АН: Бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангахыг УИХ-ын даргаас шаардаж байна
2022-01-10

     УИХ дахь АН-ын бүлгийнхэн хагаралдаж, хоёр хуваагдсан тул тэд бүлгийн хуралдаанаа хийж чадахгүйд хүрсэн. Тодруулбал, 11 гишүүнтэй тус бүлгийн дарга Д.Ганбат, гишүүн Б.Пүрэвдорж нар нэг талд, нөгөө талд нь гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан, Н.Ганибал, Н.Алтанхуяг, А.Адъяасүрэн, С.Ганбаатар, Ш.Адъшаа, Б.Бейсен, Ж.Батсуурь, С.Одонтуяа нар нэгдэж буй гэх мэдээлэл байна. Өнөөдрийн бүлгийн хуралд Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар оролцсон бол бусад нь хурлын танхимд  очилгүй тусдаа хэвлэлийн бага хурал зарласан юм. 

     
 
     Талуудын төлөөлөл эсрэг тэсрэг байр суурь илэрхийлж мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Манай бүлэг хуралдаж, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонссон. Манай улс дахь коронавирусийн халдварын тохиолдол сүүлийн үед багасаж байсан бол саяхнаас огцом өсөв. Тиймээс Засгийн газар яаралтай хариу арга хэмжээ авах ёстойг анхаарууллаа. Түүнчлэн Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийг сайжруулах чиглэлд ажилламаар байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос оны өмнөхөн уг хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг нэр төдий явуулсан. Ирц нь ч хүрээгүй, хүсэлтээ өгсөн зарим иргэнийг оролцуулаагүй. Манай бүлгийн өнөөдрийн хуралд Б.Пүрэвдорж гишүүн миний бие хоёр оролцсон. Бүлгийн зарим гишүүн хуралдаа суухгүй, Төрийн ордны энд тэндүүр яваа харагдана лээ" гэв. 
 
 
                                                                          Бид дараагийн удаа Цэцэд хандана гэв 
 
     АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл мэдээлэл хийхдээ УИХ-ын даргад шаардлага хүргүүлж буйгаа хэлсэн. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүхийн тогтоолыг олон нийтэд мэдээлсэн. Тус тогтоолд зааснаар АН-ын маргаантай асуудал шийдэгдсэн. АН-ын онц их хурлыг зохион байгуулсан ажлын хэсгийг Үндэсний бодлогын хороо, УДШ хууль ёсны  болохыг тогтоосон. Намын үйл ажиллагаа шийдэгдчихлээ. Харин УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаанд  тодорхой саад учирсан хэвээр. Бид өнгөрсөн оны аравдугаар сард Д.Ганбатыг бүлгийн даргаас олонхын саналаар огцруулж, УИХ-ын даргад бичгээр мэдэгдсэн. Энэ асуудлаар УИХ-ын даргад хүсэлт, шаардлага тавьсан ч хүлээж аваагүй. Тиймээс АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах бололцоог хангахын тулд Г.Занданшатар даргад дахин шаардлага хүргүүлнэ. Дараагийн удаа Үндсэн хуулийн Цэцэд хандана. Бид Д.Ганбат даргын ганцаараа оролцож буй хэвлэлийн хуралд очихгүй байгаа. Цаашид бид хурлаа хийгээд, мэдээллээ өгөөд явна. Тиймээс УИХ-ын даргаас бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангахыг хүсэж байна" гэв.    
                                                    "Үндсэн хуулийг самруулах ажлыг эрх баригчид хийж эхэллээ" 
 
     АН-ын бүлгийн дарга Д.Ганбаттай хамт АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Ардчилсан Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ойн өдөр удахгүй тохионо. 30 жилийн ойг тэмдэглэх түүхэн цаг үед Үндсэн хуулийнхаа амин сүнсийг хулгайлах ажил хийж байна. Манай намынх мөн, эсэх нь мэдэгдэхгүй хоёр гишүүн "давхар дээл"-ний асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан юм билээ. Гэтэл үүнийх нь дагуу Цэц маргаан үүсгэчихсэн байна. Эрх баригчид хоёрхон жилийн өмнө Үндсэн хуульд гайхалтай нэмэлт, өөрчлөлт орууллаа гэж сүр дуулиан болгож байв. Харамсалтай нь, тэр нь болохоо байжээ. УИХ-ын дөрвөн гишүүнийг сайдаар ажиллуулж байгаа нь хангалтгүй санагдсан тул "давхар дээл"-тэй гишүүдийн тоог нэмэхийн тулд Үндсэн хуулийг Цэцээр самруулах ажлыг эрх баригчид хийж эхэллээ. Үүнд нь зарим гишүүн тэдний "гар хөл" болж оролцож байна" хэмээв. Мөн тэрбээр "Үндсэн хуулийн цэц энэ сарын 14-нд хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь "Эцэг хууль"-ийг зөрчсөн гэсэн дэлхийн түүхэнд шившиг болохоор шийдвэр гаргах нь" гэдгийг онцоллоо.  Түүнчлэн Төрийн бус байгууллагын тухай хуулийн амин сүнс нь болох эрх баригчдыг хянадаг, дур зоргоороо авирлахыг нь хязгаарладаг, үйл ажиллагааг нь шүүмжилдэг иргэний нийгмийн байгууллагынхныг "амьгүй" болгох гэж байгааг ч Ч.Өнөрбаяр тодотгов.     
Сэтгэгдэл