийн үнэлгээ хийсний дараа хамгаалах, эсэхийг нь шийддэг нь процессын хувьд орон зай үүсгэдэг талтай. Энэ хугацаанд хүний эрх хамгаалагч нь илүү эрсдэлд орох нөхцөл бүрддэг. Ялангуяа орон нутагт гэмт хэргийн зөрчлийн улмаас хохирогч болсон байхад Улаанбаатар дахь байгууллагад хандаж, эрсдэлийн үнэлгээ хийлгүүлэн, дараа нь хамгаалалтад авах нь их хугацаа шаарддаг. Хохирогчид ямар эрсдэл үүсэх вэ гэдгийг хамгийн түрүүнд бодох ёстой. Монголын нөхцөлд төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, тодорхой хугацааны туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулах нь хувь хүнээс маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг. Хүний нөөцийн, эдийн засгийн бага нөөцөөр их ажлыг амжуулах ур чадварт иргэний нийгмийн байгууллагынхан бүгд суралцсан байдаг. Томоохон институц болох ХЭҮК нь өөрийн гэсэн ажлын хэсэгтэй, төрийн бусад байгууллага болон үндэсний, олон улсын хэмжээнд шууд ажиллах боломжтой учир тус байгууллагын нөөц, өөрийн зүгээс хамаарах чадварыг шавхтал дайчлах боломж надад байна. Би англи, орос, герман хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн учир миний хэлний мэдлэг ихээхэн хэрэг болох байх.   

Т.Жамбал: МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсчээ. Хуульчийн мэргэжлийн шалгалтыг хэдэн онд өгсөн бэ. Хэдэн оноос хойш өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн бэ. Түүний дотор өмгөөллийн ямар чиглэлээр үйл ажиллагаа тогтвортой эрхэлсэн бэ?  

Т.Саруул: 2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрхзүйч мэргэжлээр төгссөн. 2007 онд хуульчийн мэргэжлийн сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн. 2017 оны тавдугаар сараас хойш өмгөөллийн эрх авсан. Төрийн бус байгууллага, нийтийн ашиг сонирхол, хүний эрх, эрх чөлөөний чиглэлээр дагнан ажилладаг учраас миний харилцагчдын дийлэнх нь төлбөрийн чадваргүй, эмзэг бүлгийн хүмүүс байдаг. Шүүхийн өмнөх шатанд гэрээ боловсруулах, хууль зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр би түлхүү ажилладаг. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан туршлага маань тийм ч арвин биш. Гэхдээ стратегийн, хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр өмгөөлөл хийж байсан туршлагатай.   

Т.Жамбал: Эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байсан хэчнээн тохиолдол байна уу?  

Т.Саруул: Эрүүгийн эрх зүйн чиглэлээр би ямар нэг өмгөөлөл хийж байгаагүй. Миний мэргэшсэн, сонирхож судалгаа хийдэг салбар бол Үндсэн хуулийн, хүний, иргэний, захиргааны эрх зүй.

М.Баасанбат: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад оролцсон уу. Хүний эрхийн чиглэлээр ном, бүтээл гаргаж, судалгааны ажил хийсэн туршлага бий бол товч дурдана уу?

Т.Саруул: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад оролцсон. Энэ бол нээлттэй сонгон шалгаруулалт бөгөөд тухайн албан тушаалд шаардагдах ур чадварыг эзэмшсэн гэж өөрийгөө үзсэн хэн бүхэн нэрээ дэвшүүлэх боломжтой. Нээлттэй сонгон шалгаруулалтыг хуульчилсан явдалд маш талархалтай байгаа. Эрх зүй хэрэглэх арга зүй гэсэн дан сэдэвтэй бүтээлийг миний бие бичсэн. Мөн ганцаараа болон хамтран хийсэн судалгааны ажлуудын 90 хувь нь хүний эрхийн чиглэлийн сэдвүүд байна.  

М.Баасанбат: Хурдан морь унаач хүүхдийн тухайд та байр суурьтай байдаг вэ. Хорих ангиудад хүний эрх хэрхэн хангагдаж байгаа вэ?

Т.Саруул: Хурдан морь унах нь хүүхдийн эрхийн зөрчил. Соёл, уламжлал нь тухайн нийгэмд дэвшилттэй, зохистой тухайд бүтээлч хандах ёстой. Олон зуун жилийн туршид уламжлагдан ирсэн соёлоо хүндэтгэх учиртай. Гэхдээ орчин үеийн нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байна уу, хүүхдийн эрүүл амьдрах, боловсрол эзэмших, эцэг, эхтэйгээ хамт амьдрах эрх зөрчигдөж байгаа юу гэдэг талаас нь авч үзвэл зохистой зүйл биш. Өмгөөллийн чиглэлээр хорих ангид очиж үйлчлүүлэгчтэйгээ уулзаж байсан тохиолдол мэр сэр байгаа. Хууль зүйн туслалцааны төвд хэрэглэгчийн үнэлгээ хийх ажлыг төрийн бус байгууллагын хуульчдын хамт хийсэн. Энэ ажлын хүрээнд орон нутаг, нийслэл дэх хорих ангиудад үнэлгээ хийж байсан. Үүний үр дүн хангалттай биш байсан.    

