Ц.Мөнхцэцэг: ТББ-ын үйл ажиллагааг холбоо, сан гэж хязгаарлах нь учир дутагдалтай
2022-01-08

УИХ-ын чуулганы пүрэв гарагт болсон хуралдаанаар Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг шийдэхээр товлосон. Гишүүд тодорхой асуулт тавьж, хариулт авсны дараа төслийг дэмжих, эсэхээр санал хураалт явуулахаар төлөвлөсөн ч МАН-ын бүлгийн саналаар уг асуудлыг тав хоногийн хугацаагаар хойшлууллаа.   

            Засгийн газраас өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд өргөн мэдүүлсэн эдгээр төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр "Монгол Улсын хувьд Үндсэн хуульдаа тунхагласан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангаж, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх зорилгоор Төрийн бус байгууллагын тухай хуулийг 1997 онд батлан мөрдүүлсэн. Тус хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойших 24 жилийн хугацаанд нийгмийн өөрчлөлтийг дагаж төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ нэмэгдэж, зохион байгуулалтын хэлбэрт гарсан өөрчлөлтийн дагуу төрийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, иргэний хуультай нийцүүлэх зэрэг олон нөхцөл үүссэн. Мөн Ази, Номхон далайн бүсийн Мөнгө угаахтай тэмцэх байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу төрийн бус байгууллагын эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага бий болсон. Тиймээс уг хуулийн нэрийг өөрчлөн, Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болгон боловсрууллаа" гэв. 

            Хуулийн төсөлд дараах агуулгыг өөрчлөн тусгасан байна. Үүнд

  • холбооны эрх зүйн байдлыг Иргэний хуульд заасан, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрөлд нийцүүлэн тодорхойлж, иргэд эвлэлдэн нэгдэх эрхээ хуулийн этгээдийн эрхтэй болон эрхгүйгээр хэрэгжүүлэх боломжийг тодруулсан
  • эрх зүйн байдлыг нь тусгай хуулиар тогтоосон албан ёсны гишүүнчлэлтэй мэргэжлийн холбоод, нийтийн чиг үүрэг гүйцэтгэж буй нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн байгууллагаас ялгах бөгөөд эдгээр байгууллагад хамаарах хуулийн үйлчлэлийн хүрээг тодорхойлсон
  • холбооны зорилгын ач холбогдлыг чухалчлан, тавигдах шаардлагыг нь нарийвчлан зохицуулахаас гадна ашгийн төлөө бус хуулийн этгээдийн дотоод засаглалыг хэрэгжүүлэх нөхцөлийг тусгасан
  • холбооны санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад анхаарч, аж ахуйн болон нийтэд тустай үйл ажиллагааг төлбөртэй үзүүлэх орлогыг дүрэмдээ заасан зорилгодоо зарцуулах нөхцөл, журмыг нарийвчлан тодорхойлсон
  • онцлог бүхий холбоо болох мэргэжлийн холбоо, эдийн засгийн холбоог тодорхойлж, тавигдах шаардлага болон мэргэжлийн холбооноос төрийн байгууллагатай хамтран ажиллах давуу эрх эдлэх хэлбэрийг тусгасан
  • төрийн зарим чиг үүргийг холбоогоор гэрээлэн гүйцэтгэх нөхцөлийг үл ялгаварлах, нээлттэй, ил тод байх, хараат бус байдлыг хүндэтгэх, урьдчилсан магадлан итгэмжлэл үүсгэх замаар төрийн бус байгууллагуудын өрсөлдөх боломжийг хязгааргүй байх зэрэг нийтлэг зарчимд нийцүүлэн төр холбооны хамтран ажиллах харилцааг бизнесийн байгууллагаас ялгаатай байдлаар тогтоосон
  • холбооны хариуцлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа ил тод байх зарчмыг хэрэгжүүлэхэд анхаарч, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа болон нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж байгаа бол тухайн үйл ажиллагаатай холбоотой санхүү, татвар, үйл ажиллагааны тайлангаа холбогдох байгууллагад гаргахаар тусгасан 
  • нийтэд тустай үйл ажиллагааны төрөл, хэлбэрийг жагсаан тодорхойлж, эдгээр үйл ажиллагааг эрхэлж байгаа ашгийн төлөө бус  хуулийн этгээдийг уг үйл ажиллагаанд хандив өгсөн аж ахуйн нэгжийн татварыг тодорхой хязгаарлалтын хүрээнд татвараас хөнгөлөх, төрийн чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэх давуу байдлыг олгох, төрийн болон орон нутгийн өмчийг давуу байдлаар ашиглуулдаг байх эрх зүйн зохицуулалтыг тусгасан
  • төрөөс иргэний нийгмийн хөгжлийг дэмжих суурь тогтолцоог бүрдүүлэх зорилгоор иргэний нийгмийн суурь хөгжлийн асуудлаар төртэй харилцах, зөвшилцөх, холбон ажиллах чиг үүрэг бүхий Иргэний нийгмийг дэмжих зөвлөлийг байгуулах эрх зүйн үндсийг тогтоосон
  • нийтэд тустай үйл ажиллагаа болон ашгийн төлөө бус хуулийн этгээдийн үйл ажиллагааг дэмжих, иргэний нийгмийн нийтлэг хөгжил, чадавхыг бэхжүүлэх, сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэх чиг үүрэг бүхий Иргэний нийгмийг дэмжих санг байгуулан ажиллах бөгөөд тус сангийн санхүүгийн эх үүсвэрийг гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд, иргэний хандив, тусламж, банкны хүү, төрийн байгууллагаас үзүүлэх дэмжлэг, бусад эх үүсвэрээс бүрдэхээр тодорхойлсон  

