Ерөнхийлөгчийн, улс төрийн намын хуульд “гар хүрэхээс” айсан чуулган
2022-01-21

     УИХ өөрөө тарах шийдвэр гаргачихгүй бол одоогийн парламентын бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусна. Өөрөөр хэлбэл, ээлжит бусыг нь эс тооцвол дөрвөн намар, дөрвөн хаврын чуулганаар тэд амласнаа амжуулж ажил хэрэг болгох учиртай. Бүрэн эрхийн хугацааныхаа тэн хагастайгаа ийнхүү “золгож” байгаа УИХ 2021 оны намрын чуулганаар юу амжуулсныг эргэн саная.  

     Эл чуулганыг аравдугаар сард дарга Г.Занданшатар нээж үг хэлэхдээ “Дөнгөж сэргэж байгаа эдийн засагт дусал залгуулан, хэвийн горимд нь оруулж, сүүлийн 30 жилийн эдийн засгийн гажиг тогтолцоог засахын тулд бодлогын реформ хийх шаардлагатай. Ингэхдээ засал төдий өнгөц өөрчлөлт биш, харин өнгөрсөн он жилүүдийн алдааг засаж, ирээдүйн хөгжлийн бат суурийг тавих эдийн засгийн тогтолцооны шинэчлэл зайлшгүй хэрэгтэй” гэж онцолж байв. Чуулганыг эдийн засгийн шинэ сэргэлтэд чиглэнэ хэмээн тодотгосны учир нь Засгийн газраас оны өмнөхөн танилцуулж, батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-оор тайлал болох шиг. Зургаан чиглэлээр сэргэлтийн бодлого хэрэгжүүлнэ гэж онцлоод буй эл баримт бичгийн амин сүнс нь улсын стратегийн чухал ач холбогдолтой мега төслүүдийг “хөдөлгөх”, “амжилтад хүргэх” явдал. Гэтэл мега төслүүдийг гараанаас гаргах суурь нь болсон Үндэсний баялгийн сангийн, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай хууль УИХ-ын босгоор орж ирсэнгүй. Төрийн өмчит компаниудыг цэгцэлж, засаглалыг нь сайжруулан, олон улсын баялгийн сангийн хэлбэр, зохицуулалт, стандарт руу яаралтай шилжүүлэх учиртайг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгэхээр бодлогыг нь баталсан ч эрх зүйн орчныг нь бүрдүүлэх үндсэн ажлыг УИХ хаврын чуулганаараа амжуулах нь. Тиймдээ ч Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоолын дагуу нэн яаралтай хэлэлцэх болон өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг хаврын чуулганаар тухай бүр хэлэлцэхээр шийдсэн.

     Г.Занданшатар даргын хэлсэнчлэн эдийн засгийн гажиг тогтолцоог шинэчлэх онцгой ажлыг энэ чуулганаар амжуулаагүй. Хөнгөн, Хүнд үйлдвэрийн, Үнэт цаасны зах зээлийн тухай гэсэн эдийн засгийн салбарын хэдхэн хуулийн төсөл байсныг хэлэлцээгүй, өргөн бариа ч үгүй. Харин гадаадаас зээл авах тухай хоёр хөтөлбөр, мөнгөний талаар 2022 онд баримтлах бодлого болон энэ оны улсын төсвийг баталсан. 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлаад зогсохгүй цар тахлын хүнд үед онцын шаардлагагүй төслийн нэг “Богд зонхов” хөшөөт цогцолборыг 32 тэрбум төгрөгөөр барихыг дэмжсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан билээ.   

