V-Dem буюу Varieties of Democracy нь дэлхийн улс орнуудын ардчиллын түвшинг нарийвчлан хэмжиж, ардчиллын индекс гаргадаг олон улсын судалгааны томоохон төсөл юм. Шведийн Гётеборгийн их сургууль болон АНУ-ын Нотр Дамын их сургуулийн судлаачдын хамтын ажиллагааны хүрээнд 2014 оноос хойш хэрэгжиж буй уг төсөл нь 190 гаруй орны ардчиллын хөгжлийг олон үзүүлэлтээр тодорхойлдог.
Тухайлбал судалгааны хүрээнд улс орнуудын засаглал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, иргэний нийгэм, хяналт, тэнцвэрийн тогтолцоог нарийвчлан шинжилдэг бөгөөд олон улсын эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор судалгааны өгөгдлийг тогтмол шинэчилж жил бүр тайлан гаргадаг юм. V-Dem-ийн судалгаа, үзүүлэлтүүдийг олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, бодлого боловсруулагчид, судлаачид ардчиллын чиг хандлагыг үнэлж, бодлого боловсруулахад ашигладаг.
Уг байгууллагын “DEMOCRACY REPORT 2025” тайланд дурдсанаар 2024 оны байдлаар 45 орон автократ дэглэмд шилжиж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь Монгол улс юм. Түүнчлэн манай улсын хувьд “Сонгуулийн автократ” буюу “Electoral Autocracy” ангилалд багтсан бөгөөд V-Dem-ийн мэдээллээр энэ ангилалд орсон улсууд нь “Сонгуулийн ардчилал” буюу “electoral democracy”-ийн хамгийн анхдагч шаардлагыг хангахгүй болсон гэж дүгнэсэн юм.
Түүнчлэн уг тайланд хэрэв авторитарчлал ардчилсан улс оронд эхэлбэл, үүнийг зогсоох магадлал маш бага байдаг. Автократчлалын үйл явц өрнөсөн 45 улсаас 27 нь эхэндээ ардчилсан улс байсан бөгөөд эдгээрийн 18 нь одоо авторитар дэглэмтэй болсон. 1900-2019 оны хооронд ардчилсан улс оронд эхэлсэн бүх автократчлалын үйл явцыг судалсан нэгэн шинжилгээгээр, ийм шилжилтийн 80%-д нь ардчилал нуран унасан зэрэг судалгааны үр дүнгүүдийг бичжээ.
Тэгвэл өнөөдрийн /2025.03.28/ УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 14-р зүйлийн дагуу Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцуулсны дараагаар гишүүд үг хэлж, асуулт асуусан юм. Үүнээс “Ардчиллын индекс” холбоотой асуултыг онцолж байна.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очирын байр суурь: "Шведийн Гётеборгийн их сургуулийн Varieties of Democracy (V-Dem) хүрээлэнгээс гаргадаг дэлхийн бүх улс орнуудын ардчиллыг хэмждэг сэтгүүлд Монгол улс 2021 оноос хойш ухраад байна. Энэ тайланг та бүхэн үзнэ биз. Энэ тайланд “дэлхий дээр байгаа улс орнуудаас 2 улс орныг бид нар ардчиллаас алдаа гэж бичсэн байгаа.” Нэг нь Энэтхэгийг хэлсэн байна, нэг нь Монголыг хэлсэн байна. Бид Парламентын сонгуультай мөртөө автократ дэглэмтэй гэсэн ийм ангилал руу ороод байна.
Бидний 1990 оноос хойш олж авсан хамгийн чухал үнэт зүйлсийн нэг бол ардчилал гэж би ойлгодог. Үүнийг Монголын бүх ард түмэн мэдэж, зөвшөөрч байгаа гэж бодож байна. Гэтэл олон улсын судалгааны хүрээлэнгээс гаргасан тайлан дээр бид нар автократ гэсэн ангилал руу орсон байгаа.
Монголыг магадгүй 2025 оноос ардчилсан биш автократ улс гэх гээд байна. Энэ бол 1990 оноос хойш олж авсан хамгийн чухал үнэт зүйлээ хамгаалах асуудал юм. Энэ дээр тусгайлан ажлын хэсэг гаргаад ажиллаач ээ. Бид нар 2021 оноос хойш тодорхой ахиц дэвшил гаргасангүй.
