"УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн үнэлгээний журмын төсөл"-ийг МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанаар хэлэлцэж эхэлжээ. Тус үнэлгээний журмаар намын бүлэг нь дэмжихээр шийдвэрлэсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-аар эцэслэн батлахад гишүүн дэмжсэн санал өгсөн тохиолдолд +10 оноо, дэмжээгүй санал өгөхөд -10 оноо, албан ёсны чөлөө болон томилолтоос бусад шалтгаанаар оролцоогүй тохиолдолд -5 оноо өгөх зэргээр зохицуулалт хийжээ. Тус үнэлгээнд үндэслэн гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэх, эсхүл хариуцлага хүлээлгэх ажээ.
Намын бүлгийн дээрх журам нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байх зарчимд халдаж Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон гишүүний бүрэн эрхэд халдаж буй үйлдэл юм.
Тухайлбал МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ хуулийн 8.1.8 дахь хэсэгт УИХ-ын гишүүн нь“хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн дагуу асуулт асуух, байр сууриа илэрхийлэх, санал гаргах, санал хураалгах;” бүрэн эрхтэй хэмээн тодорхойлжээ. Гэтэл тус хэсэгт буй гишүүний санал хураалгах, байр сууриа илэрхийлэх эрхийг тус журмаар зөрчих эрсдэлтэй.
УИХ-ын гишүүн нь ард түмний элч болохын хувьд хууль тогтоох үйл ажиллагаан дахь олон ургалч үзлийн илэрхийлэл болж ард түмэн, сонгогчдын хүсэл зоригийг илэрхийлэх учиртай. Гэтэл гишүүний үзэл бодлоо илэрхийлэх, саналаа чөлөөтэй гаргах, өөрийн байр сууриа хамгаалах үйлдлийг намын бодлогоор хумьж буй нь ардчиллаас ухарсан, парламентын засаглалыг үндсэн зарчмаас гажуудсан үйлдэл болох юм. Тус үнэлгээний төслийг ирэх долоо хоногийн МАН-ын бүлгийн хуралдаанаар батлахаар төлөвлөөд байгаа ажээ.
UIH.mn