Д.Сарангэрэл: МҮОНРТ-д олон жил ажилласан хүмүүс өөрсдийгөө “нутгийн борхон болжмор” гэдэг
2022-01-14

     УИХ-ын чуулганы хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 15 гишүүнтэй тус зөвлөлийн гишүүн  Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ нарын бүрэн эрхийн хугацаа оны өмнөхөн дууссан. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Жавзандорж, Н.Онон нарыг зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлснийг УИХ-ын гишүүдийн олонх томилох нь зүйтэй гэж үзлээ. Гишүүд нэр дэвшигчдэд асуулт тавьж, байр сууриа илэрхийлэв.

М.Тэмүүлэн: Салбар, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг нэр дэвшүүлж байгааг дэмжинэ. Харин би зарчмын асуудал хөндмөөр байна. Цаашид томилгоог яаж хараат бус хийдэг болох вэ. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 15 гишүүний дөрвийг Ерөнхийлөгч, Засгийн газар, долоог нь УИХ-аас нэр дэвшүүлж, парламентаас томилдог. Тэгэхээр томилгоонд оролцох “уралдаан” болоод дуусдаг. Яагаад уралдаан болдог вэ гэхээр тус телевизийн гүйцэтгэх захирлыг томилох, төсвийг нь батлахад маргаан үүсдэг учраас тэр. Тиймээс хуульд нь өөрчлөлт оруулах замаар томилгоог хараат бусаар явуулах нь зүйтэй.

Ж.Мөнхбат: МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл бол хоёр хуваагддаг, төсвөө баталж, бодлогоо хэрэгжүүлж чаддаггүй байгууллага. Сүүлийн үед энэ байгууллагынхан байнга шүүхдэлцэж байгаа. Тэгэхээр ирэх долоо хоногт МҮОНРТ-ийн удирдлагын тайлан, мэдээллийг сонсож, хэлэлцэнэ. Хуульд нь өөрчлөлт оруулах нь зүйтэй. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг саяхан баталсан. Тэгэхээр хуулийн дагуу УИХ-аас томилсон албан тушаалтнуудын дунд нээлттэй сонсгол хийх боломжтой.

Д.Сарангэрэл: Монгол Улсын Ерөнхийлөгч МҮОНРТ рүү “хүн шахахгүй” л дээ. Эх оронч үзэл бодолтой, эрхэлсэн салбар, эзэмшсэн мэргэжлээрээ нэмэр болох хүмүүсийг нэр дэвшүүлсэн учир дэмжиж байна. Тус телевизийн нөхцөл байдлыг судалсан уу. Би МҮОНРТ-д олон жилийн турш ажилласан хүн. 1967 оны есдүгээр сарын 27-нд байгуулагдсан телевиз. Энэ урт хугацаанд мундаг уран бүтээлчид ажилласан. Олон үе дамжиж, урт хугацаанд ажиллаж байгаа хүмүүс өөрсдийгөө “нутгийн борхон болжмор” гэдэг. Харин түр хугацаанд ажилладаг дарга нарыг “нүүдлийн шувууд” гэдэг. Нүүдлийн шувууд нутгийн борхон болжморуудыг маш их зовоож байгаа. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь дарга томилох тухай л асуудлыг хэлэлцдэг. Одоо А.Бүрэнбаатар гэдэг залуу ажиллах гэж их хичээж байгаа. Төсвийг нь баталж өгдөггүй. Үнэхээр буруу зүйл хийсэн бол зөвтгөнө. Гэтэл өөр хэн нэгнийг албан тушаалд нь томилохын тулд ямар нэгэн юм хийдэг л байхгүй юү. Нөхцөл байдлын талаар хэр ойлголттой байгаа вэ?

Н.Онон: Би 30 жилийн турш уран бүтээл хийхдээ хувийн хэвшил болон МҮОНРТ-тэй нягт холбоотой ажилласан. Телевизийн уран бүтээлчид цаг наргүй ажилладгийг биеэрээ мэдэрдэг. Гэхдээ нөхцөл байдлыг нь мэдэхгүй. Би энэ албан тушаалд томилогдоогүй атлаа тус телевизийн уран бүтээлчидтэй уулзахаас цааргалсан. Олон нийтийн эрх ашгийн төлөө л ажиллана гэж үзэж байна.

