"Хүндэтгэлийн хуралдаантай, томилгоотой" долоо хоногийг үдлээ
2022-01-16
     УИХ дахь намын бүлгүүд даваа гарагт хуралдсанаар өнгөрсөн долоо хоногийн парламентын үйл ажиллагаа эхэлсэн. Тодруулбал, МАН-ын бүлгийнхэн Холбоо болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх танилцуулгыг сонсож, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм. Эдгээр хуулийн төсөлд тусгасан зарим зохицуулалт нь иргэний нийгмийн байгууллагын хараат бус байдалд халдсан шинжтэй байгааг иргэд, төрийн бус байгууллагууд, зарим намын төлөөлөл шүүмжилж буй. Гэсэн ч уг төслийг боловсруулсан Засгийн газар, тэр дундаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд "Буцаан татахгүй. Энэ төсөлд иргэний нийгмийн байгууллагыг хянана, үнэлж дүгнэнэ гэсэн ямар ч зохицуулалт байхгүй. Харин ч төрийн бус байгууллагуудыг дэмжиж, ажиллах нөхцөлөөр нь хангана" гэж тайлбарласан юм.  
 
 Албан тушаалын асуудлаа өөрсдөө шийдэхийг анхааруулав 
 
     УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд талцаж, нэг дор хуралдаж чадахгүй байсаар. Бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийхдээ "Манай бүлэг хоёр хуваагдсан зүйл байхгүй. Зарим гишүүн бүлгийн хуралдаа суухгүй, энд тэндүүр явж харагдана лээ. Бүлгийн хуралдаанаар Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн танилцуулгыг сонссон" гэсэн. Харин О.Цогтгэрэл, Ц.Туваан, Н.Ганибал тэргүүтэй гишүүд "Бүлгийн дарга Д.Ганбатыг олонхын саналаар огцруулж, Н.Ганибалыг оронд нь томилсноо УИХ-ын даргад мэдэгдсэн. Өнгөрсөн аравдугаар сараас хойш бүлгийн хуралдаанаа хийж чадсангүй. УИХ-ын дарга бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангаж өгөхийг шаардаж байна" гэж мэдээлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар үүний хариуд дарга, албан тушаалын асуудлаа өөрсдөө дотроо хэлэлцэж, шийдэхийг анхааруулсан юм. 
 
     Монгол Улсын Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн өдөрт зориулсан Хүндэтгэлийн хуралдааныг пүрэв гарагт хийлээ. Хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатууд, УБХ-ын гишүүд, Үндсэн хууль боловсруулах комисс болон ажлын хэсгийн гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга болон гишүүд, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, сайд нар, Улсын ерөнхий прокурор, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчид уригдан цахимаар оролцсон. УИХ-ын дарга хуралдааны үеэр Үндсэн хуулийг баталсан түүх, ач холбогдол, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар үг хэлсэн.    
 
Зургаа ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд орон сууцын дэмжлэг үзүүлэхгүй 
 
     УИХ-ын чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлав. Монгол хүний удмыг санг хамгаалах чиглэлээр үндэсний хөтөлбөр боловсруулах, хүн судлалын салбарыг хөгжүүлэх талаар үүнд тусгасан. Харин зургаа ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд төрөөс орон сууцын дэмжлэг үзүүлэх тухай заалтыг нь хассан билээ. 
 
  Засгийн газраас өргөн барьсан Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Ялгаварлан гадуурхах, хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогчоос гадна шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага, нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч хүсэлт гаргасан, түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн, төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх талаарх саналуудыг ажлын хэсгээс гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн юм. Түүнчлэн улсын өмгөөлөгчийн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх чиглэлээр тодорхой зохицуулалтыг төсөлд тусгасныг онцолж байв.    
 
     Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Н.Онон, Д.Жавзандорж нарыг нэр дэвшүүлж, УИХ томилов. Тус телевизийн контентыг чанартай болгох, залууст чиглэсэн, тэдний сонирхлыг татахуйц нэвтрүүлэг бэлтгэх, монгол ёс заншил, соёл уламжлалын чиглэлээр бүтээл туурвих, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр анхаарч ажиллахыг гишүүд тэдэнд захисан юм. Мөн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд хоорондоо талцсан тул хуралдаж чадахгүй, телевизийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангахгүй байгааг зарим гишүүн хөндөж, Төрийн байгуулалтын байнгын хорооны ирэх долоо хоногийн хуралдаанаар энэ асуудлаар хэлэлцэхээр болсныг тэмдэглэсэн.   
 
     Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас хийсэн өөр нэг томилгоо бол Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-ийн гишүүнээр Ц.Амартөгсийн томилсон явдал. Тус зөвлөлд төрийн албан хаагчийн төлөөллөөс нэр дэвшиж, томилогдон ажиллаж байсан Д.Зүмбэрэллхам Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болсон. Тиймээс түүний орон тоонд ТАЗ-өөс сонгон шалгаруулалт явуулж, Ц.Амартөгсийг нэр дэвшүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүд Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг захиж байв.      
Сэтгэгдэл