С.Одонтуяа: Бэлэг тараах бус, тэтгэвэр нэмэх нь чухал
2022-01-26

       УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж өргөн барих талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүд бодлого танилцуулах ёстой болохоос бэлэг тараадаг байж таарахгүйг тэд хөндсөн юм.

    Гишүүн С.Одонтуяа “Бэлэг тараахыг хуулиар хориглохгүй бол алсдаа мөнгөний уралдаан болно. Манай улс сонгуулийн дүнд хууль тогтоох дээд байгууллага болох УИХ, мөн ИТХ-д төлөөллөө сонгосоор 30 жилийг үджээ. Энэ хугацаанд улс төрийн нам, шат шатны сонгуульд оролцогчдын хөгжил тодорхой түвшинд ахисан ч анхаарах асуудлууд байсаар байна. Түүний нэг нь улстөрчид тэмдэглэлт ой, баярыг тохиолдуулан өөрийн сонгогдсон тойргийн иргэдэд төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнийг бэлэг нэрийн дор өгч ирсэн явдал. Энэ нь цаад утгаараа сонгогчдыг дорд үзэн, төсвийн мөнгийг үрэн таран хийж, дараагийн сонгуулийн бэлтгэлийг хангадаг үйлдэл гэсэн сөрөг сэтгэгдэл нийгэмд үүсээд удаж байна. Мөн эмэгтэйчүүд, залуучууд улс төрд “орох”-д энэ нь хэт өндөр зардал, өртгийн босго болдог. УИХ-д сонгогдсон бол хууль тогтоох, ИТХ-д сонгогдсон бол иргэдийн эрх ашгийг хангах ажилдаа төвлөрч, улсаа, аймаг, дүүргээ хөгжүүлэх үүрэгтэй. Гэтэл өдгөө тэтгэвэр нэмэхийг эсэргүүцсэн мөртлөө тавгийн идээгээр хуурах, ажлын байр бий болгохыг дэмжээгүй атлаа нэг удаа бэлэг өгөх, татварын таатай орчин бүрдүүлээгүй хэрнээ татварын мөнгөөр янз бүрийн бараа, бүтээгдэхүүн тарааж байна. Үүнээс бид зоригтой салах ёстой. Хэдий хүртэл нэг удаагийн аар саархан зүйлээр сонгогч иргэдээ аргалж хуурах вэ. Иргэд маань ч биднээс нэг удаагийн бэлэг, гурил будаа, тавгийн идээ өгөөч гэж шаардаагүй байх. Харин тэтгэврээ амьдралд хүрэлцэхүйц хэмжээний болгох, үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөх, сурагчдад чанартай боловсрол олгох, ажил хөдөлмөр эрхлэх таатай боломж бүрдүүлэхийг илүү хүсэж байгаагаа байнга илэрхийлсээр ирсэн. Хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж буй улсын хувьд эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээний чанарыг сайжруулах, эрүүл хүнс тарьж ургуулах, хүлэмжийн аж ахуйг эрхлэх иргэдэд туслах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих төсөл хөтөлбөрийг зарим гишүүд хэрэгжүүлж эхэлсэн нь иргэдийн талархлыг хүлээж байна. Хааяа нэг загас өгөх биш, үргэлж хэрэг болох загас барих аргыг бид зааж өгөх хэрэгтэй. Тиймээс сөрөг хүчний төлөөлөл болсон бид УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар төслийг нь өргөн барих гэж байна” гэв.  

"УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгч, Ерөнхийлөгч бэлэг тараахыг хориглох нь зүйтэй"

     УИХ болон ИТХ-д сонгогдсон аливаа этгээд сонгогдсон хугацааны турш өөрөө болон бусдаар дамжуулж иргэдэд мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдахыг хориглох заалтыг уг төсөлдөө тусгах аж. Хэрэв үүнийг зөрчсөн тохиолдолд дахин нэр дэвших боломжгүй болох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл үүсэх нь. Энэхүү өөрчлөлтийг хийснээр аливаа сонгогдсон этгээд хуульд заасан ажил үүрэгтээ анхаарах, иргэд ч хуульд заасан ажил үүргийн биелэлтийг шаардахад нэг алхам ахиц гарна гэдэгт итгэж буйгаа тэд онцлов.

      УИХ-ын гишүүн Т.Доржханд “Энэ оны төсвийг хоёр сар гаруйн өмнө баталсан. Маш их хэмжээний үр ашиггүй зардал, хавтгайруулсан халамжийн бодлогыг халаагүй хэвээрээ л байгаа. Үүний тодорхой жишээ нь “Богд Зонхова” хөшөөт цогцолборын асуудал. Цар тахлын хүнд үед, гурван хүний хоёр нь ажилгүй, ядууралтай ийм цагт “Богд Зонхова” мэтийн цемент зуурдаг зүйлд төсвийн мөнгийг зарцуулдаг, ахмадууд, ядуу иргэдэд боов, гурил тараадаг байж таарахгүй” хэмээв. Сонгуулийн тогтолцоог өөрчилж,  76 гишүүн нь 76 жижиг тойрогт ул боов тараадаг биш, Монгол Улс нэгэн том тойрог болж, хууль тогтоогчид нь бодлогоороо өрсөлддөг болох ёстойг тэрбээр мөн онцоллоо. 

      УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48.1-д зааснаар ээлжит сонгуулийн жил эхэлснээс санал авах өдрийг дуусталх хугацаанд ямар нэгэн эд өлгийн зүйлийг сонгогчдод тарааж, хөнгөлөлттэй үзвэр үйлчилгээ үзүүлэхийг хориглодог. Энэ нь зөвхөн сонгуулийн жилд л хориотой бөгөөд бусад цагт нь үүнийг хязгаарлаагүй. Тиймээс зарим гишүүн хуулийн цоорхойг ашиглан, тойрогтоо ийнхүү бэлэг тарааж, үндсэн ажлаасаа илүүтэй иргэдээс "оноо авах, санал худалдах" зүйлийг хийж буй аж.  

Сэтгэгдэл