            Энэхүү хуулийг баталснаар Иргэний хуулийн ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрлөөр буюу холбоо, сангийн хэлбэрээр ажиллах нөхцөл бүрдэж, эрх зүйн зохицуулалтад үүсээд буй зөрчил, хийдэл арилан, холбоо нь санхүүжилтийн тогтвортой эх үүсвэртэй болох боломж бий болж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахыг сайд Б.Жавхлан онцолсон юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан 143 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах аж.  

            Гишүүд төслийн талаар ажлын хэсгийнхэнд ямар асуулт тавьж, хариулт авсныг тоймлон хүргэе.    

Ё.Баатарбилэг: Мэргэжлийн, ашгийн төлөө бус гээд төрөл бүрийн холбоо бий. Улстөрчид, төрийн захиргааны албан хаагчид холбоог даргалдаг асуудлыг шийдэх ямар нэг зохицуулалтыг энэ төсөлд тусгасан уу. Спортын, урлагийн гэх мэт тодорхой мэргэжлийн холбоог улстөрчид даргалж, сүүлдээ улс төржүүлдэг тал бий. Манайд зарим салбарын мэргэжлийн холбоо нь тусгай шалгалт зохион байгуулдаг, тусгай зөвшөөрөл олгодог. Тухайлбал, Монголын хуульчдын, Авто замчдын холбооны үйл ажиллагаа энэ чиглэлээр нэлээд сайн жигдэрсэн. Харин зарим салбарт төрийн байгууллагад нь эрх мэдлийг хадгалсаар байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой ямар нэг зохицуулалт оруулсан уу. Гадаадаас санхүүждэг, жишээ нь, хүүхдийн, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг, мөн гадаадын байгууллагын салбар болж үйл ажиллагаагаа явуулдаг холбоодыг яаж зохицуулах вэ?

Б.Солонго (ХЗДХ-ийн дэд сайд): Бие даасан, хараат бус байдлыг нь хангах зорилгоор холбооны үйл ажиллагаанд хориглох зүйл, удирдлагад нь тавигдах шаардлагыг хуулийн төсөлд тусгасан. Энэ хуулийг хэрэгжүүлснээр  ашгийн төлөө бус холбоод улс төрийн нам, улс төрийн нөлөөллөөс ангид үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж харж байна. Төслийн 9.2-т холбооны удирдах, гүйцэтгэх түвшинд төрийн үйлчилгээнээс бусад албан тушаалтан ажиллахыг хориглоно гэж заасан. Мөн улс төрийн намын удирдлага, намын санхүүгийн албаны дарга гэх мэт адилтгах албан тушаалтан холбооны удирдлагад ажиллах хориотой болно. Мэргэжлийн холбооны үйл ажиллагааг тусгай хуулиар зохицуулж болно гэх заалтыг төсөлд тусгасан. УИХ-д өргөн барьсан Мэргэжлийн холбооны тухай хуулийн төсөлтэй үүнийг нэгтгэн хэлэлцэх боломжтой. Гадаадын төрийн бус байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг тусгай хуулиар зохицуулдаг. Холбооны санхүүжилт нь хууль ёсны эх үүсвэр, гадаадын улс, олон улсын байгууллага, иргэний хандив, тусламжаас бүрдэхээр заасан. Харин гадаадын тусгай албад, халхавч байгууллага, мөнгө угаах, террорист болон экстремист үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүнээс санхүүжилт авахыг хориглосон. Санхүүжилтээ тайлагнах зохицуулалтыг тусгасан бөгөөд ашгийн төлөө бус хуулийн этгээдүүд цаашид ил тод, нээлттэй байх боломж бүрдэнэ гэж харж байна. 

