Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй, чанаргүй болж шүүхийн шатанд шилжүүлсэн нэр бүхий зээлдэгчдийг тус банкнаас өнгөрсөн сарын 20-нд олон нийтэд зарласан. Мөн олгосон зээлийн багцын мэдээллийг ч дараахан нь ил болгосон билээ. Тодруулбал, Хөгжлийн банк 3.2 их наяд төгрөгийн зээлийн багц олгосноос 55.3 хувь нь чанаргүй, 6.5 хувь нь анхаарал хандуулах ёстой (38.2 хувь нь л хэвийн төлөлттэй) зээл болсон байна. Тиймээс банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий зээлдэгч компаниудын асуудлаар шүүхэд ханджээ. Гэвч шүүхийн болон шийдвэр гүйцэтгэх шатанд цаг хугацаа их зарцуулж буйг албаныхан хэлсэн.
Хөгжлийн банкны захирал Н.Мандуул энэ талаар “Манай банкны чанаргүй актив зээлийн хэмжээ 1.7 их наяд төгрөгт хүрсэн. Цар тахлын хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэрэгжүүлж эхэлж буй төслийг “амилуулах” чиглэлд аль болох анхаарч, яриа хэлэлцээр хийн, судалж байна. Бидний зүгээс бүгдийг нь шүүхээр шийдвэрлүүлэх зарчмыг баримтлахгүй. Гэхдээ зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, барина гэсэн үйлдвэрийнхээ дөнгөж карказыг нь л босгосон тохиолдол олон гарч байна. Хөгжлийн банк нь төрийн өмчийнх. Бид маш их хөрөнгийн эх үүсвэрийг гадаадын байгууллагуудаас өнгөрсөн хугацаанд босгосон. Үүнийгээ улсыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах ёстой. Гэтэл зээл аваад зориулалтын бусаар зарцуулсан этгээдүүд бол бодитойгоор ажил хийх гэж байсан бизнесүүдийн боломжийг хулгайлсан гэсэн үг. Ийм тохиолдолд хатуу тэмцэнэ. Бизнесийн зарчмаар ажиллаж байгаад нь аль болох уян хатан хандана” гэсэн юм.
Хөгжлийн банкны асуудлаар УИХ-аас ажлын хэсэг байгуулав
Хөгжлийн банкнаас 66 зээлдэгчид олгосон 75 зээлийн мэдээллийг зээлдэгч компанийн нэр, олгосон санхүүжилтийн дүн, зээлийн ангилал, зөрчлийн хэмжээнийх нь хамтаар цахим хуудсандаа байршуулсан (эндээс, эндээс харна уу) юм. Зээл авсан, хугацаандаа эргэн төлөөгүй зарим компани нь төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоо хамаарал бүхий гэдгийг ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсээр байгаа.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр УИХ-ын дарга захирамж гаргаж, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцан, дүнг нь УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Үүнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нар багтсан. Мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох байгууллагын мэргэжлийн албан хаагчдыг ажиллуулахыг даргаар нь томилсон Б.Баттөмөрт зөвшөөрсөн.
Тус банк 2023 оны аравдугаар сард 500 сая, арванхоёрдугаар сард нь “Самурай” бондын 260 сая ам долларын (зээлийн хүүтэйгээ нийт 800 шахам сая ам доллар) зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой аж. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд томоохон төслүүдийг санхүүжүүлэх хүлээлттэй байгаа. Гэвч цаашид хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөлд хүрснийг Хөгжлийн банкны захирал Н.Мандуул хэлсэн юм.
“Нэг зээлдэгчийн асуудал шүүхийн шатанд 69 сарын хугацаанд шийдэгдэж байна”
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээл, үйл ажиллагааных нь талаарх мэдээллийг сонсож, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хяналт шалгалтын, АТГ-ын дарга З.Дашдаваа зээлдэгчдийн шалгалтын явцын талаар танилцуулжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Солонго энэ талаар дараа нь мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр “Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Ерөнхий сайд чиглэл өглөө. 2017 онд баталсан хуулийн дагуу Хөгжлийн банк санхүүжүүлэх зээлийнхээ 60 хувийг нь экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох зориулалттай төсөл хөтөлбөрүүдэд олгох ёстой. Сүүлийн үед тус банкны үйл ажиллагаа доголдож, чанаргүй зээл нэмэгдэж байгаа талаар мэдээлэл гарсаар байгаа. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны 3.1 их наяд төгрөгийн зээлийн багцаас 55 хувь нь чанаргүй болсон байна. Эргэн төлөхөд зөрчил үүссэн 28 зээлдэгчийн 1.1 их наяд төгрөгийн зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлсэн. Мөн асуудалтай 14 зээлдэгчийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Жишээ нь, Эрүүгийн цагдаагийн газар гурав, АТГ10 зээлдэгчийг шалгаж байна. Тодорхой арга хэмжээнүүд авч байгаа. Хамгийн гол нь Хөгжлийн банкны зээлдэгч нарын асуудал шүүхийн шатанд маш их хугацаа алдаж байгааг өнөөдрийн танилцуулгад дурдсан. Нэг зээлдэгчийн асуудал шүүхийн шатанд дунджаар 69 сар болсны дараа шийдэгдэж байх жишээтэй. 20 төрлийн буюу 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байгаа бөгөөд үүнийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ Хөгжлийн банкныхан илэрхийлсэн. Цаашид шүүхийн шатанд хугацаа алдахаас сэргийлэх, авсан зээлийг заавал эргэн төлүүлэх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх асуудал үүсгэхгүй байхыг Ерөнхий сайд сануулсан” гэв.
Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-нд олон нийтэд мэдээлснээс хойш зээлдэгч нар эргэн төлөлтөө хийж эхэлсэн байна. Тухайлбал, нэгдүгээр сарын 24-нөөс хойш өнөөдрийг хүртэл 8.6 тэрбум төгрөгийг эргэн төлжээ.
Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, давуу байдал үүсгэн, улс төрийн нөлөөтэйгээр зээл авч, эргэн төлөхгүй байгаа зээлдэгч нарын асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, Засгийн газрын зүгээс шаардлагатай бүх дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайд холбогдох албаныханд чиглэл болгов.