          

      ХЭҮК-ын дэргэд ажиллах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэрээ дэвшүүлсэн хүмүүсийн танилцуулга 

Ч.Отгончулуун: 1978 онд төрсөн. 1997-2001 онд  МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. 2002-2004 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын менежер (бакалаврын), 2004-2006 онд тус академид Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2002-2004 онд Хүнс,  хөдөө аж ахуйн яамны Улсын нөөцийн газарт мэргэжилтэн, Өр барагдуулах албаны дарга, 2004-2007 онд Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газарт мэргэжилтэн, Өр барагдуулах албаны дарга, 2009-2012 онд ХЭҮК-ын Ажлын албанд ахлах референт, 2012 онд Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газарт хэлтсийн дарга, 2012-2016 онд Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвийн дэд захирал, 2017-2019 онд Онцгой байдлын ерөнхий Газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газарт хэлтсийн дарга, Өр барагдуулах албаны даргаар ажилласан.

Б.Өнөрмаа: 1974 онд төрсөн. 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд бакалавр, 2007-2010 онд ХБНГУ-ын Триерийн их сургуульд Хууль зүйн магистр, 2010-2014 онд тус сургуульд  Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. 1998-1999 онд Баянзүрх дүүргийн Прокурорын газарт мэргэжилтэн, операторч, 1999-2002 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокурор, 2002-2007 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокурор, 2010-2010 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокурор, 2010-2011 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокурор, 2014 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокурор, 2014-2015 онд Улсын ерөнхий прокурорын Мэдээлэл дүн шинжилгээний албанд хяналтын прокурор, 2015-2017 онд Улсын ерөнхий прокурорын Сургалт, судалгааны төвд хяналтын прокурор, сургагч багш, 2017-2019 онд Улсын ерөнхий прокурорын Сургалт судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах хүрээлэнд захирал, ахлах прокуророор ажилласан. 2019 оноос хойш Улсын ерөнхий прокурорын Сургалтын төвд хяналтын прокуророор ажиллаж байгаа аж.

Я.Цэлмэн: 1981 онд төрсөн. Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийг төгссөн. Эрхзүйч, хууль зүйн магистрын зэрэгтэй.  2008 онд Завхан аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч, 2008-2012 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах хоёрдугаар тасагт мөрдөн байцаагч, 2012-2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, дэд профессороор ажиллаж байгаа юм байна.  

 

         Ажлын хэсгийн гишүүд болон нээлттэй сонсголд оролцож буй иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөл нэр дэвшигчдэд дараах асуултыг тавьж, хариулт авлаа.

"Сэтгэл санааны хохирлыг уучлал гуйлгуулах, эмчилгээ хийлгүүлэх замаар барагдуулах боломжтой" 

Н.Мөнгөнцэцэг: ХЭҮК-ын Ажлын албанд дөрвөн жил ажиллажээ. Энэ хугацаанд 800 гаруй өргөдөл, гомдлыг шалган шийдвэрлэж, хариу өгсөн гэнэ. Шийдвэрлэсэн гомдол, мэдээлэлдээ тулгуурлан Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дүгнэж хэлнэ үү?

Ч.Отгончулуун: ХЭҮК-ын мэдээллээс үзэхэд, ирүүлж байгаа өргөдөл, гомдлын багагүй хувь нь эрүүдэн шүүхтэй холбоотой байна лээ. Монгол Улсын хэмжээнд эрүү шүүлтийн асуудал нууцлагдмал байдалд орсон. Өмнө нь Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрцөн байцаах алба үүнтэй холбоотой гомдол, хэргийг шалгадаг байсан. Өнөөдөр энэ төрлийн хэргийн шийдвэрлэлтэд өөрчлөлт орсон. Хүний эрхийн зөрчил, тэр дундаа эрүүдэн шүүхтэй холбоотой гэмт хэргийг илрүүлэн шалгах ажиллагаа тодорхой хэмжээнд дутагдалтай байгаа. ХЭҮК-ын илтгэлд хүний ямар эрхүүд хэрхэн зөрчигдөж байгааг тодорхой бичсэн байдаг. Үүнээс үзэхэд манай улсын хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах шаардлагатай.