Д.Жавзандорж: Монголчууд, тэр дундаа залуус аливааг биеэрээ мэдэрсний дараа ойлгох бус, урьдчилж өөрийгөө болон гэр бүл, эх орноо хамгаалах, хайрлах, зөв, сайхан болгоход чиглэх ёстой. Тиймээс соён гэгээрүүлэх, төлөвшүүлэхэд нь өөрийн сурсан мэдсэнээ хэлж, зөв чиглүүлэхэд анхаарна. Яг тийм зүйл хийнэ гэж баттай хэлж чадахгүй нь. Яагаад гэвэл тус телевизийн нөхцөл байдлыг сайн мэдэхгүй.  

С.Одонтуяа: Олон нийтийн телевизийн зорилгыг л сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол арилжааны телевиз биш. Төрийн бодлогыг зөв таниулах, нийгмийн гэрэл гэгээтэй зүйлийг харуулахад чиглэх хэрэгтэй. Солонгос, Хятадын олон нийтийн телевизээр үнэхээр сайхан зүйлийг нэвтрүүлдэг. Жуулчдыг тухайн улс руу очиж үзэх юмсан гэсэн хүсэл төрүүлэхүйц нэвтрүүлгийг түгээдэг. Эх оронч үзэлтэй, эрүүл саруул амьдрах хүсэлтэй, тэсвэр хатуужилтай болъё гэдэг итгэлийг хүүхдүүдэд төрүүлэхүйц контентыг бэлтгэх хэрэгтэй. МҮОНРТ-ээр цацаж буй эрүүл мэнд, боловсролын чиглэлээрх контент маш хангалтгүй байна. Тиймээс монголчууд эрүүл хэв маягийн талаар ойлголтгүй байж, чихрийн шижин, хорт хавдраар маш их өвчилж, хар тамхи хэрэглэгчдийн тоо өсөх боллоо. Тэгэхээр энэ чиглэлээр онцгой анхаарах шаардлагатай. Мөн бизнес хийе, ногоо таръя гэх хүслийг залууст төрүүлэх, бүтээлч мэдлэг ойлголт өгөх нь чухал. “Netflix”-ээр сүүлийн үед солонгос кинонууд ихээр цацдаг болсон. Солонгос кинонд заавал солонгос хоол амтархан идэж байгаа агшныг дүрсэлдэг. Энэ нь тус улсын төрийн бодлого.  

Н.Онон: Үндэсний гэх тодотголтой контентыг түлхүү бэлтгэхэд анхаарах бодолтой байна. 30 жилийн турш дэлгэцийн болон тайзны уран бүтээлийн чиглэлээр ажилласан, алдаа, оноог нь мэддэг хүний хувьд уран бүтээлчидтэй нь хамтран чанартай контент бүтээхэд анхаарна.  

Д.Жавзандорж: Монголчуудын эрт дээр үеэс хэрэглэж байсан үгс, гэр бүлийнхэндээ гаргаж байсан хандлага нь цаанаа гүн ухаан, философид суурилсан, түүнээс гарах үр дүн нь хэтдээ их ашиг тустай байсан. Тэгэхээр энэ талыг харуулсан бүтээлийг зайлшгүй хийх ёстой. Хүчирхийлэл, харгис хэрцгийг өөгшүүлсэн, буруу үлгэр дуурайлал авахуйц зүйлийг хүүхдүүд үзээд байгааг гишүүд хэлсэн. Тиймээс бага насны хүүхдүүдэд чиглэсэн зөв үлгэр дуурайлал үзүүлэх нэвтрүүлэг хийх нь зүйтэй. Хүүхдийг багаас нь зөв төлөвшүүлэх нь чухал.

П.Анужин: Томилогдох гэж буй хүмүүс хэчнээн сайхан амлалтыг өгдөг ч хэрэгжүүлдэггүй л байхгүй юү. Үнэхээр биелүүлдэг байсан бол өнөөдөр МҮОНРТ-ийн асуудал иймдээ тулахгүй. Тиймээс тус телевизийн асуудалд холбогдох байнгын хороо анхаарч, тодорхой арга хэмжээ авах шаардлагатай. Монголын нийгэм, хүмүүсийн сэтгэл, сэтгэцэд асуудал үүсэж буйг судалгаагаар тогтоожээ. Үүнд анхаарч ажиллаарай гэв.        

Сэтгэгдэл