БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг УИХ-д танилцуулав
2022-01-18

       Засгийн газрын өчигдрийн хуралдааны шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлал (БОАЖ)-ын сайд Н.Уртнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд уг албан тушаалд Б.Бат-Эрдэнийг томилохоор УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд танилцуулж, гишүүдийн байр суурийг сонсож, асуултад нь хариуллаа. Тэрбээр 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, нийслэлийн 77 дугаар дунд сургууль, Улаанбаатарын их сургуулийг тус тус төгссөн, түүхч мэргэжилтэй аж. Үндсэн хуулийн 39.4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулах бөгөөд Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөдөг.  

            Б.Бат-Эрдэнийн ажилласан байдал  

  • 1999-2001 онд “Эксэл трэвел” ХХК
  • 2001-2003 онд “Эйрлинк” ХХК-ийн ерөнхий менежер
  • 2003-2007 онд “Силк роуд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
  • 2007-2010 онд “Эйр тикет” ХХК үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
  • 2010-2011 онд "JCI Монгол"-ын ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2010-2012 онд НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дотоод протокол хариуцсан дарга
  • 2012-2015 онд НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2015 онд  Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
  • 2015-2016 онд МХЕГ-ын дэд дарга
  • 2016-2017 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх
  • 2017-2018 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн
  • 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга
  • 2019-2020 Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн
  • 2020-2022 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын дарга

 

     

     Б.Бат-Эрдэнэ нь 2020 оны наймдугаар сард ШӨХТГ-ын дарга, үүнээс хоёр сарын дараа “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болсноос хойш өнөөдрийг хүртэл уг албыг давхар хашиж ирсэн. Шударга өрсөлдөөнийг хянадаг газрын дарга атлаа “Эрдэнэс Тавантолгой” буюу тендер зарладаг ХХК-ийн ТУЗ-ийн дарга болсон нь хууль зөрчсөн явдал гэж тухайн үед ихээхэн шүүмжлэлд өртсөн.    

     Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас Б.Бат-Эрдэнийн хамаарал бүхий этгээдийн “Рич холдинг” компани зээл авсан гэх мэдээлэл 2018 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үүний дараахан түүнийг ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн билээ. ЖДҮХС-гийн шилэнд дансанд бүртгэгдсэн, зээлийн эргэн төлөлтөө хийсэн аж ахуйн нэгжүүдийн мэдээлэлд дурдсанаар дээрх компани нь 400 орчим сая төгрөгийн зээлээ эргэн төлснийг 2018 оны арванхоёрдугаар сард мэдээлсэн байдаг.

Пиараа багасгаарай гэж захилаа 

     УИХ-ын гишүүд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ямар асуулт тавьж, хариулт авсныг хүргэе.   

Ц.Сандаг-Очир: Агаарын бохирдол ихэссэнтэй холбоотойгоор холбогдох сайдад хариуцлага тооцлоо. Энэ нь ч зөв. Агаарын бохирдлын тухайд нэр дэвшигч ямар бодолтой байна вэ. Шахмал түлшийг сайн хатаагаагүй, чийгтэйгээр нь хөлдөөснөөс болж, утаа их гарч, муу шатаж буй гэж иргэд мэдээлж байна.

Б.Бат-Эрдэнэ: “Тавантолгой түлш” компани шахмал түлш үйлдвэрлэдэг. 2019-2020 онд агаарын бохирдол 50 хувиар буурсан. 2021-2022 онд тус компанид техникийн шинэчлэл хийгээгүй. Үйлдвэрлэх чиглэлд нь голчлон анхаарч, чанар буюу стандартыг нь сайжруулах тал дээр тодорхой үйл ажиллагааг хийгээгүй гэж үзэж байгаа. Тиймээс цаашид шахмал түлшний чанарыг сайжруулахад сайтар анхаарах ёстой.   

Ж.Ганбаатар: Пиараа багасгаарай даа, дарга минь. Эдийн засгийн байнгын хороонд БОАЖЯ харьяалагддаг. УИХ-д ажлаа тайлагнадаг шүү. Нийгмийн сүлжээнд хэтэрхий хүлээлт үүсгэж, сошиалаар ажлаа хийдэг гэж Ерөнхий сайдын үгнээс сонсож байсан. Ерөнхий сайдын эхлүүлсэн агаарын бохирдол, утааг бууруулах ажлыг дуусгах хэрэгтэй. Яагаад утаа үүсгэж байна гээд деталь бүр дээр нь анхаарахад л болно. БОАЖ-ын өмнөх сайд нь бас хичээдэг л байсан шүү. Эхлүүлсэн ажлыг нь гүйцээх хэрэгтэй. Ярих, пиараа багасгахад анхаарч, ажлаа сайжруулах хэрэгтэй.

