Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Дараах онцлох шийдвэрүүдийг гаргасан бөгөөд хэрэгжилтийг нь хангахыг хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.
- Эрүүл мэндийн даатгалын сангийн 60.8 тэрбум төгрөгийг иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд зарцуулна. Энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсын бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах нь. Ингэснээр бүх иргэний бүртгэлтэй эрүүл мэндийн нэгдсэн систем үүсгэх боломж бүрдэх юм байна.
- Кино, дүрслэх урлагийн дэлхийн хэмжээний наадмуудад монгол уран бүтээлчдийн бүтээлийг соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцуулахаар болов. Тухайлбал, Каннын кино наадам, Венецийн фэстивальд оролцуулах нь.
- Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан сүүлийн хоёр жилийн хугацаанд төсвөөс зарцуулсан хөрөнгийн тайланд хяналт хийж, нээлттэй танилцуулах үүргийг Ерөнхий сайд холбогдох албаныханд өгчээ.
- Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны газрыг (Засгийн газрын агентлаг) сэргээн байгуулахаар болжээ. Шинээр байгуулсан Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд уг газрыг 30 хүний орон тоотойгоор байгуулах бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч нарыг дотоодын эдийн засгийн салбаруудтай холбох, эдийн засаг, бизнесийн боломжуудыг олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг хийх аж. Мөн Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулах, Давосын эдийн засгийн форумд бэлтгэх, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийх хөрөнгө оруулалтуудыг уялдуулах зэргийг хариуцах нь.