Авлигын эсрэг тэмцэх алхмыг аажмаар ч гэсэн хийсээр

     Авлигатай тэмцэх ажлыг шинэ шатанд гаргах эхний алхам нь Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж парламентын спикер мэдэгдсэн. Уг нь Засгийн газар үүний төслийг хоёр сарын өмнө өргөн мэдүүлсэн ч УИХ огт хэлэлцээгүй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь хэт олон тооны тусгай зөвшөөрөл олгох нь авлигыг өөгшүүлэх нөхцөл гэж үзэх нь бий. Тиймээс тусгай зөвшөөрлийн тоог багасгахаар нэр бүхий гишүүд Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг өргөн барьж, хэлэлцүүлсэн ч эцэслэн баталсангүй. Харин төрийн байгууллагуудын хүнд суртлыг үгүй хийх, үйл ажиллагааг нь шилэн болгож, үйлчилгээг хөнгөвчлөх зорилготой цахим шилжилтийн багц хуулийн төслийг баталсан нь энэ чуулганы гялтайх ажлын нэг. Нийтийн мэдээллийн, Хувь хүний нууцын, Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлснээр төрийн алба цомхон болж, авлига, хүнд суртал үгүй болох давуу талтай гэж үзэж буй.

     Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэн, хууль зөрчсөн улстөрчидтэй тэмцэх хараат бус, бие даасан, шударга шүүхийг бий болгох их шинэчлэл Шүүхийн тухай багц хуулийг өнгөрсөн жилийн өдийд баталснаас эхэлсэн. Ингэснээр тус хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулсан ч зарим нэг томилгоо нь “мафаантай” болсныг нуух юун. Ямартай ч дээрх зөвлөлүүдийн хэрхэн ажиллахыг цаг хугацаа гэрчилнэ. Шүүхийн сахилгын хорооны тухайд зарим шүүгчийн асуудлыг өчигдөр хэлэлцэж, огцруулах хүртэл шийтгэл оноож харагдана лээ.   

Үргэлж найдлага төрүүлдэг “худалч хууль”  

     Чуулган бүрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаадаг ч “сөхөлгүй” үлдээдэг нэг асуудал бол Улс төрийн намын тухай хууль. Намуудын санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтыг шилэн болгох цаг нь иржээ гэж УИХ-ын дарга намрын чуулганы эхэнд онцолсон ч худал амлалт болж үлдлээ. Эл хуулийн төслийг гишүүн Ц.Мөнхцэцэг ахлан ажиллаж буй бөгөөд хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад мөн л “зурайж” байна. Чуулган завсарлахаас өмнөхөн Төрийн бус байгууллагын тухай хуулийг Холбоо болон Сангийн эрх зүйн байдлын тухай гэсэн хоёр хууль болгон УИХ-аар хэлэлцэх үед багагүй маргаан өрнөсөн. Учир нь улстөрчид, улс төрийн намууд нь төрийн бус байгууллагын нэрээр гадаадаас санхүүжилт авч, мөн ашгийн төлөө ажиллаж буйг зогсоох зорилготой гэж санаачлагчид нь тодотгож буй. Гэвч үнэн хэрэгтээ уг хууль нь иргэний нийгмийн байгууллагын хараат бусаар ажиллаж, төрд хяналт тавих боломжийг нь хаах зохицуулалттай гэж ТББ-ынхан ихээхэн шүүмжилсээр байна. Тэдний төлөөлөл “Улстөрчид, улс төрийн нам төрийн бус байгууллагаар дамжуулан ямар нэг хууль бус үйл ажиллагаа явуулж буйг Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулах ёсгүй. Улс төрийн намын тухай хуульдаа эхлээд энэ талаарх зохицуулалтаа оруулах хэрэгтэй” гэж шаардсан. Улс төрийн намын тухай хуульд ямар зохицуулалт тусгаж батлах нь олны дунд өндөр хүлээлттэй, бас анхаарлаас хэзээ ч салшгүй асуудал байх болов уу.  

Төрийн тэргүүний зарим эрхийг хязгаарлах ажил юу болов

     Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгалыг үргэлжлүүлж буйгаа зарласаар байгаа, эрх баригчид. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан нь үүний тод жишээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу парламент зарим бүрэн эрхээсээ “хасуулсан” ч хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлэх нөхцөл бүрдсэн. Товчхон хэлбэл, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ хяналтын сонсголыг хүний эрх, эрх чөлөөг хангах, төсвийн болон ерөнхий хяналтын, нэр дэвшигчийн гэсэн олон чиглэлээр явуулах, аливаа асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж, шинжээч томилох, гэрч дуудах, нотлох баримт гаргуулан авах, газар дээр нь шалгах боломжтой. Нэг ёсондоо хууль бодит амьдралд, тодорхой кейсүүдэд хэрэгжиж байна уу, үгүй юу гэдгийг Засгийн газар, түүний харьяа байгууллагаас “асууж шалгаана” гэсэн үг. Энэ нь хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хутгалдах эрсдэлтэйг ч зарим судлаач анхааруулж буй юм билээ.