Х.Болорчулуун: Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд БОАЖЯ-ны удирдлагыг өөрчилж байна. БОАЖ-ын сайд нь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажилладаг. Үүнд бүх дэд сайд багтдаг. Гэхдээ яг үнэн хэрэгтээ утаа бууруулах, шахмал түлш үйлдвэрлэх нь Эрчим хүчний яамны хариуцах ажил. Тус яамныханд хариуцлага тооцохгүй үлдээж байх шиг. Өмнө нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үед Ц.Даваасүрэн гишүүн Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад шахмал түлшний хоёр үйлдвэр байгуулж, нийслэлд түлш түгээх гэх мэт бүх ажлыг хариуцаад ажилладаг байсан. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг яагаад ажлаас нь чөлөөлж байгааг гайхаж байна. Улстөржсөн байдлаар ингэж хандах нь буруу. Д.Ганболд бол ажлаа сайн хийж байсан хүн гэж Байгаль орчин, аялал жуулчлалын байнгын хорооны даргын хувьд би дүгнэж хэлмээр байна. Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигч мэргэжлийн бус ч богино хугацаанд мэргэшиж, сайн ажиллаарай. Хууль тогтоомжуудыг сайн уншаарай. Утаанаас гадна уул уурхай салбар дахь олигорхиуд, нийслэлийг тойрсон, уулуудын амыг шударга бусаар эзэмшсэн хүмүүстэй тэмцэх шаардлага үүснэ. Битгий шантраарай.

Ш.Адъшаа: БОАЖЯ-ны харьяанд Давхан цаазат газрын хамгаалалтын захиргаа байдаг. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг тойрсон олон асуудал байдаг. Тэдгээрийн нэг нь олон арван аж ахуйн нэгжүүд барилга барьсан атлаа үл хөдлөх хөрөнгийнх нь гэрчилгээг иргэдэд олгохгүй байгаа явдал. Энэ бол төрийн буруу. Үүнийг зохицуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр та ямар арга хэмжээ авах вэ. Хоёрдугаарт, газрын гүний усыг ашиглаж буй “Оюутолгой” компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд анхаарал хандуулж, байгаль орчныг хамгаалах чиглэлээр салбарын үе үеийн сайд нар маш хариуцлагагүй ажиллаж ирсэн. Энэ чиглэлээр та юу хийх вэ?

Б.Бат-Эрдэнэ: Богдхан уулын дархан цаазат газарт 481 хүн, 910 хуулийн этгээд, 610 уугуул иргэн 3731.8 га талбайг ашиглаж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн 1182 иргэн тэнд газар өмчилж байна. Богдхан уулын дархан цаазат газарт 43 050 иргэн оршин сууж байгаа. Хуулийг хэрэгжүүлэх ёстой. Тиймээс энэ чиглэлээр ажиллана. Оюутолгойн ус ашиглалтын хувьд ч тэр Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогод тусгасан тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.

Ш.Адъшаа: Монголын төрөөс зөвшөөрөл өгч, аж ахуйн нэгжүүд нь орон сууц барьсан хэрнээ түүндээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгохгүй байна. Тэгэхээр Засгийн газар, УИХ-д энэ талаар танилцуулж шийдвэрлэхгүй бол болохгүй. Төрөөс хууль зөрчиж, газар олгочихоод байхад хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Үүнд та ямар арга хэмжээ авах вэ?

Б.Бат-Эрдэнэ: Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд миний түрүүнд хэлсэн тооны айл, аж ахуйн нэгжүүд байрладаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ чиглэлээр ажиллаж, дүгнэлт гаргана гэж ойлгож байгаа. БОАЖЯ-ны холбогдох судалгаа шинжилгээнд үндэслэн, холбогдох асуудлыг Засгийн газарт танилцуулъя.