Б.Хишигсайхан: Эрүүдэн шүүлтийн эсрэг нэмэлт протоколын дагуу эрүүдэн шүүлтийн эсрэг үндэсний механизмыг байгуулах ёстой. Уг механизмыг манай улс ХЭҮК гэх бие даасан институцын дэргэд байгуулах гэж байна. ХЭҮК, эрүүдэн шүүхийн эсрэг үндэсний механизмын хараат бус байдлыг хангахад юунд анхаарах шаардлагатай вэ. Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсвэл тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт эрүү шүүлтийн эсрэг асуудал хариуцсан гишүүн саадгүй нэвтэрч, хяналт шинжилгээ хийх эрхтэй. Хэрвээ та уг албан тушаалд томилогдвол ямар байгууллагад хамгийн түрүүнд хяналт шинжилгээ хийх вэ?

Б.Өнөрмаа: Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмыг хараат бус байлгах хамгийн гол үндэслэл нь иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг үүнд оролцуулах, үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгахад чиглэгдэнэ. Хараат бус байлгах үндсэн нөхцөл нь хууль, эрх зүйн орчноос шалтгаална. Эрүүдэн шүүхтэй холбоотой эрх зүйн орчин зарим тохиолдолд хоорондоо зөрчигдөж байгааг судлаачийн хувьд тогтоосон учраас зохих байгууллагад нь мэдэгдэнэ. Хэрвээ би томилогдвол хамгийн түрүүнд асрамжийн газар, хүүхэд хамгаалах байранд хяналт шалгалт хийнэ. Нэмж хэлэхэд, үндэсний урьдчилан сэргийлэх механизмын нэг чухал зүйл нь зөвхөн төрийн байгууллага бус, төрийн бус байгууллага болон эмнэлэг, нас, бие бялдар, эрүүл мэндийн, бусад байдлын шалтгааны улмаас өөр хэн нэгний эрхшээлд байгаа хүмүүст хүрч үйлчлэхэд оршино. Эрүүдэн шүүхээс ангид байх эрх нь манай улсын хүн бүхэнд хамааралтай. Тиймээс тэнд байгаа хүмүүс энэ эрхээ эдэлж байна уу гэдгийг тогтоох ёстой. Үүнийг манай улсад зүй бус харьцаа гэж тодорхойлж байгаа. Албан тушаалтны иргэнтэй харьцаж буй зүй бус харьцаа буюу бүдүүлэг үг хэллэг хэрэглэх явдлыг зогсоох ёстой. Гэвч үүнээс илүүтэйгээр хэцүү нөхцөл байдалд буй хүнтэй зүй бус харьцаж байгааг эрүүдэн шүүлтийн нэг төрөл гэж үздэг. Тиймээс үүнийг зөрчил болгох уу, эсвэл гэмт хэрэг байлаа гэхэд эрүүгийн хуулийн аль ангилалд багтаахыг судалж үзнэ.    

Н.Мөнгөнцэцэг: Эрүүдэн шүүлттэй холбоотой гэмт хэргийг шалгах, хянах тогтолцоо нь манай улсад ямар хэлбэрээр орших нь зөв бэ. Та үүний хууль, эрх зүйн орчныг бүрдсэн гэж хэллээ. Статистикаас үзэхэд, эрүүдэн шүүлтийн гэмт хэрэг нуугдмал байгаа гэж та дурдсан. Энэ нь хянан шалгах тогтолцоотойгоо холбоотой юу. Эдийн бус хохирлыг тогтоож чадахгүй байгаад ямар байр суурьтай явдаг вэ?  

Я.Цэлмэн: Тогтолцоог нь маш зөв суурьтай бүрдүүлэх шаардлагатай. Хэрвээ би томилогдвол олон улсын гэрээнд тусгасан, эрүү шүүлтийг Монголд устгах зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллана. Үүний хүрээнд хүмүүсийн зөрүүтэй ойлголтуудыг нэгтгэх, иргэдийг соён гэгээрүүлэх, эрүүдэн шүүлтээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ гэдэг сургалтыг зохион байгуулах шаардлагатай. Сэтгэл санааны хохирлыг тогтоож чадахгүй байгаа нь бүх зүйлийг мөнгөөр үнэлэх гэж орлддогтой холбоотой. Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх гээд л хэт нэг талыг барьж ажиллавал бид үүнийг томьёолж чадахгүй. Хүн бол хэмжиж боломгүй үнэт зүйл. Сэтгэл санааны хохирлыг уучлал гуйлгуулах, эмчилгээ хийлгүүлэх замаар барагдуулах боломжтой. Тухайлбал, Германд олон нийтийн өмнө уучлал гуйлгуулдаг.  

Сэтгэгдэл