Томилгоонууд хууль зөрчсөн үү?
2025-04-10

Монгол Улсын  Их Хурлаар сүүлийн сүүлийн 7 хоногийн хугацаанд хоёр томилгоо хийгдсэн нь АТГ-ын дарга З.Дашдаваа, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарын томилгоо юм. Тэгвэл эдгээр томилгоо нь хууль зөрчсөн үү?

Нэг: УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэх нэг хэлбэр нь “Хяналтын сонсгол” юм. Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30.1 дэх хэсэгт Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг сонгохдоо УИХ-аас “нэр дэвшигчийн сонсгол” олон нийтэд зарлаж, төр, хувь хүн, хуулийн этгээдийн нууцаас бусад асуудлаар нээлттэй хэлбэрээр зохион байгуулахыг Улсын Их Хурал, холбогдох байнгын хороонд үүрэг болгосон байдаг. Гэтэл Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга З.Дашдавааг улираан томилохдоо хуульд заасан нэр дэвшигчийн хяналтын сонсгол зохион байгуулсангүй.

Хоёр:  Төрийн албаны тухай хуульд "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагчийн насны дээд хязгаар 65 байна гэж" заасан байдаг бол Прокурорын тухай хуулийн 60.3 дахь хэсэгт “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байна” хэмээн заасан байна. Гэтэл Улсын Ерөнхий прокуророор улираан томилогдоод буй Б.Жаргалсайхан нь 1964 онд төрсөн 61 настай байна.

Ийнхүү 126 гишүүнтэй шинэ парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй хэд хэдэн тохиолдол ийнхүү гараад байна. Хууль тогтоох үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилтийг хангах, шийдвэр гаргахад хууль мөрдөж, дэг сахиулах үүргийг УИХ-ын дарга хүлээдэг. Хуулийг биелүүлэх, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах нь төрийн эрх барих хийгээд бүх шатны байгууллагын хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх үүрэг болно. 

УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн байж болзошгүй байгаа нь парламентын институтийн легитм шинжийг бууруулах, институтийн бие даасан байдлыг алдагдуулах эрсдэлтэй. 

UIH.mn

 

Сэтгэгдэл