"БОАЖЯ-ны дунд, доод түвшинд ажиллаж байгаа хүмүүс их будилаантай" 

Б.Энх-Амгалан: БОАЖЯ-ны дунд, доод түвшинд ажиллаж байгаа хүмүүс их будилаантай юм билээ шүү. Өөрийн биеэр танилцаж, бодит мэдээлэл авч ажиллаарай. “Мод үнэтэй байгаа учраас шахмал түлш худалдаж авдаг. Тиймээс агаарын бохирдол нэмэгдсэн. Удаан шатаахын тулд уугиулаад байгаа учраас утаатай байна. Хэрэглээ нь хоёр дахин нэмэгдсэн учраас утаатай байна” гэсэн ард иргэдийг доромжилсон, албан тушаалаасаа огцрохгүй гэж өөрийгөө хайцаалсан үгэнд та итгэж болохгүй шүү. Энэ жилээс ч илүү хүйтэн өвөл утаа багатай байлгаж болж байсан. Тиймээс бодит шалтгааныг нь олох хэрэгтэй. Түүнчлэн хөрсний, ундны усны эх үүсвэрийн бохирдол их байгаа. Үүнийг шийдэх хэрэгтэй. Туул гол дагуух амралтын газруудыг зохицуулахгүй бол ундны усны эх үүсвэр аюулд орно шүү. Усны эх, ойн сан бүхий газруудаа хамтран хамгаалах зорилгоор хоёр хөрш улстай нягт харилцаатай, шинжлэх ухааны байгууллагуудтай нь холбоо тогтоож ажиллах хэрэгтэй. Түүнчлэн дархан цаазат, тусгай хамгаалалттай, байгалийн нөөц газрыг хамгаалах хэрэгтэй. Улстөрчдийн болон ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн эрх ашигт автаж, тусгай хамгаалалтгүй болгоно, нүүлгэнэ суулгана, алт, баялгийг нь ухна гэж БОАЖ-ын сайд ярих ёсгүй. Танай өмнөх сайд ингэж хэлсэн удаатай. Говь-Алтай аймгийн Алтайн өвөр говийг Зүүн гарын говь гэж нэрийг нь өөрчилнө, тэнд байдаг 204 төрөл зүйлийн, 13 овгийн ургамал, амьтныг тусгай хамгаалалтаас гаргана, хамгаалж байсан хүмүүсийг нь нүүлгэнэ гэж болохгүй. Маш ховор төрлийн амьтад бий. Тиймээс боомт нээнэ, ухна, улсын эдийн засагт хувь нэмэр оруулах үүднээс гэж үгийг таниас сонсмооргүй байна.

Б.Пүрэвдорж: 2012-2016 онд МАН “давхар дээл”-ний асуудлыг улстөржүүлж, хэд хэдэн жагсаал хийж, түүнийгээ маш хүчтэйгээр сурталчилсан нь 2016 оны сонгуулийн дүнгээр 65-уулаа сонгогдоход тодорхой нөлөө үзүүлсэн. Тиймээс өнгөрсөн удаагийн парламент уг амлалтдаа хүрч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан УИХ-ын дөрвөн гишүүн л сайдаар ажиллаж болох шийдэлд хүрсэн. Мэргэжлийн сайдууд салбараа удирдвал урт хугацаандаа амжилтад хүрнэ. Яагаад гэвэл мэргэжлийн чиг хандлагаар зөв шийдвэр гаргадаг учраас энэ салбар илүү хөгжинө гэж үздэг. Гэтэл УИХ өөрөө асуудалтай байгаа. Сайд нарыг томилох асуудлыг УИХ-д танилцуулах үеэр албаар “унагаадаг”, шоглодог үйлдлийг зохион байгуулалттайгаар хийдэг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гаднаас сайд томилохоор ийм л байдаг юм гэдгийг гишүүд өөрсдөө бий болгодог. Энэ нь “давхар дээл” хэрэгтэй гэдэг санааг төрүүлэх зорилготой юм шиг. Ерөнхий сайд аа, “дан дээл”-тэй сайд нартай ажиллахад ямар байна вэ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад бүх улсын эдийн засаг хүндэрсэн. Гэхдээ манай гол нэрийн бүтээгдэхүүн болсон алт, зэс, нүүрсний үнэ өссөн. Харин “Ковид-19”-ийн хязгаарлалттай холбоотойгоор тээвэр логистик, хил гаалийн асуудал хүндэрснээс болж, манай улс зэсийн баяжмалыг хоёр сар гаруйн турш экспортолж чадсангүй. Өдөрт нүүрс ачсан 1800 машин хилээр гадагш нэвтэрдэг байсан бол одоо энэ тоо 70 болж буурлаа. Ойрын хугацаанд энэ асуудал шийдэгдэхгүй юм байна. Тэгэхлээр экспорлох боломжтой нэг бүтээгдэхүүн нь алт. Алтыг онгоцоор ч тээвэрлээд эцсийн хэрэглэгчид хүргэх боломжтой. Оны эцэслт улсын төсөв хүндрэх төлөвтэй байна. Тэгэхээр алтыг цэвэршүүлэх хамгийн орчин үеийн технологи ашиглан, байгальд ээлтэй үйлдвэр байгуулсан хэрнээ зөвшөөрөл өгөхгүйгээс үйл ажиллагаагаа зогсоосон хэд хэдэн байна. Улсын эдийн засгийг аврахын тулд тэдгээр төслүүдийг хэрэгжүүлэх үү. Эсвэл юу ч хийхгүй суух уу?  