“Ардчилсан Монгол улс”, “ардчилсан Монголчууд” гэдэг бол бидний "identity" буюу ижилслийн нэг чухал элемент юм. Тэгэхээр ямар ямар асуудлууд нь болохгүй болчхоод байгаа юм бэ? Үүнийгээ нарийвчлан судлаач ээ. Энэ 84 дүгээрт байгаа байраа яаж урагшлуулах юм, тусгай төлөвлөгөө бодлого гаргаж ажиллаач ээ, тэгэхгүй бол ингээд хойшлоод байх юм уу. Энэ хэвээрээ удаан байвал бид нар автократ гэж хэлээд сууж байх юм уу, Ардчилал гэдгээсээ ухрах гээд байгаа юм уу? үүнийг анхаарч үзээч ээ?" гэж асуулаа.
Дээрх асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Н.Учрал нар хариулт өглөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Манай хэд хэдэн индекс геополитикийн нөхцөл байдалтай холбоотой асуудал дагуулсан. Манай улсын хувьд сая ОХУ, Украйны нөхцөл байдал дээр түдгэлзсэн санал өгсөн. Тухайн цаг үед Энэтхэг ч тэр манайх ч тэр ийм байр суурьтай байх нь зүйтэй гэж үндэсний аюулгүй байдал, аюулгүй байдлын байнгын хороо болон бусад зүйлүүд дээр 3-4 удаа ярилцаж байсан. Монгол улсын гадаад бодлого бол олон тулгууртай энхийг эрхэмлэсэн ийм бодлого. Гэхдээ манай улсын газар зүйн байрлалын онцлог бас 2 том гүрнүүдийн дунд оршдог парламентын засаглалтай ийм улс.
Сүүлийн 2-3 жилд “аавыгаа сонгох уу, ээжийгээ сонгох уу” гэсэн ийм төвөгтэй нөхцөл байдал үүссэн. Монгол улс өөрийнхөөрөө бодлогоо тодорхойлж, парламентаараа ярилцаж явахгүй бол манай аюулгүй байдалтай холбоотой эрсдэлтэй асуудлууд гардаг. Мэдээж биднээс өөрсдөөс хамаарах зарим алдаа оноо гарсан. Тайлбарлагдаад урагшилсан ийм индексүүд ч байгаа. Тийм учраас ер нь энэ индексүүдийг цогц байдлаар ямар аргачлалаар үнэлэх үү, индексүүдийн талаарх ойлголтоо хэрхэн цэгцлэх үү гэдэг туйлын чухал зүйл юм. Нэлээдгүй хэмжээнд бид нар өөр дэлхийд амьдарч байна. Бид нар маш нухацтай, асуудалд олон талаас нь хандаж дүгнэлтээ нэг болгох шаардлага гэж үзэж байгаа.
ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Н. Учрал: Ардчиллын индекс, авлигын төсөөллийн индекс дээр манайх илүү урагшилъя гэвэл OECD (Эдийн засгийн хамтийн ажиллагаа, хөгжлийн байгууллага нь зах зээлийн эдийн засагтай, ардчилсан засаглал бүхий улс орнуудын олон улсын байгууллага юм. 1961 онд байгуулагдсан тус байгууллага нь дэлхийн улс орнуудын засаглал, авлига, боловсрол, татварын бодлого, тогтвортой хөгжил зэрэг олон чиглэлээр судалгаа хийж, бодлогын зөвлөмжүүд гаргадаг. Одоогоор 38 улс тус байгууллагын гишүүн бөгөөд Монгол Улс гишүүн бус ч, тодорхой салбаруудад хамтын ажиллагаа өрнүүлж байна)-ээс бидэнд 2 шаардлага тавьсан. Тэр бол нэгт төрийн өмчийн компанийн бие даасан засаглалын хуулийг гаргах. Хоёрт, олборлох салбарын ил тод байдлын хуулийг дэмж гэсэн. Энэ 2 хуулийг хаврын чуулганаар өргөн мэдүүлнэ. Ингэснээр индексэд эерэг нөлөө үзүүлнэ. Тэгэхээр энэ бол өөрчлөлтийг бий болгоно. Тиймээс энэ саналуудыг хүлээж авч байна гэлээ.
Тайланг доорх холбоосоор үзнэ үү: Ардчиллын индекс. https://www.v-dem.net/
UIH.mn
1. Авилгалын төсөөллийн индексийг иргэдийн төсөөллөөс буюу иргэдээс асууж гаргадаг.
2. Ардчиллын индекс (V-Demийнх гэж ойлголоо) чинь бас бие даасан суудлаач нарын гаргадаг индекс.
Дашрамд хэлэхэд энэ хоёр индекс OECD гэдэг байгууллагатай ямар ч холбоогүй. OECD гийн шаардлагуудыг хангачих юм бол ранк сайжрана гэж юм байхгүй (дам нөлөөтэй байж болох юм)
Энэ бол ард иргэдийр төөрөгдүүлэх мэх байна…