УИХ-ын гишүүд энэ сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргана
2022-02-10

      Авлигын эсрэг хуульд заасны дагуу УИХ-ын дарга, гишүүд энэ сарын 15-нд багтаан Авлигатай тэмцэх газар (АТГ)-т хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн хүргүүлэх ёстой. Гишүүдээс гадна төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх, үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, ерөнхий, ахлах нягтлан бодогч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан, олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан, бүх шатны ИТХ-ын дарга, төлөөлөгч, эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ зохих байгууллагад гаргах үүрэгтэй.

      Албан тушаалтнуудыг meduuleg.iaac.mn цахим хуудсаар дамжуулан хуулийн хугацаандаа багтаан мэдүүлгээ шинэчлэн гаргахыг АТГ-аас өнөөдөр уриаллаа. Урьдчилсан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтан бий аж. Тэдний 80 гаруй хувь нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ одоогоор гаргаад байгаа гэнэ.

      Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Хэрэв хугацаанаас хожимдуулж мэдүүлгээ шинэчилсэн нь хүндэтгэх үзэх шалтгаангүй бол гаргаагүйд тооцох зохицуулалттай.  

      Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, түүнчлэн УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ бүртгэж, хадгалдаг. Харин АТГ-ын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд бүртгэдэг билээ.   

     Түүнчлэн УИХ-ын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, АТГ-ын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо тус тус өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлэх хуультай.

       Авлигын эсрэг хуульд зааснаар дараах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан цахим мэдээллийн сүлжээнд байрлуулна.

  • Ерөнхийлөгч;
  • УИХ-ын дарга, дэд дарга, гишүүн;
  • Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд;
  • Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний орлогч, гишүүн;
  • Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга;
  • Улсын ерөнхий прокурор, түүний орлогч;
  • Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч;
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга;
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;
  • УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;
  • Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга;
  • Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн;
  • Үндэсний статистикийн газрын дарга, дэд дарга;
  • Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүн;
  • Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга;
  • Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүн;
  • Ерөнхий аудитор, түүний орлогч;
  • Засгийн газрын агентлагийн дарга;
  • аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга;
  • аймаг, нийслэлийн Засаг дарга;
  • Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүнд нэр дэвшигч

 

Авлигын эсрэг хуулийн зарим зохицуулалтаас дурдвал

Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол дараах хариуцлага хүлээлгэнэ:

  • Нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.4, 10.5-д заасан хугацаанаас хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах;
  • Зургаа хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;
  • Зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;
  • Нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах;

 

Сэтгэгдэл