Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэний мэдэх эрхийг хангах нь
2022-01-17

     УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10.15 цагт эхэлж,  Байгаль орчныг хамгаалах, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Төслийн танилцуулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцуулав. Тэрбээр “Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхийг баталгаажуулахаар хуульчилсан тул эдгээр хуулийн төслийг боловсруулсан”-ыг онцолсон.      

Хуулийн төсөлд тусгасан зохицуулалт

  • Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн байгаль орчныг хамгаалах талаарх ИТХ, Засаг дарга болон иргэний эрх, үүргийг зохицуулсан хэсэгт нь “Харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт, хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх, байгаль орчны төлөв байдлын мэдээлэлд тусгаж, ИТХ-д тайлагнах” гэсэн заалтыг нэмсэн
  • Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйл дэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үүрэгт “Иргэний хүсэлтийн дагуу өөрийн үйл ажиллагаатай холбоотойгоор газрын хэвлийн баялгийн ашиглалтын талаар мэдээлэл өгөх, эсвэл танилцах боломжоор хангах” гэсэн заалтыг нэмсэн
  • Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн олон нийтийн оролцоог зохицуулсан хэсэгт “Газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл авах хүсэлтийг тухайн аймаг, сум, дүүргийн Засаг даргад гаргах, тэдгээрийг хуулийн хугацаанд гаргаж өгөх” талаарх үүрэгжүүлсэн гурван заалтыг тусгасан  
  • Хуулийн 18 дугаар зүйл буюу нөлөөллийн үнэлгээний үйл ажиллагааны олон нийтийн оролцоо гэсэн хэсэгт “Иргэн тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон төрийн эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах хүсэлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж заасан
  • "Иргэн үйл ажиллагаатай нь холбогдуулан газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн талаарх мэдээлэл авах, танилцах боломж олгох хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгчид гаргаж болно” гэж тусгасан

 

     Уг төслийг дэмжиж, баталснаар газрын хэвлий, ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн явц, үр дүнгийн талаарх иргэдийн мэдэх эрхийг баталгаажуулах боломжтой аж. Байнгын хорооны гишүүд ажлын хэсгийнхэнд ямар асуулт тавьж, хариулт авсныг хүргэе.

Б.Энхбаяр: Нийтийн мэдээллийн тухай хуулийг саяхан баталсан. Нийтэд нээлттэй болгох мэдээллийн төрлийг үүнд хуульчилсан. Байгалийн баялаг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийн талаар иргэдэд мэдээлэл өгөх, нөгөөтээгүүр, энэ чиглэлээр иргэд холбогдох албан тушаалтан, байгууллагаас мэдээлэл авах эрхтэй гэж уг хуульд тусгасан байна. Гэтэл одоо хэлэлцэж буй төслүүдэд ч үүнийг бичжээ. Адилхан зохицуулалтыг өөр хуульд тусгах хэрэг байна уу?

Н.Уртнасан: Иргэний мэдэх эрхтэй холбоотойгоор Байгаль орчныг хамгаалах тухай суурь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж зорьж байна. Нийтийн мэдээллийн тухай хуульд БОАЖЯ-ны ажилтан нь ийм төрлийн мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй гэдэг ерөнхий заалт бий. Харин тусгайлсан хуулиудаар уг зохицуулалтыг илүү нарийвчилж тусгах шаардлагатай. Тухайлбал, Байгаль орчны тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх иргэдийн мэдэх эрхийг хангах” гэсэн заалтыг нэмсэн. Мөн иргэдэд нээлттэй мэдээлэх мэдээлэлд байгаль орчны төлөв байдлыг тусгаж, ИТХ-д тайлагнах гэсэн тодорхой зохицуулалт оруулсан байгаа.  

Х.Болорчулуун: Мэргэжлийн хяналтын байгууллага нь бүх салбарын хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. БОАЖЯ-нд байгаль орчны байцаагч байхгүйгээс болж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад сул тал үүсдэг үү. Улсын зүүн талын хилийн зурвас газарт “Меланж” гэх компани хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь хийгээгүй, уурхай нээх зөвшөөрөлгүй, улсын комисс очиж танилцаагүй байхад олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсэн гэх. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?

Н.Уртнасан: Байгаль хамгаалагч нь аливаа хууль бус үйл ажиллагаанд холбогдогчийг торгох эрхгүй. Тиймээс энэ нь хамгийн тулгамдсан асуудлыг үүсгэж байна. Шалгалт өгч тэнцэн, байгаль орчны байцаагчийн эрх авсан цөөнгүй тооны хүн орон нутагт ажиллаж байгаа. Гэхдээ ажлын ачаалал ихтэй, олон хэргийн материалтай “зууралддаг”-ийг тэдний төлөөлөл хэлдэг. Тиймээс мэргэжлийн хяналтын байцаагч нартай манай яам хамтран ажиллах шаардлагатай. “Меланж” компани нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар манай яаманд хүсэлт ирүүлээгүй. Төрийн хяналт шалгалтын чиг үүргийн хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллага үүнд хяналт тавих ёстой. Тиймээс тус байгууллагатай хамтран ажиллаж байна. 

Н.Наранбаатар: Эдгээр зохицуулалтыг дэмжиж байна. Ийм заалт хуульд байхгүйгээс тухайн газар нутагт ямар уурхай нээж, аль чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж буйг иргэд мэддэггүй. Орон нутгийн удирдлага ч мэдээгүй тохиолдол байдаг. Тэгээд гэнэт байгаль орчны чиглэлийн төсөл хэрэгжүүлж эхлэхээр иргэд, компанийн хооронд бөөн маргаан үүсдэг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд үнэлгээ хийх нь маш чухал. Үүний ажлын хэсэгт байгаль орчны байцаагч багтдаг хэрнээ тухайн орон нутгийн Засаг дарга орох боломжгүй. Тэгэхээр энэ хуулиар үүнийг нээлттэй болгох санал гаргая. Иргэдэд мэдээлэл өгдөггүй компани, албан тушаалтанд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагч нь ихэнхдээ малчид байдаг. Гэтэл тэд төрийн албаны шалгалтад тэнцдэггүй тул ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Төрийн албаны зөвлөлөөс өгсөн гэх мэдээлэл байна. Үүнд анхаармаар байна.  

Н.Уртнасан: Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хянах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тухайн орон нутгийн Засаг дарга нь баталдаг. Тиймээс Засаг дарга үүнийг батлах үед өөрийн оролцоогоо хангадаг гэсэн үг. Хэрэв уг төлөвлөгөөг 90 хувиас доош биелүүлсэн гэж үзвэл холбогдох яам, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн дараа жилийнх нь төлөвлөгөөг батлах боломжгүй гэв.  

Сэтгэгдэл