Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.04.14/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
"Ардчилсан намын бүлэг нь дөрвөн асуудалд төвлөрч ажиллахаар шийдлээ. Тухайлбал, эдийн засгийн эрх чөлөө чухал асуудал болж хувирсан. Эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, төрийн өмчийн орон зай асар их тэлж байна. Төр болон төрийн өмчит компани, төрөөс тусгай зөвшөөрөл авдаг бизнесийг нэмбэл эдийн засгийн 90 хувьд хүрсэн, үлдсэн 10 хувь дээр нь 200 мянган ААН ажилладаг нөхцөл байдал нүүрлэсэн. Ийм учраас иргэний бизнесийн эрх чөлөө гэдэг ойлголт дээр илүү төвлөрч бодлогын баримт бичиг дээр ажиллана. Эдийн засгийн эрх чөлөөний хувьд Монгол улсыг Эдийн засгийн хагас эрх чөлөөтэй гэх ангилалд оруулсан мэргэжлийн байгууллагын судалгааны дүгнэлт гарсан байна. Бид бүхэн энэ хүрээнд тодорхой асуудлаар хуулийн төсөл боловсруулж ирэх чуулгануудад ажиллах болно" гэв.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин:
"1992 оны Үндсэн хуулийн гол үзэл санаа эрх мэдлийн хуваарилалтын зарчим байсан. УИХ төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг дангаар хэрэгжүүлнэ гэх заалттай. Улсын гадаад дотоод бүхий л асуудлаар шийдвэр гаргах эрх мэдэл хадгалагдаж байгаа. УИХ бол Үндсэн хуулийн байгууллаараа гол шийдвэр гаргах ноён нуруу болох ёстой. Харамсалтай нь, өнгөрсөн жилүүдэд харагдахгүй боловч хэлбэрийн том ухралт хийсэн. Парламентын чуулган буюу УИХ- ын хойморт гүйцэтгэх засаглалын тэргүүн нь гараад суучихдаг.
УИХ -ын чуулганы үеэр Ерөнхий сайдаас асуулт асуухад хуралдаан даргалагчаасаа асуулт асууж байгаа юм шиг дүр төрх харагддаг. УИХ-ынхаа толгой дээр нь Ерөнхий сайд гарч суудаг нэг ч парламент дэлхийд алга. УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайд нь парламентынхаа толгой дээр нь гараад суучихсан байгааг зогсоож, 126 гишүүнийхээ дунд суух ёстой гэх хуулийн төсөл өргөн барих гэж байна.
Хоёрдугаарт, УИХ -ын дэгийн тухай хуульд Ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдэг зохицуулалт байна. Ерөнхий сайд энэ мэдээллийнхээ цагаар ямар мэдээлэл өгөхөө өөрөө сонгож, УИХ-д өгдөг. Энэ нь Засгийн газар ажлаа УИХ-ын өмнө хариуцна гэдэг Үндсэн хуулийн заалтыг эвдэж байгаа. Тийм учраас Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг гэж өөрчлөөд, Ерөнхий сайд өөрөө ирж тайлбар мэдээлэл өгдөг, хариуцсан сайдаа дагуулж орж ирдэг зарчимд шилжихгүй бол Парламент бүрэн хяналт тавьж чадахгүй эсргэгээрээ "УИХ бол Засгийн газрын хуулийн хэлтэс боллоо" гэдэг бодит шүүүмжлэл яваад байна. Иймээс дэгийн хуулинд өөрчлөлт оруулж Засгийн газар УИХ-ын өмнө ажлаа тайлагнадаг Үндсэн хуулийн зарчим хэрэгжих ёстой юм.
Гуравт, УИХ -ын гишүүдээс бусад этгээд буюу УИХ -ын нэгдсэн чуулган дээр үг хэлж, мэдээлэл өгч байгаа албан тушаалтнууд хариуцлагатай байх тогтолцоог оруулж ирэхгүй бол УИХ дээр илт худал ярьдаг байдал газар авлаа. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж дээр УИХ- ын гишүүн чуулган дээр бусдыг гүтгэж доромжилсноос бусдаар хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. УИХ-ын гишүүнээс бусад албан тушаалтан УИХ-ын чуулган дээр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Гэтэл одоо 126 гишүүнээс гадна төрийн бүх албан тушаалтнууд УИХ дээр ирж хариуцлагагүйгээр худал хэлэх хэмжээний тогтолцоо бий болсон байна. Энийг зогсоохын тулд УИХ -ын чуулганд мэдээлэл өгч байгаа албан тушаалтныг худал мэдээлэл өгөхөөс хамгаалсан хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байна. Иргэдийнхээ худал мэдээллийг шийтгэдэг мөртлөө эрх мэдэлтнүүд нь худал ярихаараа огт хариуцлага хүлээдэггүй байж болохгүй. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ -ын чуулган дээр худал мэдээлэл өгсөн албан тушаалтан нийтийн албанд ажиллах эрхгүй болдог зохицуулалт хийхээс аргагүй байна.
Ийм гурван асуудлаар хууль тогтоомжийг боловсронгуй болгохоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуулийн төслүүд бэлдэж өргөн барихаар боллоо" гэлээ.