Иргэн, хуулийн этгээдүүдээс 66 өргөдөл, гомдлыг Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Судалгаа шинжилгээний албанд энэ сарын 7-11-нд ирүүлжээ. Эдгээрийг тус албаныхан хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлсэн байна.
Өргөдөл, гомдол, мэдээллийн 52 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байгаа аж. Үүнээс тусгай зөвшөөрөл, тендер худалдан авах ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж буй гэнэ. Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаарын утсаар 280 дуудлагыг өнгөрсөн долоо хоногт мөн хүлээн авчээ.
АТГ-ын Судалгаа шинжилгээний алба “Монголчуудын ёс заншил, уламжлал, ахуй, соёлтой нийцсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааны арга, хэлбэрийг тодорхойлох нь” судалгааны ажлын хүрээнд авлигын хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон авлигын хэрэгт холбогдож шүүхээр гэм буруутай нь тогтоогдон ял эдэлж буй хүмүүсийн зарим тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Цаашид төрийн 12 байгууллагад авлигын эрсдэлийн үнэлгээ хийхээр бэлтгэл ажлыг хангаж буйгаа тус албанаас мэдээлэв.