 

"Төрөөс дэмждэггүй тул иргэний нийгмийн байгууллагууд гадаадаас тусламж авдаг"

 

Б.Энх-Амгалан: Энэ хуулийн төслийг боловсруулахдаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, төрийн тогтвортой байдлын талаар бодож үзсэн үү. "Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмжийн дагуу..." гэж яриад байх юм. Мөнгө угаах, терроризмтай тэмцэх үүргийг төрийн бус байгууллага биш, Монголын төр хүлээх ёстой. Монголд 21 040 төрийн бус байгууллага байна. Үүнээс 406 нь л тайлангаа гаргаж байгаа. 8578 нь үйл ажиллагаа явуулдаг. 5437 нь огт үйл ажиллагаа явуулахгүй байна. 3340 нь үйл ажиллагаагаа зогсоосон. 63-ынх нь хаяг тодорхойгүй. Нийт төрийн бус байгууллагын 81 хувь нь нийгэмд үйлчилдэг бол 12 хувь нь гишүүддээ чиглэн ажилладаг. Санхүүжилтийнх нь схемийг үзвэл 3.9 хувь нь гишүүдийн татвар, 21.4 хувь нь дотоодын хандив, 67.7 хувь нь олон улсын байгууллагаас санхүүждэг байх нь. Гадаадаас санхүүжих боломжийг нь улам л нэмэх гээд байх юм. Өнгөт хувьсгал болдог юм шүү дээ, нөхдүүд ээ. Төрийн бус байгууллага нь сайн дураар байгуулагдаж, төр болон бизнесийн үйл ажиллагаа эрхлэхгүй байж, ашгийн төлөө бус ажиллах ёстой. Гэтэл яагаад хандив тусламж авч болно, татварын хөнгөлөлт үзүүлнэ гэх заалт оруулж байгаа юм бэ. Иргэний нийгмийг дэмжих зөвлөл байгуулна гээд биччихсэн байна. Төрийн дэргэд төр бий болгох нь уу?

П.Сайнзориг (ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга): Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.3-т зааснаар иргэний нийгмийг байгуулж, чөлөөт хэвлэлийг дэмжих нь үндэсний аюулгүй байдлын тулгуур зохицуулалт. Мөн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудын эрх зүйн орчныг бүрдүүлж, төр, иргэний хамтын ажиллагааны бүтээлч арга хэлбэрүүдийг хөгжүүлнэ гэж заасан байдаг. Төрийн гүйцэтгэх эрх мэдлийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр олон улсын болон гадаадын холбоо, түүний салбар, төлөөлөгчийн газраар гүйцэтгүүлэхийг хориглоно гэж төсөлд тусгасан. Санхүүжилтийн хувьд хориглосон эх үүсвэрээс бусад байдлаар авах боломжтой гэж үзсэн. Төрөөс иргэний нийгмийн байгууллагуудад дорвитой дэмжлэг үзүүлдэггүй тул гадаадын байгууллагаас тусламж авдаг. Тэгэхээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх замаар тухайн төрийн бус байгууллага орлогоо өөрсдийнхөө үйл ажиллагаандаа зарцуулах боломжийг нь бүрдүүлж өгч байгаа.

