"Зарим улсад цус ойртолтыг гэмт хэрэгт тооцдог"
2022-01-14

  УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.08 цагт эхэлж, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, баталлаа. Гишүүд энэ үеэр ажлын хэсгийнхэнд ямар асуулт тавьж, хариулт авсныг тоймлон хүргэе. 

Д.Сарангэрэл: Хүн судлалыг хөгжүүлэх, үүнийг хариуцах нэгжийн тухай ажлын хэсгийн байр суурийг сонсъё. Мөн тогтоолын төслийг хэрэгжүүлэх санхүүгийн нөөц боломжийн талаар тодруулъя. 

Ж.Чинбүрэн (ажлын хэсгийн ахлагч): Хүн судлалын салбарын хөгжил арагш ухарч, хариуцсан нэгж байхгүй болсон. Монгол хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх, монгол хүний удмын сангийн  аюулгүй байдлыг хадгалж, хамгаалах чиглэлээр үндэсний хөтөлбөр боловсруулж, хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тогтоолын төсөлд тусгасан.

Д.Сарангэрэл: Г.Дамдинням гишүүн ээ, би уг нь их хэрэгтэй зүйл ярьж байна. Та дараа нь болохгүй юу. Баярлалаа. Ургийн гажгийг жирэмсний үед нь илрүүлэх боломж манай улсад хомс. Үүнийг шийдэхийн тулд бид яах ёстой вэ. Тогтоолын төсөлд тусгасан зургаа ба түүнээс дээш хүүхэдтэй айлд орон сууцын хөнгөлөлт үзүүлэх заалтад олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. 

Ажлын хэсэг: 2012 онд байгуулсан Удамшлын лаборатори манай улсад бий. Энэ лабораторт ургийн гажгийг эхсийн түвшинд 189 төрлөөр нь шинжилдэг буюу хромосомын түвшинд оношилж байгаа. Харин молекул генетикийн түвшинд мутацийг илрүүлэх чадвартай өндөр түвшний лаборатори хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд нэг, олон эрхтэний хавсарсан, 10 болон 100 саяд нэг удаа буюу маш ховор тохиолддог мутацаар илэрдэг өвчин манай улсад бүртгэгдэж байна. Нийт хүн амыг хамарсан судалгааг хараахан хийж амжаагүй байгаа. 

Ажлын хэсэг: Дэлхий дээр удамшлын 6000 гаруй өвчин бүртгэгдсэн байдаг. Үүнээс 2000 нь түгээмэл тохиолддог. Ямар төрлийн удамшлын өвчин аль аймагт хэр давтамжтайгаар бүртгэгдэж байгаа, эсэхэд хийсэн судалгаа одоогоор байхгүй. Төрөлхийн согогтой хүүхэд мэндлэх, эсэхийг урьдчилан тогтоож чадахгүй байна. 

Д.Тогтохсүрэн: Цус ойртолтын асуудал санаа зовоож байгаа. Цус ойртолтын аюултай түвшинд хүрсэн хэдэн сум байна вэ. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авахаар тогтоолын төсөлд тусгасан бол. Бид ургийн бичиг хөтлүүлж, энэ асуудлыг шийдэж чадахгүй. Үүнээс сэргийлэхийн тулд зарим төрлийн захиргааны арга хэмжээ авах ёстой. Монгол хүний удмын санг цэвэр ариун байлгая гэвэл захиргааны тодорхой арга хэмжээ авах ёстой. Энэ талаар мэргэжлийн хүмүүс ямар бодолтой байна вэ?

Ажлын хэсэг: Хүн судлаач эрдэмтэд 40 гаруй жилийн судалгааны үр дүнд популяцын генетикийн тооцооллын аргаар хүн амын цус ойртолтын түвшнийг тооцоолж гаргасан. Цус ойртолтыг илэрхийлсэн F коэффицент 0-тэй тэнцүү байвал цус ойртолт байхгүй гэсэн үг. 0-ээс нэг рүү тэмүүлж эхэлбэл цус ойртолтын түвшин нэмэгдэж буйг илэрхийлдэг. 21 аймгийн уугуул хүн амын дундах цус ойртолтын түвшнийг тодорхойлоход F коэффицент 0-тэй тэнцэж буй аймаг байхгүй байсан. Тооны хувьд хоорондоо ялгаа бий. Гэхдээ өнөөдөр тэр аймаг хэцүү байна, энэ аймаг арай гайгүй гэж гэж хэлэх аргагүй түвшинд хүрчихсэн. Үндэсний эв нэгдлээ бодолцох үүднээс тэр аймаг өндөр түвшинд хүрсэн гэж зарладаггүй. Угийн бичиг хөтлүүлэх, ургийн овог хэрэглэх, хүн амын хөдөлгөөнийг тэтгэх энэ гурван арга хэмжээ нь хүн амынхаа удмын сангийн аюулгүй байдлыг хангах, цус ойртолтоос сэргийлэхэд хэрэглэдэг үндсэн гурван арга. Энэ гурван аргыг сэргээн хэрэгжүүлэх талаар тогтоолын төсөлд тусгасан. 

Ж.Чинбүрэн: Ургийн бичиг хөтлөхөөс гадна захиргааны арга хэмжээ авах туршлага гадны олон оронд байдаг. Гадаадын ихэнх улсад хүн амын удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл болж буй цус ойртолтыг гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуульд тусгах, эсвэл Иргэний болон Гэр бүлийн тухай хуулиар удам доторх гэрлэлтийг хууль бус гэж үзэн хориглох, биеэ даасан хуулиар зохицуулсан туршлага бий. Монгол Улсад ч цус ойртолттой холбоотой гэрлэлтийг захиргааны аргаар хориглох заалтыг хуульд зайлшгүй тусгах хэрэгтэй. 

Н.Алтанхуяг: Энэ хуулийн төслийг дэмжихгүй. Монгол хүний удмын сан гэж юу вэ. Малын тухайд л ярьдаг ойлголт биз дээ. Сайн үүлдрийн бухын үрийг авч, -193 градуст хөлдөөж, хадгалж болно. Айл бүрийг ургийн бичиг хөтөл гэх нь утгагүй. Энэ чинь жижиг бизнес. Удмын сан гэсэн нэр томъёог солиорой, гадныхан шоолно шүү.  

Ж.Чинбүрэн: Удмын сан гэдэг нь генийн сангаас дараачийн үе удамд дамжиж буй тодорхой хэсгийг хэлнэ. Эрүүл хүн бүрт байдаг, удамшлын өвчин үүсгэдэг 5-10 төрлийн ген бий. Хүний хэдэн тэрбум ген, түүн дотроо тухайн овгийн, эсвэл арьс өнгө, үндэстнийг тодорхойлдог хэдхэн ген бий. Үүнийг дамжуулж байгааг генийн сан гэдэг. Олон генийн мэдээллийг хуримтлуулсан санг л хэлээд байгаа юм гэв.

Сэтгэгдэл