Холбоо болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ
2022-01-10

     УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Холбоо болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Иргэний нийгмийн орон зайг хумих, төрийн бус байгууллага гэсэн нэршлийг үгүй болгож, зөвхөн холбоо, сангийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлэх зохицуулалттай, муу боловсруулсан хуулийн төсөл гэж үүнийг УИХ-ын зарим гишүүн үзсэн тул намын бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрэхээр болсон. 

    Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр "УИХ-ын чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэний дараа ажлын хэсэг байгуулна. Төрийн бус байгууллагууд, сангууд, олон талын төлөөллийг хамруулсан хэлэлцүүлэг хийж, үзэл баримтлал, зохицуулалтыг нь сайжруулсны дараа буюу хаврын чуулганаар үүнийг хэлэлцэж, батлахаар боллоо" гэв. 

        УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ оролцож, хоёр хөрш улсын өнөөгийн байдал болон Казакстанд үүсээд буй нөхцөл, тэнд байгаа манай улсын иргэд  аюулгүй байгаа, эсэх талаар танилцуулсан байна. Казакстан дахь манай улсын Элчин сайдын яамнаас монгол иргэдээ сайтар анхаарч ажиллах шаардлагатайг энэ үеэр хөндсөн аж. Түүнчлэн улсын дотоод нөхцөл байдал, тухайлбал, үнийн өсөлт, түүнтэй уялдаатайгаар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх чиглэлд Засгийн газраас судалгаа хийж байгааг танилцуулжээ. Улсын хилийг хаасантай холбоотойгоор бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлж, тодорхой хилийн боомтод онцгой арга хэмжээ авах талаар бүлгийн гишүүд ярилцсан байна.

Сэтгэгдэл