Цагаан сарын баяр хуучирлаа. Харин эл баярыг угтаж, УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо ахмад настнуудад боов, бэлэн мөнгө, эд зүйл тараасан “сенсаци” хуучрах ёсгүй. Тэдний нэг нь хэдхэн өдрийн өмнө “Боодол мөнгө тараасан хүн бол би” гээд бахархалтай зүйл хийсэн мэтээр өөрийгөө өөгшүүлж ярина лээ. Хэрвээ ийм байдлийг хязгаарлах хууль, эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэхгүй л юм бол жил ирэх бүр бэлэг, бэлэн мөнгөний “хахууль” даамжирсаар сонгуультай золгох нь. Ямар сайндаа Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг нэгэн эмээ “Н.Учрал бол сайн хүү. Ахмадуудад Цагаан сарын идээ, ундаа өгдөг, амралт сувилалд ч хамруулдаг” гэж ярихыг нь сонсож байв. Гишүүд өөрсдөө ухамсарлаад ийм үйлдлээ зогсооно гэдэгт найдсаар байтал бодлого ярьж, хэрэгжүүлдэг нь биш, “боорцог тараадаг” нь сонгогдсоор өдий хүрлээ.
2020 оны сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ дотроо бүтцийн өөрчлөлт хийхдээ “Гишүүдийн ёс зүйн асуудалд онцгой анхаарна” гээд Ёс зүйн дэд хороог Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороо болгон өргөжүүлсэн. Хорооны даргаар нь төрийн албан хаагч, улстөрчдийн ёс зүйн асуудлыг хөндөж ярьдаг гишүүн Б.Бат-Эрдэнийг томилов. Энэ он гарахаас өмнө амжиж, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг ч шинэчлэн баталлаа. Дүрмийн дагуу ёс зүйн зөрчил гаргасан гишүүдэд хариуцлага хүлээлгэнэ гэж Б.Бат-Эрдэнэ дарга “жинтэй” мэдээлэл хийсэн. Энэ бүхэн нийгэмд өндөр хүлээлт үүсгэв.
УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг сөхөж харъя. Үүнд хэд хэдэн онцгой зохицуулалт тусгажээ. Хамгийн эхэнд нь “УИХ-ын гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ "… би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн өргөсөн тангаргаа сахин биелүүлэхэд нь туслахад энэхүү Ёс зүйн дүрмийн зорилго оршино” гэж бичсэн байна.
Түүнчлэн “Гишүүн ард түмнийхээ элчийн хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх...” хэм хэмжээг сахин мөрдөнө гэж заажээ. Үүнээс гадна хамгийн анхаарахуйц нь “Гишүүн өөрт хуваарилагдсан төсвийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно” гэсэн 5.2 дахь заалт юм.
Бэлэн мөнгө, боорцог тараасан үйлдлийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооныхон “зүгээр” өнгөрөөснийг бодоход дээрх заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байгаа бололтой. Тэглээ ч авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх гэсэн ойлголтыг нарийвчлан тодорхойлоогүй, “бөөрөнхий” хэвээр үлдээснийг бодоход эл дүрмээс их зүйл хүлээгээд хэрэггүй бололтой.
Дээрх дүрмийн хамгийн сүүлд нь “Байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээний тодорхой асуудлаар нарийвчилсан журмыг батлан мөрдүүлж болно” гэж заажээ. Тэгвэл гишүүн бэлэг, бэлэн мөнгө, эд зүйл тараахыг хориглосон нарийвчилсан журам баталж, мөрдүүлэх бүрэн эрх Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд бий аж. Тэглээ ч сонгуулийн бус цагт бэлэг, бэлэн мөнгө тараадгийг эрх баригчид хүсвэл хязгаарлах нь энүүхэнд зүйл. Хууль санаачлах, дээрх дүрмийн хамгийн сүүлийн заалтад дурдсан журмыг батлах гээд л хангалттай эрх УИХ-ын гишүүдэд, тус байнгын хороонд бий ч дургүйд хүчгүй гэгчээр ажил хэрэг болгохгүй байсаар.
Уг нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар бэлэг тараасан сенсацитай холбогдуулж, мэдээлэл хийхдээ “Гишүүд иргэд, сонгогчдод сонгуулийн бус цагт бэлэг тараахыг хориглохоор хуулийн төсөл боловсруулна. Улстөрчид тэмдэглэлт ой, баярыг тохиолдуулан өөрийн сонгогдсон тойргийн иргэдэд төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнийг бэлэг нэрийн дор өгдөг. Энэ нь цаад утгаараа сонгогчдыг дорд үзэн, төсвийн мөнгийг үрэн таран хийж, дараагийн сонгуулийн бэлтгэлийг хангадаг үйлдэл гэсэн сөрөг сэтгэгдлийг нийгэмд үүсгэж байна. УИХ-д сонгогдсон бол хууль тогтоох, ИТХ-д сонгогдсон бол иргэдийн эрх ашгийг хангах ажилдаа төвлөрч, улсаа, аймаг, дүүргээ хөгжүүлэх үүрэгтэй”-г онцолсон.
Хэрвээ сөрөг хүчний төлөөлөл болсон гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар дээрх хуулийн төслийг боловсруулан, өргөн баривал эрх баригчид дэмжих үү. Аль эсвэл хэлэлцүүлэхгүй байсаар “хав дарах” уу гэдэг нь сонирхолтой.