УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 28-нд эхэлж, өнөөдөр өндөрлөлөө. Чуулганы нэгдсэн болон байнгын хороод дөрвөн өдрийн хугацаанд шуурхайлан хуралдсаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн, Монгол Улсын 2022 оны төсвийн, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.
Дээрх хуулиудыг баталснаар Монгол Улсын 465 мянган ахмад настны тэтгэврийг нэмэхээр болж буй юм. Үүнд 637 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 310 тэрбум төгрөгийг нь төсвийн урсгал зардлыг 15.4 хувиар танах замаар (төрийн байгууллагуудыг "бүсээ чангалах" хэлбэрээр ажиллахыг чиглэл болгосон) бүрдүүлэх аж. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгт хүргэнэ. 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс буюу маргаашаас хүчин төгөлдөр үйлчлэх эл хуулийг батлах үеэр УИХ дахь АН-ын бүлэг санал дүгнэлтээ танилцуулсан. Тодруулбал, Засгийн газар төсөв, мөнгөний талаарх шийдвэрүүдээ эргэн харах, цар тахлын нөхцөлд аж ахуй нэгжүүдээ ялгаварлалгүй дэмжих, ажлын байр олноор бий болгох, гадаад өрийн асуудлыг анхааралдаа авах, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг бодитой ажил хийх шаардлагатайг онцолж байв.
"Дээрх шийдвэр нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг зүгт харсан нэгдмэл бодлоготой, нийтлэг эрмэлзлийн үр дүнд биеллээ олж байгаа"-г УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн тэрбээр "УИХ-ын нэр бүхий гишүүдээс үнийн өсөлтийг хязгаарлах, нэн ялангуяа өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байхад бодлогын шийдвэр гаргаж ажиллах талаар санал гаргасныг Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосны зэрэгцээ тэтгэвэр, тэтгэмжийн энэхүү нэмэгдлийг дагуулан бараа, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх уриалгыг хувийн хэвшлийнхэн, үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэд дэвшүүлье" гэсэн юм.
Түүнчлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. Эл хууль нь ирэх зургадугаар сарын 30 хүртэл үйлчлэх байсан бол ийнхүү өөрчлөлт оруулснаар энэ оныг дуустал хүчин төгөлдөр мөрдөх юм.
Харин Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулаагүйг УИХ-ын Тамгын газраас мэдээлэв. Гадаадын иргэн 50 мянган ам долларын хөрөнгө оруулсан бол байнга оршин суух эрхтэй болох зохицуулалттай гэж олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан эл төслийг ээлжит бус чуулганаар Цагаан сарын баярыг далимдуулан хэлэлцсэн гэх мэдээллийг цахим сүлжээнд тараасан. Энэ нь зохион байгуулалттай, гүтгэлгийн шинжтэй үйлдэл гэдгийг УИХ-ын Тамгын газраас тодотгосон юм.