 

"Төр, төрийн бус байгууллагын ялгаа үгүй болох нь" 

 

Ц.Мөнх-Оргил: Хуулийн хэлэлцүүлэг эхнээсээ мордохын хазгай гэгч боллоо. Монголын нэг хэсэг нь төр, нөгөө хэсэг нь иргэний нийгэм. Иргэний нийгмийн гол хуулийн төслийг боловсруулах ажилд иргэний нийгмийнхэн "бид оролцоогүй, биднийг "сонсоогүй", эсэргүүцэж байна" гэж байна. Хууль батлахдаа иргэний нийгэм, төрийн бус байгууллагын бүх саналыг тусгах албагүй. Гэхдээ ядаж хамт хуралдаад, ийм саналыг нь тусгах боломжтой гэх мэтээр ярилцмаар байгаа юм. Төрийн бус байгууллагуудыг цэгцэлнэ гэж ярьж болохгүй. Тэд төрөөс дэмжлэг авахгүйгээр Үндсэн хуулиар олгосон эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлж, нийгмийн хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа. Төрийн бус байгууллагыг дэмжих тухай асуудал ярина уу гэхээс цэгцэлнэ гэвэл утгагүй хэрэг. Холбоодыг ангилж, төрийн дэргэд зөвлөл байгуулна гэвэл төр, төрийн бус байгууллагын ялгаа үгүй болох нь.

Г.Занданшатар: Төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийнхний саналыг авч, няхуур хандахгүй бол энэ их эмзэг асуудал. Төрийн бус байгууллага нэрээр аж ахуйн үйл ажиллагаа явуулж, мөнгө угааж байгааг л хориглохгүй бол мэргэжлийн холбоо, улс төр, иргэний нийгмийг нэг саванд багтаана гэвэл их л зөрчилтэй асуудал үүснэ.

Н.Алтанхуяг: Non-government organization гэдэг ойлголтыг яаж хөрвүүлж байна вэ. Нэр томьёонуудаа цэгцлэх хэрэгтэй. Холбоо гэдэг бол нийлж байгаа зүйлийг хэлнэ. Холбоо нь ашиг олно гэх утгатай заалт их будилаан үүсгэнэ. Монголын залуучуудын холбооны зодоон шиг юм болно. Удирдах зөвлөлтэй байна гэдэг заалтыг бас эргэж хармаар байна. Мэргэжлийн холбоод нь олон хүнтэй байх нь байж таарах байх. Харин Алтанхуяг зүгээр нэг энгийн Ардчилал хөгжил гэдэг нэртэй төрийн бус байгууллага байгуулж ажиллах гэхээр заавал Удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралтай байна гэх үү. Ядаж байхад мөнгөгүй байгууллага тийм олон хүнээр яах юм бэ. Монголын, үндэсний, нэгдсэн гэсэн нэр томьёог ашиглаж болохгүй гэж зааж. Үүнийг хэн ашиглах вэ.

Ц.Мөнхцэцэг: Энэ хууль нь чөлөөт ардчилсан нийгмийн асар том орон зайг зохицуулдаг, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах эрх зүйн томоохон зохицуулалт. Тиймээс хуулийн төслийг боловсруулахдаа маш сайн судалгаа хийж, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авч, хамтран олон хэлэлцүүлэг хийх ёстой. Иргэний нийгмийн байгууллагуудаас бидний саналыг дутуу авсан, хэлэлцүүлгийг хангалттай хийгээгүй гэсэн санал ирүүлж байна. Төрийн бус байгууллагын өнгөрсөн 30 жилийн үйл ажиллагааг хоёрхон эрх зүйн субъект буюу холбоо болон сан гэж хязгаарлаж өгсөн нь маргаан үүсгэж байна. Төрийн бус байгууллагууд маш том орон зайд, хүмүүнлэгийн, энх тайвны, буяны, хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл дээрх байдлаар зохицуулах нь учир дутагдалтай байна. Хэрэв УИХ уг төслийг дэмжиж, хэлэлцэх бол үзэл баримтлалын хувьд нэлээд өөрчлөлт оруулах шаардлагатай. ХЗДХЯ-наас өргөн барьсан энэхүү төсөлд тусгаснаар иргэний нийгмийн орон зайг асар их хязгаарласан байна. Иргэний нийгмийн байгууллагуудын дотоод ажиллагаанд хэт их халдсан шинжтэй заалт ч тусгажээ гэв.     

  

 

Сэтгэгдэл