Л.Оюун-Эрдэнэ: Цаашид сонгодог парламентын засаглалд манай улс шилжих ёстой

Л.Оюун-Эрдэнэ: Би ЗГХЭГ-ын даргаар өмнө нь хоёр жилийн турш ажилласан. Эхний жилд нь “давхар дээл”-тэй буюу гишүүн, сайдын албыг давхар хашдаг сайд нартай Засгийн газрын “гал тогоо”-нд ажилласан. Сүүлийн нэг жилд нь дөрвөн гишүүн л сайдын ажлыг давхар хашиж буй кабинетад ажилласан. Энэ үед ЗГХЭГ-ын даргын ажлын ачаалал маш их нэмэгдсэн. Парламентад асуудлаа танилцуулж, батлуулах, шийдүүлэх, олон нийтэд зөв ойлгуулах тал дээр мэргэжлийн сайд нар “жулдаж” байгаа тал бий. Гэхдээ энэ бол нэн шинэ эрх зүйн орчин учраас цаг хугацааны асуудал байх. Үнэхээр чин сэтгэлээр ажлаа хичээж хийж байгаа зарим сайдыг бид мэдэж байгаа. Гэхдээ улс төрийн капитал, парламентад сонгогдсон зарчим зэргээс нь харвал гурав, түүнээс дээш сонгогдсон гишүүдтэй харьцуулахад салбартаа хүлээн зөвшөөрөгдөх болон улс төрийн салбарт өөрийгөө илэрхийлэх, тухайн асуудлаа зоригтой шийдэхэд сул тал бий. Нөгөө талаас давуу тал ч бий. Тухайлбал, сайд нар УИХ-ын гишүүн биш учир сонгогдсон тойрог руугаа алга болчихгүй, аливаа томилгоонд нутгархаг үзэл гаргахгүй байгаа. Ерөнхий сайдын хувьд Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд л ажиллах ёстой. Үндсэн хуулийн шинэ эрх зүйн хүрээнд ажиллаж буй өнөөдрийн Засгийн газрын бүрэн эрх цар тахлын хүнд үетэй давхцаж буй учир сайд нарыг илүү хүчгүй харагдуулж, шүүмжилж байгаа гэж боддог. Хэрэв энгийн нөхцөл байсан бол үүнээс өөрөөр ажиллахыг үгүйсгэхгүй. Цаашид сонгодог парламентын засаглалд манай улс шилжих ёстой. Ингэж байж нийгэм өөрөө зөв болно. Энэ нь цаг хугацааны эрхээр алхам алхмаар урагшлах ёстой зүйл. Парламент, нийгэм үүнийг юу гэж үзэхээс хамаарах байх. Үндсэн хууль бол нийгмийн эвслийн хувьд зөвшилцлийн баримт бичиг. Энэ нь аль нэг нам нь парламентын олонхыг бүрдүүлж буй үедээ хийдэг тийм амар зүйл биш. Цөөнхтэй ярилцаж, улс төрийн бусад нам нь дэмжиж, нийгэм үүнийг хүлээн авсан тохиолдолд л Үндсэн хууль төрдөг. “Давхар дээл”-тэй холбоотой асуудал 1992 оноос эхэлсэн. Миний хувьд аливаа зүйлээр шалтаглаж, ийм байсан бол тэгэхсэн гэж ярих эрхгүй. Өнөөдрийн эрх зүйн орчны хүрээнд чадах бүх зүйлээ хийх нь л миний хувьд чухал.   

