“Улсын өмгөөлөгч нь шүүгч, прокурортой адил хэмжээний цалин авна”
2022-01-11

     УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Б.Дэлгэрсайхан танилцуулав. Гишүүд ажлын хэсгийнхэнд ямар асуулт тавьж, хариулт авсныг тоймлон хүргэе.

  

Б.Энхбаяр:  Хууль зүйн туслалцааны тухай хууль бол улсын өмгөөлөгчийн л тухай асуудал. Төсөлд зааснаар ялгаварлан гадуурхалтыг улсын өмгөөлөгч өмгөөлдөг болох юм байна. Улсын өмгөөлөгчтэй холбоотой нэг асуудлыг хөндөхгүй бол болохгүй нь. Өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн гурван мөрдөгч нэг этгээдийг эрүүдэн шүүж, хийгээгүй 15 хэргийг нь хийсэн болгож, ял хүлээлгэлээ. Ял наймаалцдаг байдал оршсоор л байна. Хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож буй хүмүүс улсын өмгөөлөгч авдаг явдал их байдаг юм шиг. Тэд өмгөөлөгчтэйгээ уулзах юмсан гэсэн зүйлийг л хэлдэг. Улсын өмгөөлөгч хуваарилчихдаг, тэр нь үйлчлүүлэгчтэйгээ уулздаггүй, сэтгэл гаргадаггүй. Үүний улмаас хүний эрх маш их зөрчигддөг. Мөрдөн шалгах, гүйцэтгэх албаныхан тухайн хүнийг "чи өмгөөлөгчтэй учир хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлсэн" гэж хууль зүйн хувьд ямар ч асуудалгүй мэт харагдуулдаг ч үнэн хэрэгтээ ял наймаалцаж, хэрэг хүлээлгэдэг тогтолцоо хэвээр байсаар л. Хуулийн байгууллагынхантай уулзахад ял наймаалцдаг, эрүүдэн шүүдэг явдал байгаа гэж хэлсэн. Ялангуяа мөрдөгч, гүйцэтгэх албаныхан үүнд оролцдог гэнэ. Хорих 461 дүгээр ангид хяналтын камергүй нэг булан байдаг, түүнд хүмүүсийг аваачин гэмт хэрэгтнүүдээр зодуулдаг гэх. Ийм байдалд ямар арга хэмжээ авах вэ?

Б.Дэлгэрсайхан: Таны ярьж буй зүйл үнэн, өмнө нь практикт байдаг байсан зүйл. Өөрийгөө хамгаалах чадваргүй, өмгөөлөгч хөлслөх санхүүгийн боломжгүй хүмүүст улсын өмгөөлөгч туслалцаа үзүүлдэг. Гэхдээ тэдний ажлын ачаалал маш их, мөн хөрөнгө мөнгөтэй холбоотой хүндрэл учирдаг. Ядаж л "Ганц худаг"-ийн хорих байр луу очих зардалгүй байдаг. Тиймээс улсын өмгөөлөгчийн цалинг шүүгч, прокурорынхтой адил хэмжээнд болгохоор хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн ял наймаалцдаг явдал нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийг оролцуулдаггүйгээс үүдэлтэй. Түүнээс биш өмгөөлөгч ял наймаалцаж буйг нь мэдсэн хэрнээ хамтран оролцож байгаа зүйл үгүй. Тиймээс хэрэг нээхээс нь эхлээд анхан шатнаас нь өмгөөллийн үйл ажиллагааг хийдэг болбол хүний эрхийг зөрчихгүй байх нөхцөл бүрдэнэ. 

 

Б.Баасандорж: Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүдэн шүүдэг явдал байхгүй

 

Б.Баасандорж (ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга): Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хууль зүйн туслалцааны төв нь 72 албан хаагчтайгаар нийслэлийн найман дүүрэг, 21 аймаг, хоёр сум буюу нийт 31 салбараар дамжуулан хууль зүйн туслалцааны үйл ажиллагаа үзүүлж байна. 2014-2020 онд 62 502 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, эрүүгийн 17 506 хэргийн 19 042 холбогдогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн. Цагдан хорих 461 дүгээр ангид эрүүдэн шүүдэг явдал байхгүй. Тус анги нь Хүний эрхийн үндэсний комисс, прокурор, хяналтын камерын хяналтад байдаг.

Ц.Сандаг-Очир: Хууль зүйн туслалцааны төвийн салбарууд орон нутагт бий. Улсын өмгөөлөгч нь хэдэн төгрөгийн цалин авахаас өөрөөр ямар ч дэмжлэггүй. Өөрийн гэсэн өрөө, тасалгаагүй. Тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газрын барилгын нэг хэсэг гэх мэтчилэн ажиллах газраа олоод ажилладаг, тийм ээ. Түрээсийнх нь өртгийг тухайн орон нутгаас хариуцдаг юм шиг байгаа юм. Цалин нь боломжийн биш учраас нэг бол тэтгэвэрт гарсан, эсвэл дөнгөж сургууль төгссөн туршлагагүй хүмүүс л орон нутагт улсын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа харагддаг. Тэгэхээр энэ хуулийн төсөлд улсын өмгөөлөгчийн цалинг нэмэгдүүлэхээр тусгасан уу?

Б.Баасандорж: Өнөөдрийн байдлаар 72 хүн улсын өмгөөлөгчөөр ажиллаж байна. Дунджаар 840 мянган төгрөгийн цалин авдаг. Хуулийн төсөлд улсын өмгөөлөгчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх чиглэлээр хэд хэдэн зохицуулалт тусгасан. Жишээ нь, аймгийн төвд тасралтгүй ажиллаж байгаа улсын өмгөөлөгчид зургаа, суманд тасралтгүй ажиллаж байгаад нь 12 сарынх нь үндсэн цалинтай тэмцэх хэмжээний мөнгөн урамшууллыг таван жил тутамд олгоё гэсэн заалт оруулсан. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр ямар үүрэг хүлээхийг нь тодорхой зохицууллаа гэв.       

Сэтгэгдэл