Тэтгэвэр нэмэх нь түр зуурын, тогтолцоог шинэчлэх нь насан туршийн “хоол”
2022-01-27

Охин: Эмээ минь, гадаадын өндөр хөгжилтэй орнуудын ахмадууд тэтгэврийнхээ мөнгөөр аялж зугаалж, насныхаа буяныг эдэлдэг гэж байна шүү дээ.  

Эмээ: Ямар сайхан юм бэ. Тийм их хэмжээний тэтгэвэр авдаг юм байх даа.

Охин: Харин тийм ээ. Та хэдэн төгрөгийн тэтгэвэр авч, түүгээрээ юу хийдэг вэ?

Эмээ: Цусны даралтын эм, ганц, хоёр төрлийн витамин, гурил, будаа, сүү, боорцог, угаалгын нунтаг, саван... авч байтал нэг мэдэхэд л дуусчихдаг. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн ийм үед 300 гаруй мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй юм. Цагаан сарыг угтаж тэтгэврийн зээл авахгүй л бол үр, ач нар минь ирэхэд хоосон ширээтэй сууж байлтай нь биш. Ингэж л зохицуулж байна даа, охин минь.   

 

      Эмээ охин хоёр ийнхүү ярилцав. Энэ бол ахмад настантай айлуудад өрнөж л байдаг харилцан яриа. Хэн нэгэн үүнийг сонсвол гайхахгүй нь лавтай. Ийм байдалд “дасгаж”, улсынхаа хөгжлийн төлөө 30, 40 жилийн турш цаг наргүй ажилласан ахмадуудаа “хумсын чинээхэн” тэтгэврээр хуурч ирлээ, Монгол Улс. Тэгээд зогсохгүй манай улстөрчид 100 гаруйхан доллартой тэнцэх хэмжээний тэтгэвэр авч буйд нь “дөрөөлж”, ахмадуудаа горьдооно, “чихэн дээр нь цэцэг ургуулна”, бас нэг удаагийн аар саархан зүйлээр “бэлэг барина”, бүр сүүлдээ “саналыг нь худалдан авах хэрэгсэл” болгодог нь жигшмээр. Энэ байдал сүүлийн хэдэн өдөр ихээхэн газар авлаа. Өмнө нь ч тэтгэврийн зээл тэглэх гэх мэтээр ахмадуудаа “ашигласан”-ыг бид мартаагүй. Үүнийг тодорхой хэдхэн жишээгээр дурдъя.    

     

2019.12.31 он солигдох мөч. Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн баярын мэндчилгээний үеэр Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасныг дуулгав.

2020.01.10. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх хуулийг УИХ баталлаа. Ингэснээр тэтгэврийн зээлтэй 230 мянга орчим иргэний зургаан сая хүртэлх төгрөгийн зээлийг тэглэв. (Үүний дараа буюу 06.24-нд УИХ-ын сонгууль болсон)  

2021.05 сар. Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгов. (Дараа нь буюу 06.10-нд Ерөнхийлөгчийн сонгууль болсон)  

.
.

2022.01 сар. УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Сандаг-Очир, С.Амарсайхан, Цэрэнпунцаг, Д.Ганбат, А.Адъяасүрэн нар цагаан сарын баярыг тохиолдуулан тойргийнхоо ахмад настнуудад “бэлэг” тараав. 

Тодруулбал, ул боов, гурил, тавгийн идээ, бэлэн мөнгө тараасан нь “Татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцууллаа, залуу гишүүд байж бэлэг тараах бус, бодлого боловсруулахад анхаарвал сайн сан” гэх зэргээр цахим сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулсан юм. Үүнийг шүүмжилж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа,  Т.Доржханд нар хэвлэлийн бага хурал зарлан, “Ахмадуудад бэлэг тараахын оронд тэтгэврийнх нь хэмжээг нэмэх нь чухал” гэж “попров”.  

2022.01.26. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын холбогдох гишүүдтэй уулзаж, ахмад настан болон нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг чиглэл болгов. Үндсэн хуулийн 33.1.3-т зааснаар Ерөнхийлөгч нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй. Харин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай асуудал нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах, эсэхэд хуульч, судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлсээр байна. Ийнхүү цаг үеийн “тренд” болж буй сэдвийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх овжноор өөртөө ашигтайгаар эргүүллээ.  

2022.01.27. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тэтгэврийг нэмэгдүүлэх боломж, шаардлагын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан өөрийн байр суурийг илэрхийлсэн албан бичиг хүргүүлэв. “Улсын нэгдсэн төсвийн 2021 оны гүйцэтгэлээр төсвийн орлого зарлагаасаа давж биелсэн таатай мэдээ байна. Иймд зарлагаас давсан орлогын эх үүсвэрээр нэн тэргүүнд ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх зарчмын байр суурьтай байгаагаа мэдэгдье” гэв. Тэрбээр мөн л тренд сэдвээр “попорч” амжив.    

2022.01.27. УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг маргааш 14.00 цагт хуралдуулж, энэ оны төсөвт тодотгол хийхээр боллоо. “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон. Үүний дагуу маргаашнаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, 2022 оны төсөвт тодотгол хийхээр боллоо” гэх зэргээр УИХ-ын зарим гишүүн цахим сүлжээнд “жиргэв”. Бүр “Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгох нь” гэж цахим хуудсандаа бичсэн гишүүн ч байлаа.   

