Нөхөн сонгуульд зарцуулсан хөрөнгийн хэмжээгээрээ Б.Найдалаа тэргүүлж, Э.Батшугар удаалав
2022-01-20

     УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий, 28 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн оны аравдугаар сарын 10-нд УИХ-ын гишүүний нөхөн сонгууль явуулсан. Сонгуульд өрсөлдсөн хүмүүс санал хураалт дууссан өдрөөс хойш 90 хоногийн дотор зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайлангаа Үндэсний аудитын газар (ҮАГ)-т ирүүлэх хуультай. Харин үүнийг тус газрынхан хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нь нийтэд мэдээлэх зохицуулалттай. Хуулийн дээрх заалтын дагуу  нөхөн сонгуульд найман нам, нэг эвслээс нэрээ дэвшүүлсэн 14, бие даан оролцсон хоёр, нийт 16 хүн тайлангаа ирүүлсэн байна. Үүнийг ҮАГ-ынхан хянаж, дүнг нь өчигдөр нээлттэй болгожээ.   

     Нөхөн сонгуульд  оролцсон  16  нэр  дэвшигчийн  дансанд  нийт  нэг тэрбум 136 сая 400 мянган төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Үүнээс сонгуулийн үйл ажиллагааны зардалд нэг тэрбум 120 сая 900 мянган төгрөгийг нь зарцуулжээ. Тэдэнд 601 хүн, 22 хуулийн этгээд нэг тэрбум 69 гаруй сая төгрөг хандивласан аж. Харин “Зөв хүн электорат” эвслээс 53.6 сая төгрөгийн хандивыг нэр дэвшигч Б.Найдалаад өгсөн бол бусад нам нь нэр  дэвшигчийнхээ  сонгуулийн  зардалд  зориулан  мөнгөн  хөрөнгө зарцуулаагүй байна.

     МАН-аас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Ц.Идэрбатад 58 иргэн 196 сая 840 мянган төгрөгийн хандив өгснөөс 196 сая 816 мянгыг нь сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулжээ. Үүнээс хамгийн их буюу 135 сая төгрөг нь сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд “шингэжээ”.

     АН-аас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлсэн Б.Гарамгайбаатарт 52 иргэн 86 сая 850 мянган төгрөгийн хандив өгснийг бүгдийг нь зарцуулсан байна. Үүнээс хамгийн их буюу 50 сая гаруйг нь сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд зориулсан аж.

     МАН-аас Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлж, УИХ-д сонгогдсон Э.Батшугарт найман хуулийн этгээд 130, 55 иргэн 220.5 сая, нийт 350.5 сая төгрөгийн хандив өгсөн байна. Үүнээс 349.2 саяыг нь сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулжээ.

     АН-аас Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлсэн Э.Бат-Үүлд нэг хуулийн этгээд хоёр, 93 иргэн 31.8 сая, нийт 33.8 сая төгрөгийн хандив өгсөн бөгөөд бүгдийг нь сонгуульд зориулсан гэнэ.

     “Зөв хүн электорат” эвслээс Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлсэн Б.Найдалаад 11 хуулийн этгээд 109, 186 иргэн 237.9, намаас нь 53.6, нийт 400 сая 629 мянган төгрөгийн хандив өгсөн байна. Үүнээс 387 сая гаруйг нь тэрбээр сонгуульд зарцуулжээ.

     УИХ-ын  сонгуулийн  тухай  хуулийн  54.5-д ”Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ” гэж заасан байдаг. Үүнийг зөрчиж нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл дутуу 36 иргэний 1.3 сая төгрөгийн хандивыг нэр дэвшигчид зарцуулсан байна. Тиймээс хуулиар зөвшөөрөөгүй орлогыг зарцуулсан нэр дэвшигчдэд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу арга хэмжээ авахыг Үндэсний аудитын газраас Сангийн сайдад зөвлөмж болгон хүргүүлсэн байна.

      Мөн дээрх хуулийн 57.5 дах хэсэг буюу “Сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэснийг зөрчиж, ХААН банк 10, Төрийн банк 1 нэр дэвшигчийн  дансны хуулгыг ирүүлээгүй аж. Тиймээс дансны  хуулга  ирүүлээгүй  арилжааны банкнуудад Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу арга хэмжээ авахыг Үндэсний аудитын газраас Сангийн сайдад зөвлөмж болгон хүргүүлжээ.  

Үндэсний аудитын газрын цахим хуудсанд байршуулсан тайлантай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл энд дарна уу. 

 

Сэтгэгдэл