УИХ өнгөрсөн долоо хоногт (01.17-01.21) ямар асуудлуудыг хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэснээр намрын чуулганаа өндөрлүүлсэн талаар мэдээлэл хүргэе. Даваа гарагт ажлын гурван хэсэг, байнгын болон түр долоон хороо хуралдсан. Харин мягмар гарагт ажлын нэг хэсгийн, байнгын хоёр хорооны, УИХ-ын намрын чуулганы сүүлчийн хуралдаан боллоо.
2021 оны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгалыг хэрэгжүүлэх үйлсэд бас нэгэн чухал алхам хийснийг дарга Г.Занданшатар онцолсон. Тодруулбал, анхдагч хууль болон хуулийн шинэчилсэн 16 найруулга, өөрчлөлт оруулах тухай 234 хууль, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай таван хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай зургаа, УИХ-ын 39 тогтоолыг хэлэлцэж баталжээ. Чуулган завсарлахын өмнөхөн БНСУ-д суух Элчин сайдаар Э.Сарантогос, Бүгд Найрамдах Кувейт Улсад суух Элчин сайдаар П.Сэргэлэн, Швейцарын Холбооны улсад суух Элчин сайдаар Д.Гэрэлмаа нарыг томилох саналаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-д танилцуулсан бөгөөд үүнийг гишүүдийн олонх дэмжсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд анх удаа Засгийн газрын гишүүнээ сольсон нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд тодорхой үр дүн гаргаагүй, Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан шалтгаанаар тэрбээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг ажлаас нь чөлөөлсөн. Түүний оронд нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийг томилохоор болсноо УИХ-д танилцуулж, тангараг өргүүлсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр сонгодог парламентын системд шилжих, сонгуулийн холимог тогтолцоог ашиглах нь зүйтэйг хувь хүний болоод гүйцэтгэх засаглалын тэргүүн, эрх баригч намын даргын хувьд хэлсэн нь олны анхаарлыг ихэд татсан билээ.
Сургуулиудын нүхэн жорлонг өөрчлөх ажлын гүйцэтгэлд анхаарах нь
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед МАН-ын бүлэг завсарлага авсан бөгөөд эл төслийг хэлэлцэхийг дэмжих, эсэхийг хаврын чуулганаар шийдэхээр болов. Нийтийн зориулалттай орон сууцын дэвсгэр болон орчны газрын эрхтэй холбоотой зохицуулалтыг шинэчлэх зорилгоор өргөн барьсан уг төсөлд гишүүд эсрэг тэсрэг байр сууриа илэрхийлж байв. Нийтийн зориулалттай орон сууцын зориулалтаар төрийн байгууллагууд газар эзэмшиж, хөрөнгө босгодог шударга бус байдлыг хязгаарлах, барьж дуусгаагүй барилгыг үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэн, иргэдийн өмчлөх эрхийг зөрчдөг зохицуулалтыг өөрчлөх зорилгоор уг төслийг боловсруулснаа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр онцолсон юм.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байруудыг орчин үеийн стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжаар хангах ажлыг 2021-2022 онд багтаан хийх бөгөөд үүний санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэхээр болсон. Үүний хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн тайлан, мэдээллийг УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар сонсов. Улсын хэмжээнд 682 сургууль, 972 цэцэрлэг, 535 дотуур байр бий аж. Үүнээс 350 сургууль, 242 дотуур байр, 220 цэцэрлэг гаднаа нүхэн жорлонтой юм байна. Төслийн хүрээнд 819 ариун цэврийн байгууламжийг дөрвөн ээлж болгон шинэчлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, 16 аймгийн 54 суманд 195 объектыг нэгдүгээр ээлжид барих бөгөөд үүний төсөвт өртөг нь 26.6 тэрбум төгрөг гэнэ. Харин 16 аймгийн 49 суманд 173 объектыг хоёрдугаар ээлжид 23.7 тэрбум төгрөгөөр босгохоор зорьжээ. Гуравдугаар ээлжид 16 аймагт 180 объект, хамгийн сүүлд 16 аймгийн 170 объектод 50 тэрбум төгрөгөөр төсөл хэрэгжүүлэх нь. Дэд ажлын хэсгийн ажлын гүйцэтгэл хангалтгүй учир нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг нь хангахад анхаарч ажиллахыг гишүүд хуралдааны үеэр хөндөж байв.