            Нийгмийн эмзэг сэдэв болох тэтгэвэр нэмэх, эсэх асуудлыг далимдуулан улстөрчид ийнхүү олон нийтэд таалагдах алхмууд хийдэг, хийсээр ч байна. УИХ-ын чуулганы маргаашийн (01.28) хуралдааны үеэр тэтгэвэр нэмж байгааг бахархалтай зарлана, өөрсдийгөө ч дөвийлгөж магтахаа мартахгүй биз ээ. Ийнхүү “гал унтраах” байдлаар буюу тэтгэврийн хэмжээг нэг удаа нэмж, асуудлыг аргацаах бололтой эцэст нь. Харин тэтгэврийн реформыг хэзээ хийх вэ?  

 

Реформ хийнэ гэсэн амлалт "цаасан" дээр зурайсаар   

       “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичиг, эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дараах чамин амлалтууд “зурайж” байгаа.

-Тэтгэврийн шинэчлэл хийж, нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

-Нийгмийн даатгалын шинэчлэл хийж, иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ.

-Тэтгэврийн нөөц санг ашигт малтмалын орд газрын орлогын өгөөж болон ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлдэг болно.

-Тэтгэврийн даатгалын хагас хуримтлалын тогтолцоонд хэсэгчлэн шилжиж, 1979 оноос хойш төрсөн даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг бодит хуримтлал болгоно.   

 

      Тэгвэл эдгээр амлалтыг хэзээ хэрэгжүүлэх бол. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг 2021 оны хаврын чуулганаар хэлэлцэхээр жагсаалтад оруулан баталсан. Гэвч эл төслийг УИХ-д өргөн бариагүй. Дараа нь өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэхээр товлосон. Үүний дагуу Засгийн газраас төслийг нь УИХ-д өргөн барьсан ч хойшлуулсан юм. Хаврын чуулганы хэлэлцэх асуудалд ч мөн багтаасан бөгөөд парламент дахь МАН-ын бүлгээс уг төслийг хариуцах ажлын хэсэг байгуулна гэж саяхан мэдэгдэнэ лээ.

      Цаг цагаар хойшлуулсаар буй ч ач холбогдлоороо энэ тэргүүнд байх учиртай эл төслийг УИХ-ын зарим гишүүн хүлээж ядаад өөрсдөө хууль санаачилсан байдаг. Тодорхой хэлбэл, гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, хэлэлцүүлсэн юм. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн долоо биш, таван жилийнх нь дунджаар тооцож, тэтгэврийн хэмжээг тогтоодог болох зохицуулалттай төсөл. Олон жилийн турш шимтгэл төлсөн хэрнээ бага хэмжээний тэтгэвэр тогтоолгож байгааг зогсоож, аль болох ахиу хувиар олгох боломжтой заалт бүхий эл төслийг “гацаасан”. Учир нь Засгийн газраас өргөн барьсан төсөлтэй нэгтгэж, нэг үзэл баримтлалтай болгон хэлэлцэх хэрэгтэй гэж эрх баригчид үзсэн учраас тэр.    

      Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын таван гишүүн аль хоёр жилийн өмнө санаачилсан байдаг. Иргэд тэтгэврийн даатгалын санд төлж буй шимтгэлээсээ хоёр, ажил олгогчоос мөн тооны хувийг өөрийн сонгосон Хувийн тэтгэврийн санд төвлөрүүлэх талаар үүнд тусгасан. Түүнчлэн тэтгэвэр нь өвлөгдөх, ахмад настан болсон үедээ төрөөс болон хувийн тэтгэврийн сангаас давхар тэтгэвэр авах боломжтой байхаар зохицуулсан эл төслийг мөн л дээрх шалтгаанаар “гацаагаад” буй.  

       Тэтгэврийн зээлээ барагдуулалгүй нас барсан өндөр настны зээлийг төрөөс нэг удаа чөлөөлөх зохицуулалттай хуулийн төслийг ч УИХ-ын гишүүн Ц.Туваан санаачлан боловсруулж, УИХ-д саяхан өргөн мэдүүлсэн. Төлсөн шимтгэл нь тэтгэвэр болж, өвлөгддөггүй хэрнээ зээл нь өвлөгддөг байж таарахгүй гэж тэрбээр үзсэн юм билээ.

      Нийгмийн даатгалтай холбоотой энэ мэт хуулийн төслүүд хүлээгдсээр байна. Бүрэн эрхийн хугацааныхаа тэн хагастай золгож буй УИХ, Засгийн газар хэзээ амлалтаа биелүүлж, тэтгэврийн реформыг хийх юм бол. Инфляфи хоёр оронтой тоонд хүртлээ өссөн, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан энэ цагт тэтгэврийг нэг удаад нэмлээ ч нэмэр тун багатай. Харин нийгмийн даатгалын зөв тогтолцоонд цаг алдалгүй шилжүүлэх нь өнөөдрийн, ирээдүйн ахмад настнуудад “жинтэй хувь нэмэр” болох буй за.   

Сэтгэгдэл