Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа. Тус Байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй байна. Иймд Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасан байна. Энэхүү горимын саналыг Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн санал, дүгнэлтэд дурдав.
Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Б.Уянга нар асуулт асууж, төсөл санаачлагч болон Хууль зүйн байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авлаа. Өмгөөллийн тухай хуулийг боловсронгуй болгох шаардлагын талаар С.Эрдэнэболд гишүүн дурдаад, өмгөөлөгчийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ, шаардлагын талаар судалсан эсэхийг тодруулав. Өмгөөллийн тухай хуулийг өөрчлөх асуудал олонтаа хөндөгддөг гэдгийг Г.Уянгахишиг гишүүн хэлээд өмгөөлөгчийн давхар ажил эрхлэлтийн асуудал, шүүх хуралд прокурортой эн тэнцүү оролцох эрх зүйн орчин хангагдсан эсэхийг зайлшгүй эргэн харж, боловсронгуй болгох шаардлага бий, үргэлжлүүлэн ажиллана гэлээ. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 81.6 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг Улсын Их Хурлын 71 гишүүн дэмжин баталлаа.