УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.09/ хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара болон Х.Баттулга нарт Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.Хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Баттулгын цалинг зургаан сарын хугацаатай 20 хувь хасах шийтгэл ногдууллаа. Харин УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн зөрчлийг хэлэлцэхээс татгалзав.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь олон нийтийн цахим сүлжээнд байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан гэж үзэж Монгол Улсын Үндсэн хууль, “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн дагуу холбогдох арга хэмжээ авч эгүүлэн татахыг хүссэн шаардлага ирснийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн 10.5-д шалгалтын явцад УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчлийн шинж байдал нь ёс зүйн хариуцлага тооцохооргүй бол шалгалтын дүнг үндэслэн байнгын хорооны дарга тухайн гишүүнийг дуудан уулзаж, зөвлөгөө өгнө гэж заасан. Дүрмийн дагуу М.Нарантуяа-Нара гишүүнд ёс зүйн харилцаагаа анхаарах талаар зөвлөгөө өгсөн.
Түүний дараа УИХ-ын гишүүн Х.Баттулгад Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Ирцийн мэдээг авч үзэхэд УИХ-ын 2024 оны анхдугаар, ээлжит бус, намрын ээлжит чуулган 162:49:00 цаг хуралдсан байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга хамгийн олон буюу 67:20:00 цаг хуралдаандаа оролцоогүй байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 10.7.3-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг тухайн жилд хуралдааны /цахим/ ирцэд бүртгүүлсэн дүнгээр хоцорсон буюу тасалсан цаг нь ажлын 5 өдрийн цагаас дээш гарсан бол ” Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанд оруулна гэж заасны дагуу “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.4.1 дэх заалтад үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгатай биечлэн уулзаж, тайлбар авсан байна.
УИХ-ын гишүүн Х.Баттулгад Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтыг баримтлан “албан тушаалтны цалингийн хэмжээг 6 сар хүртэл 20 хувиар бууруулах" тогтоолын төслийг байнгын хорооны хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталлаа.
UIH.mn