     Ерөнхийлөгчийн тодорхой бүрэн эрхийг хязгаарлах ёстой гэдгийг өмнөх парламентын гишүүд, Төрийн тэргүүн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Тиймээс Үндсэн хуулийн 33.4-т “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэсэн заалтыг оруулсан билээ. Өөрөөр хэлбэл, “Эцэг хууль”-д зааснаар Төрийн тэргүүн нь хуульд хориг тавих, Элчин сайд нарыг УИХ-тай зөвшилцөж, томилох, цол, одон медаль хүртээх, уучлал үзүүлэх, ҮАБЗ-ийг тэргүүлэх гэх мэт тодорхой хэдхэн л эрхтэй. Ерөнхийлөгчид үүнээс өөр чиглэлийн бүрэн эрхийг өөр ямар ч хуулиар олгох боломжгүй гэсэн үг. Тэгвэл энэ зохицуулалтад нийцүүлэн Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэх ажлыг энэ чуулганаар хийсэнгүй. Уг нь хэлэлцэх асуудлынх нь жагсаалтад багтаасан, төслийг нь ч бэлэн болгосноо ХЗДХ-ийн сайд мэдэгдэж байв. Эл хуулийг саатуулах болсон шалтгааныг эрх баригч намаас нэрээ дэвшүүлсэн хүн Төрийн тэргүүнээр сонгогдсонтой холбон тайлбарлах нь ч бий. Ямартай ч энэ нь Үндсэн хуулийг амилуулах ажлын нэг гарцаагүй мөн.   

Талцахаас цаашгүй АН-ынханд бодлого тодорхойлох ажил падгүй юү

     Намрын чуулган эхлээд удаагүй байхад УИХ дахь АН-ын бүлгийнхэн талцаж хуваагдсанаар тус намын өнөөдрийг хүртэл дуусаагүй хэрүүл эхэлсэн. Тодруулбал, намын бүлгийн дарга Д.Ганбатыг Ц.Туваан, Н.Ганибал, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл, Б.Бейсен нарын гишүүн огцруулах гэсэн бол Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нар үүнийг эсэргүүцсэн байна. Огцруулна гэдэгт санал нэгдсэн гишүүд бүлгийн олонхыг бүрдүүлж буй. Тэгэхээр өөрийгөө огцруулахгүйн тулд Ц.Тувааныг бүлгээс хасах шийдвэрийг Д.Ганбат гаргаснаар маргаан үргэлжилсэн. Сонирхолтой нь, Орхон аймгаас бие даан нэрээ дэвшүүлж сонгогдсон Н.Алтанхуяг, МАХН-аас өрсөлдөж, УИХ-д “суусан” С.Ганбаатар нар АН-ын бүлэгт нэгдлээ гээд хадаг барин угтаж байсан Д.Ганбат саяхан тэднийг бүлгийн гишүүн байх ёсгүй гэчихлээ.

     Долоо хоног бүрийн даваа гарагт намын бүлгүүд хуралдаж, тодорхой шийдвэр гаргадаг. Гэтэл АН-ын бүлгийнхэн хуралдаж чадалгүй, талцсаар нэгэн чуулганыг өнгөрөөлөө. Эцэст нь бүлгийг хэвийн үйл ажиллагаагаар хангаж өгөхийг УИХ-ын даргаас шаардаж, хүлээн авахгүй бол Цэцэд хандахаа ч мэдэгдэнэ лээ. УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төслүүдэд анхаарал хандуулж, “хоточ нохой” шиг ажиллах ёстой сөрөг хүчин улс орны биш, доторх асуудлаа ч шийдэж чадахгүй байсаар.  

Сэтгүүлч: Н.Нанжин 

Сэтгэгдэл