Б.Бат-Эрдэнэ: Цар тахлын улмаас улсын эдийн засаг хүндэрч байгаа. Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас цар тахлын үетэй холбогдуулан бүх улсад, ялангуяа өрсөлдөөний байгууллага, аж ахуйн нэгжүүдэд уриалга гаргасан. Хамтдаа туулах, инновац, технологийг ихээр дэмжихийг дэлхийн олон оронд зөвлөсөн. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт ногоон хөгжилтэй холбоотой дөрвөн заалт буюу эх байгаль, экосистем, байгалийн баялаг, түүний үр өгөөж, үнэт баялаг, ус, хүлэмжийн хийг багасгах, бүтээмжийг нь нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг. Байгалийн баялаг, үр өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор инновац, технологийг дэвшлийг ашиглаж буй үйлдвэрүүд, төслүүд бий бол танилцах, дэмжихэд анхаарч ажиллана.

Төрийн тэргүүнийг парламентаас сонгодог байх зарчимд санал нэгдсэн гэв 

Т.Доржханд: Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд манай улс сонгодог парламентад шилжих тухайд байр сууриа илэрхийллээ гэж ойлголоо. Үүнийг тань талархан хүлээж авч байна. Парламентад болон парламентын гадна үйл ажиллагаа явуулдаг улс төрийн 20 гаруй намын удирдлага Төрийн ордонд хуралдаж, сонгодог парламентын систем рүү шилжих нь зүйтэй гэж үзээд, үүний тулд дөрвөн заалтыг дэмжиж гарын үсэг зурсан. Мөн Төрийн тэргүүн У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан зөвлөмж бэлтгэсэн. Тэгэхээр дөрвөн зүйлийг яаралтай хийх хэрэгтэй гэдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоог ашиглах, куб язгуурын аргад тулгуурлан иргэдээ төлөөлдөг гишүүдийн тоог 105 болгох, хэрэв гишүүдийн тоог нэмэгдүүлбэл “давхар дээл” нь зөв зүйтэй зүйл, Төрийн тэргүүнийг парламентаас, шаардлагатай бол өргөтгөсөн хэлбэрээр буюу нийслэл, дүүрэг, аймаг, сумдын ИТХ-аас сонгодог байх зарчимд санал нэгдсэн. Ерөнхий сайдын хувьд үүнтэй санал нэг байна уу?

Л.Оюун-Эрдэнэ: 1990 онд УИХ-ын нэг гишүүн 28 мянган иргэнийг төлөөлдөг байсан бол энэ тоо одоо 44 мянгад хүрсэн байна. Парламент бол бага ард түмэн. Нийгмийн бүхий л салбар, улс төрийн намууд, өөрийн байр сууриа илэрхийлж байгаа идэвхтэй дуу хоолойг илэрхийлэгч бүр парламентад байж гэмээнэ зөвшилцлийн, төлөөллийн зарчим хангагддаг гэж үздэг. Тиймээс манай улс холимог тогтолцоог ашиглах нь зөв. Парламентын засаглалтай иэхнх орон холимог тогтолцоог ашигладаг. Санал гээгдэхгүй байх системийг ашигласнаар нийгэм өөрөө амар амгалан, улс төрийн үйл ажиллагаа зөвхөн Төрийн ордон дотор өрнөдөг, олон намуудтай, иргэн өөрийн сонгож, саналаа өгсөн төлөөлөлдөө тулгуурлан, төрийн эрхийг барьж байгаагаа мэдэрдэг давуу талтай. Холимог тогтолцоог сонгох, Төрийн тэргүүнийг парламентаас томилох, сонгодог парламентын системд шилжих асуудал 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр яригдсан ч сонгууль ойртсон, намууд нь зөвшилцөж чадаагүй учир орхисон. Тиймээс үүнийг дахиж авч хэлэлцэх нь зүй ёсны зүйл. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний улс төрийн байр суурь бол сонгодог парламент руу шилжихийг тууштай дэмжинэ.         

Сэтгэгдэл