Тэтгэврийн зээлээ төлөлгүй нас барсан бол түүнээс нь чөлөөлөх төсөл боловсруулжээ
Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Туваан даваа гарагт өргөн барилаа. Өндөр настны тэтгэврийн зээлээ төлж барагдуулалгүй нас барсан тохиолдолд зээлээс нь чөлөөлөх талаар уг төсөлд тусгасан аж. Мөн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүн Гаалийн тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Батлан хамгаалахын чиглэлээр буцалтгүй тусламж болон худалдааны гэрээгээр нийлүүлсэн барааг түргэвчилсэн бүрдүүлэлтээр хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг боловсронгуй болгох талаар үүнд заажээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд болон урлаг, спорт зэрэг салбар бүрийг төлөөлсөн залууст “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр баасан гарагт хичээл заалаа. “Эцэг хууль”-ийн ач холбогдлын талаар танилцуулсан уг хичээлийн үеэр Үндсэн хуулийг Mon-nom аппликэйшнд сонсох хувилбараар оруулсныг дурьдсан юм.
16 насанд хүрсэн иргэн бүрт тоон гарын үсгийг нэг удаа үнэгүй олгоно
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа лхагва гарагт танилцууллаа. Засгийн газраас өргөн барьсан хэд хэдэн хуулийн төслийг тус байнгын хороо хариуцаж, хэлэлцүүлэн батлуулсан билээ. Үүний нэг нь Цахим гарын үсгийн тухай хууль. Уг хуулийг шинэчилснээр цаашид иргэд, хуулийн этгээд гэрээ хэлцэл хийхдээ, мөн өргөдөл, гомдлоо төрийн байгууллагад гаргахдаа тоон гарын үсэг ашиглах боломж бүрджээ. Түүнчлэн улсын бүртгэлийн байгууллагаас 16 насанд хүрсэн иргэн бүрт тоон гарын үсгийг нэг удаа үнэгүй олгохоор тусгасан байна. Хувь хүний нууцын тухай хуулийг шинэчилснээр худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн байгууллагууд иргэдийн гарын хурууны хээг ашиглах боломжгүй болсон. Мөн төрийн байгууллага, хуулийн этгээд нь мэдээлэл цуглуулж боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг заавал авах ёстойг дээрх байнгын хорооныхон онцлов.
Манай улс анх удаа Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуультай болсон. Ингэснээр ийм төрлийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, эрсдэлийг нь бууруулах зорилгоор тухайн компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгалт хийх юм байна.
Ажиллаж эхэлсэн л бол гэрээ байгуулсан, эсэхээс үл хамааран хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцно
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 12 удаа хуралдаж, 14 хуулийн төсөл, УИХ-ын нэг тогтоолын төсөл батлуулжээ. 1999 оноос хүчин төгөлдөр мөрдөж ирсэн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээ байгуулснаар хөдөлмөрийн харилцаа үүсэж, хуулийн хамгаалалтад ордог байсан. Тэгвэл энэ оны эхнээс хэрэгжүүлж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар тухайн хүн ажиллаад эхэлсэн л бол гэрээ байгуулсан, эсэхээс үл хамааран хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцож, хуулийн хамгаалалтад орох эрх үүссэн аж. Мөн үл ялгаварлан гадуурхах, шударга байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох, нийгмийн түншлэлийг хангах, малчин, гэрийн үйлчлэгчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулалттай болгох, цалин хөлсийг тооцон олгох, гэрээсээ ажил эрхлэх талаар дэвшилттэй зохицуулалт тусгажээ.
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг оны өмнөхөн баталсан. Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцод тус хуулийг нийцүүлснийг байнгын хорооны гишүүд онцолж байв. Ингэснээр компаниуд зуучлуулагчаас аливаа зуучлалын хөлс, төлбөр хураамж авахгүй байх, мэргэжилтэй ажилтан дотооддоо бэлтгэх зорилгоор гадаадын иргэнээр хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогч гадаад ажилтны 30-аас доошгүй хувьтай тэнцэх ажилтныг дагалдан сургах үүрэг хүлээх зэрэг зохицуулалтыг үүнд тусгажээ. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах бодлоготой нийцүүлэн зарим салбарт ажиллах ажилтныг зуучлах үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож болох талаар мөн заасан байна.
Монгол хүний удмын санг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих тухай УИХ-ын тогтоолын төслийг саяхан баталсан. Ингэснээр монгол хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх, айл өрх бүр угийн бичиг хөтөлж хэвших, цаашлаад удам судраа мэдэх, цус ойртолт, удамшлын өвчлөлөөс сэргийлэх ажлын эхлэлийг тавих боломж бүрдсэн аж.