Элчин сайд нарыг томилох асуудлыг зөвшилцлөө
2022-01-18

       Үндсэн хуулийн 33.1.5-д зааснаар Ерөнхийлөгч нь Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах эрхтэй. Үүний дагуу гурван улсад суух Элчин сайд нарыг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Үүний танилцуулгыг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр хийсэн юм. Тэрбээр "Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилох, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилох, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг томилохоор танилцуулж байна" гэв. 

      БНСУ-д монголчуудын багагүй хувь нь эмчилгээ хийлгэхээр зорьдог учир үүний визний асуудлыг шийдвэрлэх, Дипломат, Консулын төлөөлөгчийн газруудын ажлын уялдаа холбоог сайжруулж, ажилтнуудынх нь ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахыг УИХ-ын гишүүд Ш.Раднаасэд захилаа. Мөн бусад улсад ажиллаж амьдарч буй монгол хүний эрхийг хамгаалахад сайтар анхаарч, дипломат албаны ажилтнуудын чиг үүргийг тодорхой болгох, аливаа асуудлыг хариуцах эзэнгүй үлдээхгүй байхыг сануулж байв. Түүнчлэн эдийн засаг, гадаад худалдааг хөгжүүлэхэд тодорхой алхмууд хийх хэрэгтэйг онцолсон юм. Гишүүн Н.Учрал "БНСУ дахь Элчин сайдын яаманд найман хүн ажилладаг юм билээ. Элчин сайд, угтагч нь солонгос хэлний мэдлэгтэй. Таныг томилогдож очиход солонгос хэлний мэдлэггүй гурван хүн таньд зөвлөж ажиллана. Солонгост зөвхөн англи биш, солонгос хэлтэй хүн хэрэгтэй юм билээ. Тэгэж байж иргэдтэйгээ ойлголцож, үр дүнтэй ажиллана. Таны солонгос хэлний мэдлэг хэр вэ. Орчуулагч нэхээд сууж байх уу" гэж асуусан. Үүнд нэр дэвшигч Э.Сарантогос "Хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн 20 хувь нь БНСУ-д ажиллаж амьдарч суралцаж байна. БНСУ-ын талын цагаачлалын байгууллага, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг газруудтай хамтран ажиллахад хэлний мэдлэг шаардлагатай. Би япон, орос, англи хэлний мэдлэгтэй. Солонгос хэлийг зохих түвшинд сурна гэж бодож байгаа" гэж хариулав. 

     Гадаад харилцааны яам Дипломат төлөөлөгчийн 47 газартай аж. Үүний 32 нь Элчин сайдын яам гэдгийг салбарын сайд Б.Батцэцэг тэмдэглэлээ. Энэ жилийн тухайд Дипломат төлөөлөгчийн газруудад нийт 92 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Өнгөрсөн жилд 83 тэрбум төгрөгийг үүнд зарцуулсан бөгөөд уг тоог тав дахин үржүүлэхтэй тэнцэх хэмжээнй зээл, тусламжийг манай улс гадаадаас авдаг гэнэ. Манай улсын дипломат ажилтнууд дэлхийн дунджаас бага цалинтай ажилладаг юм байна. Тэднийг Элчин сайдаар томилохыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ. 

     

Сэтгэгдэл