“Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаалаа
2025-04-11

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.11) нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад гишүүдийн 53.2 хувийн ирцтэйгээр эхэлж, “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын чуулганы Пүрэв гарагийн (2025.04.10) нэгдсэн хуралдаанаар “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлж, хууль санаачлагчийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Иймд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдгийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уншиж танилцуулаад, нийт гишүүний олонх буюу Улсын Их Хурлын 64 гишүүн дэмжсэн тохиолдолд хууль эцэслэн батлагдана гэдгийг дурдав. Ингээд “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 53 гишүүн дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Энэ хуулийн 44.2-т зааснаар хуулийн төслийг эцэслэн батлах саналыг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжээгүй бол түүнийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Сэтгэгдэл